ОХУ-аас иргэдээ татан авах ажиллагаа үргэлжилнэ

Н.Баярмаа / Нийгэм

УОК-оос коронавирусын эрсдэлтэй улс орон, бүс нутгуудад байгаа иргэдээ татан авах ажлыг үргэлжлүүлж байна. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-аас агаарын хөлөг болон Алтанбулаг боомтоор Монгол улс иргэдээ хүлээж авсан. Тэгвэл өнөөдрөөс эхлэн долоо хоногийн хугацаанд ОХУ-аас нийт 500 оюутан татан авна. Тодруулбал, ОХУ-ын Европ тивийн хэсэг дэх хотуудын иргэд, оюутнуудыг Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай захиалгат нислэгээр өнөөдөр татан авах бол Уралын нуруу дагуух, Баруун Сибирийн хотуудын иргэд, оюутнуудыг Хиагт-Алтанбулагийн хилийн боомтоор тавдугаар сарын 26,27-ны өдрүүдэд хэсэгчлэн хүлээн авахаар холбогдох яам, байгууллагууд хамтран ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар ОХУ-ын хэмжээнд эх орондоо буцах хүсэлт гаргасан 1000 орчим монголчууд байгаа бөгөөд энэ удаагийн татан авалтаар тэдний 50 орчим хувь нь эх нутагтаа ирэх юм.

Монгол Улсад нэгдүгээр сарын 26-наас хойш 8000 гаруй иргэнийг гадаад улсаас татан авсан бөгөөд 15 удаагийн агаарын тээврийн татан авалтаар 3000 гаруй хүн, төмөр зам, бусад хилээр орж ирсэн 5007 хүн байна.