Оросын мэргэжилтнүүд тавдугаар сар хамгийн хүнд сар болно хэмээн үзжээ

Ц.Анударь / Гадаад мэдээ

ОХУ-д “Covid-19”-ийн халдвар авсан хүний тоо 177,160 хүрснээр Франц, Германы өмнө буюу 5 дугаарт бичигдэх болов. Манай улстай хил залгаа Буриадын БНУ-д 518, Өвөрбайгалийн хязгаарт 262 хүн өвчилсөн байна. Тус улсад эмнэлэгийн байгууллага, өндөр настны асрамжийн газар, цэргийн анги зэрэг иргэд олноор төвлөрдөг газруудад халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд гэр бүлийн гишүүд нэг нь нөгөөдөө вирус халдаах нь их байгаа талаар ЭМЯ-аас мэдээллээ. Уг халдварын улмаас нас барах хүний тоо харьцангуй бага буюу 1 хувь орчим байгаа нь цаг алдахгүй оношилгоо эмчилгээ хийж байгаатай холбоотой гэжээ.

Оросын мэргэжилтнүүд 05 дугаар сар өвчлөл өндөртэй хамгийн хүнд сар болно хэмээн үзэж байгаа бөгөөд ЭМЯ-ны орон тооны бус Халдвар судлаач эмч Е.Малинникова, халдвар анх илэрснээс хойш 3 сарын дараа оргилдоо хүрэх ёстой, ОХУ-д анхны тохиолдол 03 дугаар сард бүртгэгдсэн тул халдвар 06 дугаар сар хүртэл идэвхтэй тархах болно гэв. Засгийн газар өвчний тархалтаас сэргийлэх зорилгоор “өөрийгөө тусгаарлах” дэглэмийг 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгах, орон нутгийн жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор 2 тэрбум рубль, шаардлагатай эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгсэл худалдан авахад зориулж 10 тэрбум рубль гаргахаар боллоо. Харин Москва хотын захирагч С.Собянин энэ сарын 12-ны өдрөөс үйлдвэрийн газрууд болон барилгын компаниудыг үйл ажиллагаагаа эхлүүлэхийг зөвшөөрсөн бөгөөд нийтийн тээвэр, дэлгүүрээр үйлчлүүлэхдээ заавал амны хаалт зүүхийг иргэдэд үүрэг болгосон байна. Түүнчлэн иргэдийг гэрээсээ гарахыг зөвшөөрсөн цахим үнэмлэхийг өдөр бүр олгож байсан ч өнөөдрөөс 7 хоногийн 2 өдөр олгохоор болжээ.