Н.Шинэбаатар: Зам тээврийн осол буурсан үзүүлэлттэй байгаа ч эсрэгээрээ нас баралт өссөн

Aдмин / Нийгэм

Коронавирусын цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс улсын хэмжээнд хөл хорио үргэлжилж байгаатай холбоотойгоор нийслэл дэх зам тээврийн осол, гэмтлийн түвшин өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 29,8 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа ч нийт дүнгээрээ зам тээврийн осол гэмтлийн улмаас үүдсэн нас баралтын тоо нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. 2020 оны эхний таван сарын байдлаар 101 хүн зам тээврийн осол, гэмтлийн улмаас нас барсан байна. Үүний 15 нь хүүхэд байсан бол 14 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ. Энэ талаар тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч Н.Шинэбаатараас тодрууллаа.

ХӨДӨӨ ОРОН НУТАГТ МОТОЦИКЛТОЙ ХОЛБООТОЙ ОСЛООР ДӨРВӨН ХҮҮХЭД НАС БАРЖЭЭ

-Орон нутагт мотоциклтой холбоотой осол их гардаг уу?

-Орон нутгийн иргэд өдөр тутмын уналга хэрэглээндээ бензин, түлш бага зарцуулдаг, цаг хугацаа хэмнэдэг гээд тодорхой шалтгаанаар мотоциклийг өргөн ашигладаг. Харамсалтай нь мотоциклоос үүдсэн осол буурахгүй байна. Сүүлийн таван жилд мотоциклийн хэрэглээтэй холбоотой 1171 осол гарч, нийт 630 орчим хүн амь насаа алдсан тоо гарсан.

-Үнэхээр харамсалтай тоо байна. Мотоциклийн осол гэмтлээр нас барсан хүүхдийн тоо нэмэгдсэн байна?

-Он гарсаар дөрвөн хүүхэд дээрх ослын улмаас нас барсан. 12-16 настай гурван хүүхэд өөрөө мотоцикл жолоодож байх үедээ онхолдож осолдсон бол 11 настай нэг хүүхэд хамгаалах малгай, хэрэгсэлгүй мотоциклийн ард сууж явах үедээ унаж амь насаараа хохирсныг цагдаагийн байгууллага бүртгэсэн.

- Бага насны хүүхэд мотоцикл жолоодож яваад осолдсон гэдэг нь ямар учиртай юм бэ?

-Малчид бага насны хүүхдээ дөнгөж мотоциклийн дөрөөнд хүрдэг болонгуут нь мотоцикл зааж өгч унуулах, мотоциклтой малд явуулж байгаа нь маш хариуцлагагүй үйлдэл гэдэг нь эдгээр амь нас нь хохирсон хүүхдүүдийн жишээгээр харагдаж байгаа юм л даа. Томчууд насанд хүрээгүй хүүхэддээ тээврийн хэрэгсэл жолоодохыг зааж өгдөг, замын хөдөлгөөний аюулгүй байдлын норм дүрмийг зөрчүүлдэг эдгээр буруу үлгэр дуурайлал нь эргээд тэр айлыг харамсаж баршгүй уй гашууд унагаж байна. Өсч өндийж яваа үр хүүхдээ ийм төрлийн осол, хэрэгт оруулж байгаа нь үнэхээр харамсалтай. Мотоциклийг 18 нас хүрсэн хүн зохих журмын сургалтанд сууж, А ангиллын үнэмлэх авсны дараа жолоодох эрхтэй болдог. Мөн зориулалтын хувцас хэрэглэл, малгай дуулга өмсөх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаж байж хөдөлгөөнд оролцох заалтыг мөрдөлгүй хэнэггүй байдал гаргасаар байна.

-Хятад гэгддэг мотоциклийн зориулалт манай хөдөөгийн нөхцөлд хэр тохиромжтой вэ?

-Хятад мотоциклийг ихэнхдээ манай хөдөөгийн иргэд өдөр тутмын мал маллагаанд унаж, ашиглаж байна. Гэтэл мотоцикл бол аспалтан буюу тэгш гадаргуутай замд зориулагдсан хэрэгсэл шүү дээ. Хөдөөгийн тэгш бус батлагдаагүй, хад чулуутай шороон замд унаж ашиглаж байгаа нь осолд хүргэх гол шалтгаан болоод байгаа юм. Манайд тохиолдож буй ослууд ихэвчлэн гуу жалга руу унах, онхолдох зэргээр тохиолддог.

ЭЦЭГ ЭХ,АСРАН ХАМГААЛАГЧИЙН ХАРИУЦЛАГА АЛДСАН ҮЙЛДЛЭЭС ХҮҮХЭД ГЭМТЭЖ, БЭРТЭЖ, АМЬ НАС НЬ ХОХИРЧ БАЙГАА НЬ ХАРАМСАЛТАЙ

-Бага насны хүүхэд эцэг эхийнхээ буруугаас болж амь насаараа хохирсон мэдээллүүд их гарах боллоо?

-Эцэг эх асран хамгаалагч нь автомашины ухрах үйлдэл хийх үедээ санамсар болгоомж алдаж хашаан дотроо тоглож байсан 2-5 насны хүүхдүүдийг анзааралгүй дайрч амь насыг нь хохироосон хоёр хэрэг гарсан. Сүхбаатар аймагт тоёота хариер машины арын суудалд сууж явах үедээ арын хаалга онгойсноос хоёр настай хүүхэд унаж амиа алдсан. Мөн прадо маркийн машин онхолдож хоёр хүүхэд нас барсан байгаа. Эдгээрийн шалтгаан нөхцлийг аваад үзэхээр томчуудын замын хөдөлгөөний дүрэм мөрдөхгүй хэнэггүй байдлаас үүдэлтэй байгаа нь үнэхээр харамсалтай.

Гудамж талбайд хүүхдүүд хараа хяналтгүй тоглох явдал их байдаг шүү дээ? Үүнээс шалтгаалан хүүхэд зам тээврийн осол гэмтэлд өртөх тохиолдол нэмэгддэг?

-Одоо ингээд дулааны улирал эхэлж байна. Эцэг эхчүүд 2-6 насны хүүхдээ гадаа тоглоомын талбайд скүтэр гээд тоглоом өгөөд гаргачихдаг. Нөгөөх нь дугуйтай учраас юуны ч урдуур хүүхдийг аваачаад оруулчих боломжтой. Хүүхэд гэдэг маань өөрөө зам орчны аюулгүй байдлын тухай ойлголтгүй. Өөрөөр хэлбэл, таван насны хүүхэд гэдэг маань нэг метр орчмын өндөртэй буюу машины хамарнаас дээш ил гарч харагддаггүй. Тэгээд хороолол дундах зам дундаас дугуйтай, скүтэртэй хүүхэд гэнэт гарч ирэх зэргээр тээврийн хэрэгсэлд мөргүүлэх, дайруулах осолд их өртдөг. Тиймээс эцэг эхчүүд гэр орноос гаднах хүүхэддээ тавих анхаарал сонор сэрэмжээ сулруулахгүй байх хэрэгтэй байна. Хашаандаа автомашины ухрах хөдөлгөөн хийх үедээ тойрч харах, хүүхдээ хаана тоглож байгааг нягталж харах, хүүхдийг автомашины хөдөлгөөнөөс хол зориулалтын тоглоомын талбайд тоглуулах бусад тохиолдолд насанд хүрсэн хүний хараа хяналтанд байлгах зэргээр болзошгүй зам тээврийн ослоос сэргийлэх хэрэгтэй байна .

Н.Баярмаа


Сэтгэгдэл

zochin [122.201.23.226] 2020-05-12 05:09:46

gertee suugaad bga uym chin buurahgui yah be,harin suuj suuj uugaad garahleer osol avaar garna shde

zochin [122.201.23.84] 2020-05-12 02:40:25

Хөдөө хүүхдүүд дугуйгаар малаа хариулбал амь насанд аюулгүй дээ

Зочин [103.57.93.186] 2020-05-12 03:14:14

чи дугуй унаад мал хариулж үзсэнүү. тэнд чин тэгшхэн хучилттай зам байхгүй шдээ. мал бол алаад идмээргүй эргүү төлөг вээ

Зочин [103.229.178.26] 2020-05-12 02:17:50

баталгаагүй , эдэлгээ нь дууссан ямбий машин унаад галзуу юм шиг давхидаг тэнэгүүд маш их бна. энэ ямбий машинууд оруулж ирдэгийг л төр ямар нэг байдлаар хязгаарлаж багасгах хэрэгтэй.

[103.80.210.183] 2020-05-12 01:08:39

ингэж тоо мэдээлж суухаар оруулах замыг нь хаагаад мал аа унаж эдлэх тал дээр ажил хий. ядаад л гадаадын жуулчдад мал эдлэж байгаагаа харуулж айдаст автуулж үзүүлбэл дэлхийг ноёрхох нь бидний заяа мөн байна гэж ухаарна шүү дээ.

Зочин [122.201.22.125] 2020-05-12 00:33:05

Манайд коронавирусын халдвар, өвчлөлөөр ганц ч хүн үхээгүй. Авто ослоор бол байнга хүн үхдэг. Машин жолооддог болчихлоо гэж сагсуурч давхидаг хүмүүс коронавирусын халдвараас хэд зуу дахин аюултай байгааг манай төр засаг эрсдэл гэж үздэггүй нь харамсалтай.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.