Д.Нямхүү: Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтод коронавирусын сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдсэн

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ОДООГООР НИЙТ 1,042 ХҮН АЖИГЛАЛТАД БАЙГАА БӨГӨӨД ӨЧИГДӨР 12 ХҮН АЖИГЛАЛТААС ГАРЧ, ГЭРИЙН АЖИГЛАЛТАД ШИЛЖСЭН

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Манай улсад COVID-19 халдварын гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 41 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 13 нь эдгэрч, эмнэлгээс гарсан бол ХӨСҮТ-д 28 хүн эмчлүүлж байна.Сүүлийн 24 цагийн дотор манай улсад нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Үүнд тандалт судалгааг хийж байна.

Одоогоор нийт 1,042 хүн ажиглалтад байгаа бөгөөд өчигдөр 12 хүн ажиглалтаас гарч, гэрийн ажиглалтад шилжсэн. Ажиглалтын байранд нийт 135 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, холбогдох байгууллагын ажилчид тусламж үйлчилгээ үзүүлж байгаа.

Мөн Төмөр замын эмнэлгийн 10 их эмч, 3,777 зорчигчоос асуумж судалгаа авч, тандалт судалгаа хийжээ. Өчигдөр 119 дугаарын утсанд нийт 139 дуудлага ирсэн байна. Гадаадад байгаа монголчуудаас, Турк улсаас хоёр, БНСУ-аас нэг, АНУ-аас нэг үхн холбогдож зөвлөгөө авсан байна.

Бид 119 дугаарын утсаа бид гадаадад байгаа монголчууддаа зориулан шуурхай 119 гэсэн аппликэйшнийг өчигдрөөс хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ.Энэхүү аппликэйшнээр манай иргэд дэлхийн аль ч өнцөг булангаас үнэ төлбөргүй холбогдож, зөвлөгөө авах боломжтой.Өндөр нууцлалын зэрэгтэй учраас гадаадад байгаа иргэд маань нарийн мэргэжлийн эмч нараас үүгээр дамжуулж зөвлөгөө авах боломж нээлттэй болж байгаа гэв.

МОНГОЛ УЛСАД ӨНӨӨДӨР КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЭГҮЙ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Монгол Улсад өнөөдөр коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 57 хүний шинжилгээ хийсэн. Эдгээрээс коронавирус илрээгүй.

Сэлбэд халуурч, тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Хоёр хүн гэдэгт ойрын хавьтлын хүнийг шинжилгээнд хамруулсан.

Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 2, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 10, Тандалтын зорилгоор цуглуулсан 20 сорьцод коронавирус илрээгүй. Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтод коронавирусийн сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдсэн. Түүний шинжилгээний сорьц Улаанбаатар руу ирж яваа. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 104 хүн тандалт, судалгаа, шинжилгээнд хамрагдаж байна" гэлээ.