АНУ коронавирусын вакциныг оны эцэс гэхэд гарган авна гэж үзэж байна

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын мэргэжилтнүүд энэ оны эцэс гэхэд шинэ коронавирусын вакциныг гарган авах байх гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп “Fox News” телевизээр мэдэгджээ.

“Он дуусахаас өмнө бид коронавирусний вакцинтай болно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Бид үүн дээр идэвхтэй ажиллаж байгаа” гэж тэрбээр хэлсэн байна.

Вакцин гарган авахад АНУ-ын мэргэжилтнүүд Их Британи, Австрали улсуудтай хамтран ажиллаж байгаа гэдгийг Цагаан ордны тэргүүн дурдсан байна. “Бидэнд вакцин хэрэгтэй. Хэн ч бүтээсэн бай би түүний хамгийн том шүтэн бишрэгч болох болно. Манай улсад вакцин шаардлагатай байна” гэж тэрбээр цохон хэлжээ.

Коронавирусын вакциныг 2021 оны нэгдүгээр сар гэхэд гарган авна гэж АНУ-ын засаг захиргаа тооцоолж байна гэж тус улсын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захирал Энтони Фаучи бямба гарагт мэдэгджээ. Америкийн эрх баригчид үүнд баталгаа өгч чадахгүй гэдгийг тэрбээр цохон тэмдэглэсэн байна.

Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, АНУ-д 1.13 сая гаруй хүн халдвар авч, 66500 гаруй хүн нас баржээ.

Эх сурвалж: Монцамэ