Сергей Диордица: Монголчууд халдвар аваад дархлаа тогтсон гэдэг нь шинжлэх ухаанаар нотлогдоогүй

Ц.Анударь / Эрүүл мэнд

ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица мэдээлэл хийлээ.

ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица: 2019 оны арванхоёрдугаар сард үл мэдэгдэх шинэ өвчин бүртгэгдэхэд Монгол Улсын Эрүүл мэндийн яам шуурхай арга хэмжээ авч, улсын түвшинд эрсдлийн үнэлгээ явуулсан. Олон нийттэй өдөр бүр хэвлэлийн бага хурлаар харилцаж, бэлэн байдал болон хариу арга хэмжээний үйл ажиллагаагаа төгөлдөржүүлсэн юм. Монгол Улсын онцгой комисс хязгаарлах арга хэмжээг яаралтай авсан. Үүнд, Олон улсын аялал жуулчлалыг хязгаарлах, их, дээд сургуулиудыг түр хугацаагаар хаах, олон нийтийн арга хэмжээг цуцалсан. Тавдугаар сарын 6-8-ны хооронд үндэсний түвшинд дасгал, сургуулилт хийгдсэн. Үүний хүрээнд Чингэлтэй дүүргийг бүхэлд нь хааж, хамгаалалт, дохиоллын удирдлагын тогтолцоо болон шуурхай хариу арга хэмжээний багууд хамтдаа ажилласан юм. Энэ нь Монгол Улсын хичээл зүтгэлийг харуулахын хажуугаар коронавируст халдварын эсрэг бэлэн байдлаа хангаж буй улсын хичээл зүтгэлийг мөн харууллаа.

ЦАР ТАХАЛ ХАРААХАН ДУУСААГҮЙ БАЙГАА ТУЛ БИД ТАЙВШИРЧ БОЛОХГҮЙ

Халдварыг зогсоохын тулд Засгийн газар, Эрүүл мэндийн байгууллагын шийдвэрийг ард иргэд дагах нь зүйтэй. Урт хугацааны туршид тусгаарлах арга хэмжээ нь ард иргэдийн сэтгэл зүйн байдалд сөргөөр нөлөөлнө гэдгийг бид ойлгож байна. Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, олон улсын байгууллагуудын ажлыг үгүйсгэж буй худал мэдээлэлд хариу өгөхөөр би энд ирсэн. Бидний дархлааны тогтолцоо эрүүл мэндийг хамгаалж, аливаа халдвараас сэргийлдэг. Бидний одоогийн судалгаагаар коронавирус тусаад эдгэсэн хүн дахин тусах магадлалтай байна. Бидний эрүүл мэнд, аюулгүй байдал нь биднийг ямар арга хэмжээ авахаас шалтгаална. Удахгүй зун болж хүмүүс амарч зугаалахыг хүсэж байгааг ойлгож байна. Тэгж болно. Гэхдээ цар тахал хараахан дуусаагүй байгаа тул бид тайвширч болохгүй.

Монгол Улсад жил бүрийн 11, 12 сард томуугийн улирал эхэлдэг бөгөөд иргэдийн дунд Монголчууд халдвар аваад дархлаа тогтсон гэсэн мэдээлэл бий. Энэ нь шинжлэх ухааны ямар ч нотолгоогүй. Коронавирусын халдвар шинээр нээгдсэн вирус мөн.

Олон хүмүүс өөрсдөд нь дархлаа тогтсон гэж бодож өөрийгөө болон өөр бусдыг аюул эрсдэлд оруулж байна. Монголчуудад дархлаа тогтоогүй.

Өчигдрийн байдлаар халдварын тохиолдол 98 боллоо. Хамгаалалт, сэргийлэлтийн арга хэмжээг авахгүй бол Монгол Улс дотоодод халдвар тарах эрсдэл өндөр хэвээр байна. Худал мэдээлэл коронавирусээс илүү аюултай" гэлээ.