Д.Нямхүү: Бидний тооцоолж байгаагаар Франкфуртээс ирэх нислэг хүнд байх болно

Ц.Анударь / Эрүүл мэнд

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 2020 оны дөрөвдүгээр сарын 30-нд Монгол Улсад коронавирусын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Нийт 217 сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус ИЛРЭЭГҮЙ. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 21 ачаа тээврийн жолооч болон бусад 99 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өчигдөр эхний нислэгээр ирсэн хүмүүсээ авлаа. ХӨСҮТ-д таван хүнийг сэжигтэй тохиолдол хэмээн тусгаарласан. Эдгээр хүмүүсээс өнөөдөр эхний шинжилгээг авна. Аюул урд байна. Бид дахиад хоёр онгоцоор иргэдээ авна. Франкфуртээс ирэх нислэг бидний тооцоолж байгаагаар хүнд байх болно. Ирэх онгоцууд дээр онцгой анхаарлаа хандуулах болно. Иргэд дэг журамаа чанд биелүүлэх ёстой. Бие биедээ хатуу шаардлага тавьснаар алдах зүйл байхгүй. Та бусдад хатуу шаардлага тавьж, хянаж, шаардлага тавьснаар Монгол Улсыг аварна. Таны эрүүл мэнд таны гарт байгаа. Дотроосоо халдварын вирус алдчихаагүй байгаа учир маш их хичээх цаг мөч. Хэдий олон дахин зөвлөмж хүргүүлж байгаа боловч энэ бол уйдахын аргагүй зөвлөмж юм шүү” гэлээ.