АНУ: Ерөнхийлөгч Д.Трамп болон Дэд ерөнхийлөгч М.Пенс нарыг тогтмол шинжилгээнд хамруулж байна

Ц.Анударь / Гадаад мэдээ

АНУ-ын Цагаан ордонд өвчний халдвар илэрсэн нь тулгамдсан асуудал болов. Тодруулбал, Ерөнхийлөгч Д.Трампын туслах болон Дэд ерөнхийлөгч М.Пенсийн хэвлэлийн төлөөлөгч нар өвчний халдвар авсан нь тогтоогджээ. Түүнчлэн Цагаан ордны цар тахалтай тэмцэх ажлын хэсгийн нөлөө бүхий гишүүд болох Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн дарга Роберт Редфилд, Хүнс, эмийн захиргааны дарга Стивен Хаан болон Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захирал Антони Фаучи нар 14 хоногийн хугацаанд өөрсдийгөө тусгаарлахаар болов. Цагаан ордны хэвлэл мэдээллийн албаны бага тушаалын албан хаагчдыг гэрээс нь ажиллуулах бол бусад нь ажил дээрээ амны хаалт байнга зүүхээр болжээ. Үүссэн нөхцөл байдлаас үүдэн Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч болон Цагаан ордны ажилтнуудыг тогтмол шинжилгээнд хамруулж байна. Ингэхдээ “Abbot Laboratories” компанийн бүтээсэн “ID Now” загварын түргэн оношлуурыг ашиглаж байгаа боловч уг оношлуур нь үнэн зөв хариу гаргах чадвартай эсэхэд анагаах ухааны зарим мэргэжилтнүүд болон эмнэлгүүд эргэлзэж байна. Тодруулбал, зарим эмнэлгүүдэд дээрх төхөөрөмжийг ашиглан шинжилгээ авахад халдвартай хүнээс сөрөг хариу гарсан тохиолдол цөөнгүй бүртгэгджээ.