Д.Нямхүү: Манайд коронавирусын эмчилгээнд зориулсан эм, тариа хангалттай байгаа

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өчигдөр хийсэн шинжилгээний хариуг танилцуулсан. Тэрээр “Үдээс хойших шинжилгээний хариу гарч, дахин 37 хүний хариу эерэг гарсан. ОХУ-аас ирсэн оюутнуудаас 18 тохиолдол илэрсэн. Нийт 55 халдвартай тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 98 болж байна.Үүнээс 15 нь эдгэрч ХӨСҮТ-өөс гарсан Одоогоор 83 халдвартай иргэн эмчлэгдэж байгаа” гэдэг мэдээллийг өгсөн.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д. Нямхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Нэг өдөр нэлээд олон тохиолдол бүртгэгдлээ. Цаашид тусгай үүргийн нислэгээр гадаадад байгаа иргэдийг татаж авна. Ер нь ХӨСҮТ-ийн хүчин чадал ямар байгаа вэ?

Бид ХӨСҮТ –д 250 ор бэлдсэн байгаа. Дараагийн нислэгээр иргэдийг хянаад коронавирус илрэх юм бол эмчилгээнд оруулах бүрэн боломжтой. Өнгөрсөн таван сарын хугацаанд чамгүй бэлтгэл хийсэн. Голомттой орноос иргэдээ татан авах нь Монгол хүний ёс жудаг, мөн чанар юм. Дэлхий дээр цөөхөн хүн амтай улс орон учраас элэг нэгт монголчуудаа голомттой бүс нутгаас авч ирэх нь үүрэг. Тусгай нислэгээр ирсэн хүмүүсээс шинжилгээ авсан. Өнөөдрийн 11.00 цагийн хурлын үеэр мэдээлэл өгнө. Мөн Энэтхэг улсаас ирэх иргэд болон Алтанбулагийн хилээр дамжин ирэх иргэдийг хянаж, эрэмбэлэн ялгаж, сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д авч ирнэ. Хойд хилээр орж ирж байгаа иргэдийг Сэлэнгэ, Дархан –Уул аймагт нэг нэгээр нь тусгаарлаж байгаа. Тусгаарлах байрыг бэлтгэсэн.

-Эрүүл мэндийн сайд тусгай нислэгээр ирж байгаа иргэдийг нэг нэгээр нь тусгаарлах саналыг Улсын онцгой комиссд тавьсан. Мөн ирж байгаа иргэдийг коронавирусын шинжилгээнд хамруулсан байх шаардлагыг тавьж байгаа. Зарим иргэд шинжилгээнд хамрагдахгүй ирж байгаа гэсэн мэдээлэл байна. Манайд эм тариа, эмч нарын хамгаалах хэрэгслийн хангамж хэр байгаа вэ?

-Эмчилгээнд зориулсан эм, тариа хангалттай бэлтгэгдсэн байгаа. Мөн эмнэлгийн эмч, ажилчдын хамгаалах хэрэгсэл хангалттай байна. Цаашид хувийн хамгаалах хэрэгслийг нэмэгдүүлнэ. Одоогийн байдлаар хувийн хамгаалалт байр сав, эм тариа гэх зэргийг маш сайн хангасан. Засгийн газраас онцгой анхаарч дэмжлэг, тусламж үзүүлж байна. Хэрэгцээтэй багаж, тоног төхөөрөмж, оношлуурыг авч өгсөн. Өнгөрсөн таван сарын хугацаанд маш сайн бэлтгэсэн. Цаашид бүх зүйлээ тооцоолоод явна.

-Одоогоор вирусын халдвар илэрсэн иргэд бүгд хяналтад байгаа учраас тархах тохиолдол гарахгүй биз дээ?

-Ихэнх нь хөнгөн хэлбэрээр өвдөж байгаа учраас айж сандрахгүй байх хэрэгтэй. Эмчилгээтэй иргэдийг сэтгэл санаагаар унагаж болохгүй. Сэтгэл санааг нь дэмжих юм бол эмчилгээний үр дүнд нөлөөтэй. Иймээс ОХУ-аас ирсэн хүүхдүүдийг сэтгэл санаагаар сайн дэмжих хэрэгтэй. Ингэвэл эмчилгээнд нэлээд нэмэр болно гэдгийг хэлмээр байна. Өнгөрсөн хугацаанд алдаа гараагүй учраас маш их туршлага болсон.