А.Оюунжаргал:Эрүүлийг хамгаалуулахаар хаана дуудна бид тэнд байх тангарагтай

Aдмин / Эрүүл мэнд

Өнөөдөр олон улсын сувилагчийн өдөр. Дэлхий нийтээрээ аюулт өвчинд эзлэгдэн өвдөж, шаналж амь насаа ч өгч буй хүн төрөлхтөнийг үхлийн савраас булааж эдгээн илааршуулж байгаа эмч, сувилагчдаараа бахархан бахдан байгаа цаг мөчтэй энэ өдөр зэрэгцэж байна. Өөртөө өвчин тулахад л бид тэднийг санаж, өөрсдийнхөө баярын ганцхан өдөр л гавьяагаа тэд мэдэрдэг байх. Монгол улсад сувилагч мэргэжлээр ажиллаж буй 11 мянган сувилагчийн нэг ШУГТЭ-ийн сувилагч А.Оюунжаргалтай ярилцлаа.

-Танд олон улсын сувилагчийн өдрийн мэнд хүргэе. Дэлхий нийтээрээ аймшигт өвчний аюул дор байгаа энэ үед эмч, эмнэлгийн ажилтны баярын өдрөөр тань дамжуулан та бүгдэд баярлаж талархаж буйгаа илэрхийлмээр санагдаж байна?

-Баярлалаа. Нийтийг хамарсан цар тахлын аюул нүүрлэсэн айдас түгшүүртэй цаг хугацаа үргэлжилж байна. Эмч, эмнэлгийн ажилтан бид ч хүн л учраас айх түгших зүйл байлгүй яахав. Гэхдээ бүх хүн төрөлхтөн эмч сувилагчиддаа итгэл хүлээлгэж найдаж байгаа учраас илүү их зоригтой сэтгэлийн их хаттай байхаар хичээж байгаа болов уу гэж бодож байна.

-Та анх мэргэжлээ хэрхэн сонгож байв. Яагаад энэ мэргэжлийг сонгох болсон юм бэ?

-Би 2008 онд Сувилахуйн сургуулийг дүүргээд энэ мэргэжлээрээ тасралтгүй 12 жил ажиллаж байна. Энэ мэргэжлийг сонгосон сувилагчаараа ажиллаж байгаа маань хувь зан чанартай маань илүү холбоотой байсан болов уу гэж бодож явдаг. Хүнд тусалчих юмсан чин сэтгэлээр хандах юмсан гэсэн суурь хүмүүжил маань энэ ажил мэргэжлээр ажиллах үндсэн шалтгаан байсан байх.

-Сувилагч хүн ямар зан чанартай байх хэрэгтэй вэ. Энэ мэргэжил хүнийг ямар зан чанартай болгодог вэ?

-Хүнийг их өрөвч, зөөлөн болгодог мэргэжил юм шиг байна. Өвдөж зовсон хүнийг зүрх сэтгэлдээ мэдрэх, өвчтөнийхөө гэр бүл, охин шиг нь санаа тавих эдгэрч тэнхэрснийх нь дараах баяр жаргалыг харах хамтдаа баярлах гээд сэтгэлийн их хөдөлгөөнтэй болгодог юм байна. Мэдээж үүний хажуугаар өвчтөндөө чанартай эмчилгээ сувилгаа үзүүлэх, мэргэжлийн ур чадвартай байх нь гол зүйл л дээ.

-Та бол мэргэжлийнхээ хувьд залуу ч туршлагажиж яваа сувилагч. Ахмад үеэс суралцах шинэ залуу үеэ зааж чиглүүлэх гээд гурван цагийн хэлхээсийг залгуулж яваа хүн байна шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Сургууль төгсөөд шинэхэн сувилагч орж ирэхэд минь гар дэлгэн тосч авсан Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийнхэндээ үргэлж баярлаж талархаж явдаг. Тэр үед намайг тосч авсан хамт олон миний дээд үе хийгээд өнөөдөр ч хамтарч ажиллаж буй хамтран зүтгэгчид маань юм. тэднээсээ сурсан зааж зөвлүүлж байснаа эргээд дүү сувилагч нартаа үлгэрлээд явж байна. Таны хэлдгээр энэ бол тасрашгүй байх ёстой гурван цагийн гинжин хэлхээс юм.

-Энэ хугацаанд та нийт хэдэн хүнд сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлэв?

-Ахмад олон жил ажилласан сувилагч нарын маань дэргэд бол мэдээж бага тоо гарна л даа. Бид хоногтоо 35 хүнд сувилахуйн үйлчилгээг үзүүлдэг.Үүнийгээ жилдээ тооцоод ажилласан жилдээ үржүүлээд бодвол нэлээдгүй тоо гарах юм байна.

-Өнөөдөр хүмүүсийг хамгийн ихээр айлгаж буй коронагийн цар тахлын вируст хамгийн их өртөж буй эрхтэн болох уушигны тасгийн сувилагч гэдгээр тань таныг онцолсон байгаа. Энэ өвчлөл гарсанаас хойш л уушиг гэдэг эрхтэнийг чухал эрхтэн юм байна гэдгийг мэдэж байх шиг. Энэ эрхтэн ямар онцлог тогтолцоотой бэ?

-Хүний эрхтэн тогтолцоо дотроос чухалгүй эрхтэн гэж мэдээж байхгүй л дээ. Гэхдээ хүмүүс элэг, зүрх, бөөр л гээд байдгаас уушиг гэдэггүй юм шиг ажиглагддаг л даа. Гэтэл хотжилтоос үүдэлтэй утаа агаарын бохирдол зэрэг бидэнд өдөр тутамдаа тулгардаг түгээмэл асуудлууд уушгийг гэмтээж байдаг. Бас сэрүүний улиралд авсан ханиад томуу хатгаагаа тэр бүр ач холбогдол өгч бүрэн эмчлүүлэлгүй орхидог сул талтай. Энэ бүхэн ужгирч даамжирч явсаар нас нэмээд ирэхэд дунд насны үед явах суух үед хүртэл амьсгалахад хүндрэлтэй болох зэргээр нөлөөлж муугаар нөлөөлж эхэлдэг.

-Коронавирусын өвчлөл манай оронд бүртгэгдсэнээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд эмнэлгийн орчин өөрөө эрсдэлтэйд тооцогдож эхэлсэн. Яг өвчтөнтэй харьцдаг эмнэлгийн ажилтныг болзошгүй халдвараас хамгаалах тал дээр дутмаг хандаж байна гэсэн шүүмжлэл ч сонсогдож байсан?

-Энэ тал дээр манай эмнэлгийн хувьд хангалттай сайн ажиллаж байгаа гэж үзэж байгаа. Амны хаалт болон бусад шаардлагатай хамгаалах хэрэгслээр тасралтгүй хангаж байна. Ажилчдаа витаминжуулалтад байнга хамруулж амрах цагийн хуваарийг тодорхой хэмжээгээр бууруулах зэргээр ажиллаж байгаа. Мөн цалин урамшууллыг цаг хугацаанд нь бодож олгож байна гэдэг ч сэтгэл санаанаас үүдэх элдэв стрессээс хамгаалах ажил байх аа л гэж харж байна.

-Коронавирусын аюул холдоогүй байна. Энэ хэрээр эмч сувилагчийг бэлэн байхыг шаардсаар байгаа?

Бид эрүүлийг хамгаалахын төлөө тангараг өргөн ажилладаг. Эх орон эрүүлийг хамгаалуулахаар хаана дуудна. Эмч сувилагч бид тэнд байх үүрэгтэй байдаг. Тиймээс сэтгэл санаа, мэргэжил ур чадвар бүхнээ дайчилж ажиллахад бэлэн байсаар ирсэн. Одоо ч бид бэлэн, бэлтгэлтэй байна.

Ярилцсанд баярлалаа.

Н.Баярмаа


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.33] 2020-05-12 12:18:21

Amjilt

Зочин [202.126.88.46] 2020-05-12 10:01:30

Dvvdee amjilt xvsie.

Х.С [103.87.255.66] 2020-05-12 09:13:25

Дүүдээ амжилт хүсье. Сайхан сэтгэлтэй ажилсаг охин шүү.

Mendjargal [66.181.161.29] 2020-05-12 08:54:50

Minii ber mundag uhaantai, enerengui hamgii uhaalag emegtei Ajil amidrald ni hamgiin sain saihan buhniig husie.

зочин [103.57.93.35] 2020-05-12 08:07:33

ажлын хамгийн хүндийг хийж,хамгийн бага цалин хөлс авдаг даа.

Зочин [172.58.22.217] 2020-05-12 09:06:03

Baga tsalindaa taashaal avdag


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.