Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

Aдмин / Хууль

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдрийн (2020.05.08) чуулганы нэгдсэн хуралдааны өмнө хуралдаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

Байнгын хорооны энэ сарын 06-ны өдрийн хуралдаанаар уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхэлж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг сонсож, гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийлсэн. Ингээд ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэх байсан ч хэлэлцүүлгийн явцад төслийн талаарх зарим томьёоллыг ажлын хэсэг эргэн харж дахин нягтлах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг түр хойшлуулсан юм.

Иймээс Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх үүднээс төслийн 2 дугаар зүйл буюу 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх бөгөөд тангараг өргөх журмыг Улсын Их Хурал тогтооно” гэсний дараа “Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чиг шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжив.

Мөн төслийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу 21 дүгээр зүйлийн 8 дахь заалтыг “Бүрэлдэхүүнээрээ огцорсон Засгийн газрын гишүүнийг дахин томилж болно” гэж, төслийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг “Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон тэдгээрт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хугаацанд Ерөнхийлөгчтэй зөвшилцөж чадаагүй тохиолдолд Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ” гэж тус тус өөрчлөхөөр болов.

Түүнчлэн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг буюу 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан тогтоолын төслийг өргөн мэдүүлэхдээ хууль, УИХ-ын бусад шийдвэр, төсөв тэдгээрийн зүйл, хэсэг, заалтын талаарх өөрийн байр суурь болон Улсын Их Хурлаас дэмжлэг хүсэж буй асуудлыг тодорхой илэрхийлсэн байна. Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол батлагдсанд тооцно” гэж, төслийн мөн зүйлийн 4 дэх хэсгийг “Улсын Их Хурал Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоол баталсан бол энэ хуулийн 26.2-т заасан асуудлыг дэмжсэнд тооцно” гэж тус тус өөрчлөн найруулахаар тогтлоо.

Хуулийн төслийн 6 дугаар зүйлийг өөрчлөн найруулахтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн бөгөөд Байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын дарга Г.Занданшатар нар гишүүдийн асуултад хариулт тайлбар өгсөн юм. Ингээд хуулийг 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар байгуулагдсан УИХ-ын бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.