СУРВАЛЖЛАГА: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа долоо хоног үргэлжилнэ

Aдмин / Нийгэм

НЗДТГ-аас Нийслэлийн иргэдийн хаврын махны хэрэгцээг хямд махаар хангах зорилгын хүрээнд хэрэгжүүлдэг нөөцийн махны худалдааг өргөтгөсөн хэлбэрээр 24 цэгт худалдаалах ажлыг өнгөрөгч амралтын өдрүүдэд эхлүүллээ.

2020 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 12.0 мянган тонн махыг бэлтгэсэн. Өргөтгөсөн худалдааны үеэр нийт 4500 тн махыг гадна талбайд зориулалтын хөргүүртэй автомашинаас борлуулж байна. Энэхүү худалдаа долоо хоног үргэлжилнэ.

image

Ингээд бид өргөтгөсөн худалдааны эхний өдөр нийслэлийн Баянзүрх дүүрэгт гарсан гурван байршлын худалдаанаас сурвалжлага бэлтгэлээ.

Өглөөний арван цагийн үед “Скай” их дэлгүүрийн өмнөх талбайд очиход худалдаа дөнгөж эхэлж байсан учраас хүн цөөн байв. Коронавируст халдварын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд хүмүүс хоорондын зайг заасан тэмдэгтүүдийг байрлуулсан, борлуулагчид халдвар хамгааллын зохих хувцас хэрэглэлийг өмсөж иргэдэд заавар зөвлөмжийг сануулж байлаа.

ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН ХУГАЦААНД ЯМАР НЭГЭН ХОМСДОЛ ҮҮСГЭХГҮЙГЭЭР ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨЛӨВЛӨӨТЭЙ БАЙНА

Тус байршилд үйл ажиллагаа явуулж буй “Цамхаг констракшн” ХХК-ийн нөөцийн мах хариуцсан менежер А.Чин-Азаас цөөн асуултанд хариулт авлаа.

-Нөөцийн махны өргөтгөсөн худалдаанд хичнээн хэмжээний мах худалдан борлуулах вэ?

-Манай компани энэ жил 300 гаруй тонн нийлүүлэх гэрээтэй. Үүнээс одоогийн байдлаар 200 орчим тонн махны үлдэгдэлтэй өргөтгөсөн худалдаанд оролцож байна. Ирэх долоо хоногийн хугацаанд ямар нэгэн хомсдол үүсгэхгүйгээр иргэдэд үйлчлэх төлөвлөөтэй байна.

-Мах үнэ хэд байх вэ. Хонь ямааны гэсэн сонголтоор л худалдаалж байгаа юу?

-Ханшын хувьд нийтэд мэдээлэгдсэний дагуу хонины мах 6500, ямааны махыг 6000 төгрөгөөр худалдаална. Мөн манай компани бага хэмжээний үхрийн махыг сонголтоор иргэдэд худалдаалж байна. Үнийн хувьд кг-ийг нь 7500 төгрөгөөр зарж байгаа. Иргэд ч дуртай байх шиг байна.

image

-Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг хэр мөрдүүлж байна вэ?

-НЗДТГ-аас өргөтгөсөн худалдаанд оролцогчдод заавар зөвлөмжийг мөрдүүлэх талаар нэгдсэн мэдээллийг өгсөн. Зөвлөмжийн дагуу маскгүй болон бага насны хүүхдэд үйлчлэхгүй, иргэд хоорондын зайг бариулах, худалдан авагчдын гарыг ариутгуулах зэргээр ажиллана.

МАХНЫ ӨНГӨ ҮЗЭМЖИЙН ХУВЬД ДАВГҮЙ САЙХАН БАЙНА

Үүний дараа 13 цагийн орчимд “Баатарууд тэнгэр” ,“Дархан меат фүүдс” ХХК-ийн Жуков, “Тэнгэр худалдааны төв”-д гарч байгаа хоёр цэгээр очлоо. Жуковын талбайд гарсан худалдаанаас иргэд шууд худалдан авалт хийх нь элбэг борлуулалт сайтай харагдсан. Нэг зүйлийг анзаарахад худалдааны хөргүүртэй тэрэг өглөө авчирсан мах дууссан учраас хоёр дахь татан авалтаа хийсэн гэсэн шалтгаанаар өглөө зогссон байсан байршлаа сольж зогссон байлаа. Энэ нь худалдаа эрхлэгчдэд тусгайлан ариутгасан байршлыг зааж өгөөгүй юу? эсвэл худалдаа эрхлэгчид заавар дагасангүй юу? гэх бодлыг төрүүллээ.

Харин “Тэнгэр худалдааны төв”-ийн өргөтгөсөн худалдааг дотор талбайд явуулж байлаа. Иргэдийн хэлж байгаагаар махны гадна харагдах өнгө, үзэмж сайн цэвэрхэн бэлтгэсэн мах байгааг онцолж байлаа.

Баянзүрх дүүргийн 17-р хорооны оршин суугч н.Нармандах: Мах сүүний анхдугаар аян гэдгийг сонсоод ирсэн. Мах үнэд ордог хаврын энэ үед иргэд бидний гол амин хэрэгцээ нөөцийн мах гэж боддог. Өнөөдөр л гэхэд Хүчит шонхор дээр шинэ мах 9800 төгрөг байна гэж сонссон. Би эндээс 6500 төгрөгөөр мах авлаа. Болж байна гэж үзэж байна. Махны өнгө үзэмжийн хувьд давгүй сайхан байна. Нэг гулууз мах дунджаар 20 гаран кг татаж байх шиг байна. Ах нь 21 кг-тай жижгэвтэр мах авлаа. Тоо хэмжээ заасангүй. Бололцооныхоо хэрээр авч болохоор байна гэж ойлголоо гэсэн юм.

image

Баянзүрх дүүргийн иргэн н.Цэцгээ: Эгч нь нөөцийн мах урьд нь хэрэглэж үзээгүй. Харин энэ өвөл хорио цээрээс болж мах жаахан үнэд орсон болохоор ууттай жижиглэснээс нь нэг удаа авсан. Тэр нь жаахан мах ясны харьцаа нь мэдэгдэхгүй тиймхэн байсан болохоор одоо эндээс гулуузаар авч үзье гээд хараад зогсож байна. Гаднаас нь харахад боломжийн харагдаад байна. Тэгээд үйлдвэрийн орчинд янзалсан, сав баглаа боодолтой, үнэ ч гайгүй юм уу гээд сонирхож үзэх гээд л зогсож байна гэж бидэнтэй сэтгэгдэл хуваалцлаа. Махны өргөтгөсөн худалдаа хөл хорионы хорио цээртэй үеэр зохиогдож байгаа учраас эрүүл ахуйн дэглэмийн хүрээнд зохиогдож буй. Гэвч бага зэргийн төвлөрөл үүсэх төдийд иргэд эгнээ дугаар дайрах, хоорондын зайг мөрдөхгүй болох, махаа шилэхээр олноороо бөөгнөрөх байдал ажиглагдаж байлаа. Тиймээс иргэд худалдаа эрхлэгчдээс тавьсан шаардлагыг биелүүлж өөрийгөө эрсдэлээс хамгаалах, бусдын ажилд хүндэтгэлтэй хандаж үйлчлүүлэхийг уриалж байна.

Н.Баярмаа


Сэтгэгдэл

Улаан сайдад [192.82.77.187] 2020-05-04 02:42:43

Хүчит шонхор үхрийн мах 15 000 төгрөг байна !!!!!!!!!?!!!!!!!????????!!!!!??!

zochin [122.201.23.84] 2020-05-04 02:39:13

Энэ жилийн нөөцийн махыг их сайн бэлдсэн байна гэж бодож байна. Хонины мах гулуузаар нь авахад 21 кг байсан бөгөөд гадуур нь битүү хүнсний скочоор ороосон, цэвэрхэн байлаа. Гэртээ ирээд чанаж үзэхэд маш сайхан зөөлхөн, амттай байв. Энэ жилийн нөөцийн мах бэлтгэсэн компанид баярлалаа. Маш сэтгэлтэй, ариун цэврийн шаардлага хангасан байна лээ. Урд нь бол хатсан, амтгүй, бохир байдаг байсан шүү днн

ЗОЧИН [183.177.97.14] 2020-05-04 01:32:58

миний сүлжээгээр нийлүүлж байгаа нөөцийн мах хаанаас вэ. их муу бүр хэтчихсан, дан хальс, бохир харагдаж байсан. 4/3-ны өдөр 16 цагийн орчимд

Ииттт [202.126.89.61] 2020-05-04 00:34:15

Үхрийн мах нь хаа сайгүй бхгүй бна ш дээ. Энэ талаар сурвалжлаач. Аль даргын гараар ороод алга боловооо. Яваад үздээ. Хонь ямаа аа. Ард түмнийг ингэж доромжлох юм ууу


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.