А.Амбасэлмаа: Хорт хавдартай, жирэмсэн хүмүүс коронавирусын халдвар авч ХӨСҮТ-д эмчлүүлж байна

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа эмчлэгдэж байгаа хүмүүсийн талаар мэдээлэл өглөө. Тэрээр “Монголд коронавирусийн халдвар авсан 41 хүний 80.4 хувь нь хөнгөн, 14.6 хувь хүндэвтэр, 5 хувь нь маш хүнд байна. 41 иргэний 19 нь эмэгтэй, 22 нь эрэгтэй байгаа.

Халдвар авсан хүмүүсийн дунд зүрх, судас, бөөр элэгний хавдар гэх мэт архаг хууч өвчтэй иргэд байна. Ялангуяа сүүлийн долоо хоногт хорт хавдартай, илүүдэл жинтэй, жирэмсэн эмзэг бүлгийн хүмүүс коронавирусын халдвар авч ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Эдгээр иргэдэд хоолой өвдөх, дотор муухайрах, хамар битүүрэх, нус гоожих гэх мэт шинж тэмдэг илэрч, хэд хоногийн дараа уушгины хатгаа болон хүндэрч байна.

ХӨСҮТ-ийн 50 ортой тусгай тасагт коронавирусын халдвартай болон сэжигтэй иргэдийг хэвтүүлж байна. Энэ тасагт одоогоор 4 багийн эмч нар ажилласан. Энэ эмч нар маань коронавирусын халдвартай болон сэжигтэй хүмүүстэй 14 хоног ажиллана. Гарч ирээд 14 хоног тусгаарлагдана. Гэртээ 28 хоног очихгүй байгаа” гэлээ.