Монгол хүүхдүүдийн 94 хувь нь хүүхдийн мөнгө авдаг

Aдмин / Эдийн засаг

“Covid-19” цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлээс иргэдээ хамгаалах, үүссэн хүндрэлийг хамтдаа даван гарах талаар улс орнуудын Засгийн газрууд өөр өөрийн гэсэн арга хэмжээг авч байгаа. Монгол улсын Засгийн газраас нийгмийн даатгалын шимтгэлийн хураамжийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэн зургаан сарын хугацаанд тэглэх шийдвэр гаргасан. Ингэхээр иргэд шимтгэл тооцогдоогүй цалингаа авч эхэлсэн гэсэн үг.

Цалинтай ээж аавуудын орлого заасан хугацаанд өсөх ч ажилгүй орлого муутай ээж аавуудын гол орлого нь хүүхдийн мөнгө. Монгол улсад нийт нэг сая 190 мянга орчим хүүхэд хүүхдийн мөнгө авдаг. Энэ оны 4 дүгээр сарын байдлаар 1 сая 122 мянган хүүхэд, хүүхдийн мөнгө авчээ. Энэ нь нийт хүүхдүүдийн 94 хувь нь болж байгаа юм . Засгийн газраас сар бүр 20 мянгаар хүүхдийн мөнгийг өнгөрсөн сараас 30 мянга болгон нэмсэн байсан. Энэ нь цар тахлын эсрэг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа эдийн засгийн хөтөлбөрийн 5.1 их наяд төгрөгний нэг хувьтай л тэнцэж байсан байна.

ТӨР, ХУВИЙН ХЭВШИЛ ЯЛГААГҮЙ ТЭГШ БОЛОМЖИЙГ ХҮРТЭНЭ

Энэ талаар ХНХ-ын сайд Чинзориг: “Өмнө нь Засгийн газраас гаргасан нийгмийн даатгалын шимтгэлийг зургаан сараар чөлөөлсөн шийдвэр нь ажил олгогчдыг дэмжсэн,ажлын байрыг хадгалсан чухал арга хэмжээний нэг болсон. Өнөөдрийн байдлаар 120 мянган сайн дурын даатгуулагч 39 мянган аж ахуй нэгж байгуулгууд нийгмийн даатгалын шимтгэлийг хойшлуулах энэ арга хэмжээнд хамрагдсан. Зөвхөн улсын байгууллага гэлтгүй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд энэ арга хэмжээнд хамрагдаад явна гэсэн ийм чиглэлтэй байгаа. Би өнгөрсөн долоо хоногт МХАҮ Т болон ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой уулзаад энэ асуудлыг нэгдсэн нэг ойлголттойгоор зохион байгуулахаар талаар санал солилцсон. Хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах ажлын хэсгийг байгуулагдаад ажиллаж байгаа. Энэ тал дээр нэг ойлголтын зөрүү гарсан байна лээ. Энэ бол тийм биш. Иргэн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй ч гэсэн энэ удаагийн даатгалын шимтгэлээс чөлөөлсөн энэ арга хэмжээнд хамрагдана. Ийм өртэй аж ахуйн нэгжийн хувьд ч засгийн газраас өмнө нь гаргаад өгчихсөн хууль бий. Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй бол түүнд чинь хүү алданги тооцохгүй. Тэр дагуу л явна ” гэсэн.

Энэ оны эхний гурван сарын байдлаар давхардсан тоогоор хоёр сая хүнийг нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжид хамруулжээ. Үүний хүрээнд нийгмийн халамжийн үйлчилгээнд нийт 202.9 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Нийгмийн халамжийн сангийн гурван сарын гүйцэтгэлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжид хамрагдсан хүний тоо 10.9 буюу 207 мянган хүнээр өссөн байна. Мөн зарцуулсан хөрөнгийн хэмжээ 16.5 хувиар буюу 28.7 тэрбум төгрөгөөр өсчээ.

Н.Баярмаа