Д.Нямхүү: ХӨСҮТ-д тусгаарлагдсан 6, тусгаарлах байранд байгаа 155 хүний давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавируст халдвараар дэлхий даяар 3.5 сая хүн халдвар авч, 2 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар 924 хүн ажиглалтад байгаа. Өчигдөр 115 хүн гэрийн ажиглалтад шилжсэн. Өнөө өглөө ирсэн Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоц газардсан. Тус онгоцоор ирсэн иргэдийг эмнэлэг, зочид буудал, сувилалуудад хуваарилах ажил үргэлжилж байна.

Өчигдөр ЭМЯ-ны удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж коронавирусийн халдвар гарсан үед шаардлагатай эм тариа, халдвар хамгааллын бодисын нөөцийг ДЭМБ-ын шинэчлэсэн удирдамжийн дагуу дахин гаргалаа. ДЭМБ эмчилгээ, оношилгоо,тусгаарлалт гэсэн зөвлөмжийг цаг бүрт нь шинэчилж байгаа юм.

119 дугаарт өнгөрсөн хоногт 180 дуудлага ирсний гадаадын гурван улсаас иргэд холбогдож, эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл ямар дэглэм барих талаар зөвлөгөө авсан. Мөн иргэдийн зүгээс гадуур хөл хөдөлгөөн ихсэж, үйлчилгээний газрууд 00.00 цаг хүртэл ажиллаж, иргэд амны хаалтгүй үйлчлүүлж байгаа талаар мэдээллүүд өглөө. Тиймээс иргэддээ тогтмол амны хаалтаа хийхийг зөвлөж байна" гэв.

ӨГЛӨӨ ТУСГАЙ НИСЛЭГЭЭР ИРСЭН ИРГЭДИЙГ АНГИЛАН, ЭРЭМБЛЭХ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Тавдугаар сарын 2-нд ХӨСҮТ болон бусад орон нутагт сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр гурван лабораторид нийтдээ 228 хүний шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Шинжилгээнүүдээ тодруулж танилцуулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 6, тусгаарлах байранд байгаа 155 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор 33 сорьцод шинжилгээ хийхэд мөн коронавирус илрээгүй. Дархан-Уул аймгийн салбар лабораторид Алтанбулаг боомтоор орж ирсэн 34 жолоочид шинжилгээ хийхэд, коронавирус илрээгүй. Ингээд тандалт судалгаа, шинжилгээ, эмчилгээ хийгдэж байна. Өглөө тусгай нислэгээр ирсэн иргэдийг ангилан, эрэмблэх ажил явагдаж байна.