Ч.Чимэдбат: Энэ долоо хоногоос эхэлж явган хүний гарц дээр тавих хяналтыг эрчимжүүлнэ

Н.Алтанцэцэг / Нийгэм

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбаттай ярилцлаа.

-Сүүлийн үед зам тээврийн осол нэлээдгүй гарч байна. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Зам тээврийн ослын улмаас жилд 500 гаруй хүн амь насаа алдаж байна. Үүний дийлэнх нь буюу 70 орчим хувь нь зуны улиралд иргэдийн амралт зугаалгын үед гарч иргэд амь насаараа хохирч байгаа. Орон нутгийн замд хурд хэтрүүлж, хүүхдээ буруу тээвэрлэдэг. Өнгөрсөн жил цагдаагийн байгууллага “Яараад яахав дээ” арга хэмжээг зохион байгуулсан. Тухайн үед амь нас нь хохирсон иргэдийн тоо 30 гаруй хувиар буурсан үзүүлэлттэй байсан. Мөн өнгөрсөн жилийн есдүгээр сард сургууль, цэцэрлэг орж эхлэх үед “Дураараа биш дүрмээрээ”аяныг зохион байгуулсан. Мөн л адил осол хэрэг 40 орчим хувиар буурсан үзүүлэлттэй гарсан. Цагдаагийн байгууллагаас нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ, аян зохион байгуулахаар осол хэрэг буурдаг. Бусад үед осол хэрэг буурахгүй байна уу гэж харж байгаа.

Энэ жилийн тухайд долоодугаар сараас “Яараад яахав дээ” аяныг дахин зохион байгуулахаар төлөвлөж байна. Өнгөрсөн жил замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохгүй байгаа жолооч нарт хандаж тус аяныг зохион байгуулж байсан. Харин энэ жил зорчигчдод чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлнэ. Таны сууж яваа тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн байдлыг хангаж байна уу, жолооч хурдаа хэтрүүлж байна уу, согтуууруулах ундаа хэрэглэсэн байна уу, шөнө оройн цагаар гэрлээ дүрмийн дагуу ашиглаж байна уу гэдэгт жолооч дээр хяналт тавина.

МОТОЦИКЛЫГ ОРОН НУТАГТ МОРИНЫ ОРОНД МАШ ИХ АШИГЛАДАГ

-Орон нутгийн замд онхолдож амь насаа алдаж байгаа тоон мэдээлэл их байна. Мөн мотоциклтой зам тээврийн осолд орж байгаа тохиодол нэлээдгүй нэмэгдэж байгаа. Тухайлбал, хоёр хоногт нэг хүний амь нас эрсдэх тохиолдол гарах болсон. Энэ юунаас болж байна вэ?

-Замын эвдрэл, жолоочийн анхаарал болгоомжгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн болон шороон замд хамгаалалтын малгайгүй мотоцикль унасан зэргээс хамааран орон нутагт осол гарч байна. Манай улсад мотоциклын стандарт байдаггүй. Зөвхөн малгайн хэрэглээний стандарт байдаг. Ихэнхдээ мотоцикл унахдаа хүмүүс малгай хэрэглэдэггүй. Хэрэглэсэн ч хямдхан буюу дугуйны, морины, барилгын каск өмсдөг. Каск худалдаалж байгаа хүмүүст хяналт тавьдаг. Манай иргэд хамгийн хямдхан буюу 10-15 мянган төгрөгийн үнэтэйг нь авдаг. 40-50 мянган төгрөгийн үнэтэй каскийг авдаггүй. Хөдөө, орон нутгийн иргэд өөрсдөө мотоциклоо засч янзлаад уначихдаг болохоор мотоциклын наймаа эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклыг угсарч тэдэнд худалддаг. Тухайн хүн А ангиллын үнэмлэхтэй юу, мотоциклын талаар хэр мэдлэгтэй байна, тухайн мотоциклыг ямар насны хүн унах юм гэдгийг тодруулдаггүй. Иймээс бид холбогдох байгууллагуудтай холбогдож мотоциклын стандарт бий болгох саналыг хүргүүлсэн байгаа. Мотоциклыг орон нутагт морины оронд маш их ашигладаг. Хүүхдүүд, хөгшид бүр жирэмсэн эмэгтэй хүртэл унадаг. Энэ нь энгийн үзэгдэл болчихсон. Цагдаагийн алба хаагч байгаа цэгт зөрчил гаргадаггүй. Харин хөдөө хээр цагдаа байхгүй гэдэг утгаар хурдаа хэтрүүлж, хамгаалалтын малгай болон дугааргүй явдаг. Мөн мотоциклыг шаардлага хангахгүй сэлбэг хэрэгслээр угсарч дуу гарч, дугуй нь өнхөрч л байвал унаад явж байдаг. Цагдаагийн байгууллагаас хяналт шалгалт хийж улсын дугааргүй бол мотоциклийг нь хурааж түр саатуулах байранд байрлуулдаг . Тухайн иргэн мотоциклоо авах гэхээр гаалийн бичиг байхгүй учраас авч чаддаггүй.

-Орон нутагт мотоциклын хэрэглээ хэр их байдаг вэ?

-Мотоциклын хэрэглээгээр хамгийн өндөрт Баянхонгор аймаг ордог. Бүртгэлтэй улсын дугаартай таван мянга гаруй мотоцикл байдаг юм. Бүртгэлгүй улсын дугааргүй мотоцикл олон байгаа. Мөн Өвөрхангай аймагт дөрвөн мянга гаруй мотоцикл бүртгэлтэй гэдэг. Цагдаагийн байгууллага торгох гэхээс илүүтэй иргэдэд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, хөдөлгөөнданхааралболгоомжтойоролцох чиглэлийн сэрэмжүүлгийг хүргэж байна.

-Нийслэлийн хэмжээнд томоохон ослууд нэлээд гарсан. Хамгийн сүүлд осол гаргасан жолооч нэлээд зөрчилтэй байсан гэсэн?

-Нийслэлийн тухайд том оврын автомашинтай холбоотой тав дахь ноцтой осол өнгөрсөн долоон хоногийн бямба гарагт бүртгэгдсэн. Энэ осолд нийтдээ 13 машин холбогдсон байгаа. Мөн авто замын татвар хураадаг байнгын пост эвдэрсэн. Маш их хэмжээний эвдрэл үүссэн. Замын хөдөлгөөнд дүрмээрээ оролцож, хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж, бүсээ зүүж эгнээ байрандаа явж байсан жолооч нар нэг жолоочийн хариуцлагагүй байдал болон тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлаас болж осол гаргаж байна. Цагдаагийн байгууллага хэргийг шалгах явцдаа тухайн тээврийн хэрэгслийг Авто тээврийн үндэсний төвийн оношилгоогоор оруулж шалгадаг. Хөдөлгөөнд оролцож байгаа иргэд, том оврын автомашинаар үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагууд өглөө болгон тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа тогтмол хянаж шалгах хэрэгтэй. Өнгөрсөн бямба гарагт осол гаргасан жолооч 30 настай. Зам тээврийн осолд орохын өмнө цагдаагийн алба хаагч зогсоож, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэлд нь арга хэмжээ тооцсон байдаг. Тухайн өдөртөө осол гаргасан. Осол гаргахаас өмнө 14 удаагийн торгуультай байсан.

ГАРЦ ДЭЭР ЗОГСЧ БАЙГАА ЖОЛООЧ НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦНО

-Сүүлийн үед явган зорчигчид зам тээврийн осолд өртөх тохиолдол цөөнгүй гарч байна. Урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлыг хийж байна вэ?

-Улаанбаатарт явган зорчигчтой холбоотой осол нэлээд их байна. Энэ жил коронавирусээс урьдчилан сэргийлж, ЕБС-ийн хичээлийг карентилж хөл хорио тогтоосон. Үүнтэй холбоотойгоор хүүхэд зам тээврийн осолд өртөж байгаа тохиолдол бага байна. Явган зорчигчийн тухайд гарц гарамгүй газраар дур мэдэж гардаг. Мөн жолооч нар шөнө оройн цагаар согтуу хөдөлгөөнд оролцдог. Хөдөлгөөнд оролцож гарц гарамтай хэсэг болон гарцаар гарч байгаа хүмүүст жолооч нар зам тавьж өгдөггүй. Гарц дээр мөргөж дайрсан осол гарч байна. Иймээс тээврийн цагдаагийн албанаас энэ долоо хоногоос эхэлж явган хүний гарц дээр тавих хяналтыг эрчимжүүлж байна. Гарц дээр зам тавьж өгөөгүй жолооч нарт Зөрчлийн тухай хуулийн 14.7.38 заасны дагуу торгуулийн арга хэмжээ авна. Мөн явган зорчигч нар гарцгүй газраар гарч өөрсдөө амь нас эрүүл мэндээр хохирдог. Замын хөдөлгөөний дүрэмд явган зорчигчийн эрх, үүргийг заагаад өгчихсөн байдаг. Энэ үүргээ биелүүлэхгүйгээр зам тээврийн осолд орвол таны буруу, тээврийн хэрэгсэлд эвдрэл учруулвал та өөрөө төлөх нөхцөл байдалд орно гэдгийг ойлгуулахыг зорьж байна

-Он гарснаас хойш хэчнээн явган зорчигч зам тээврийн осолд өртсөн бэ?

- 2019 онд 2089 явган зорчигч зам тээврийн осолд өртсөн. Үүнээс 140 хүн амь насаараа хохирч 1949 хүн хүнд хөнгөн хэлбэрээр гэмтсэн байгаа. Энэ он гарснаас хойш буюу эхний таван сарын байдлаар 485 явган зорчигч зам тээврийн осолд өртсөн. Ослын улмаас 51 хүн нас барж 435 хүн гэмтсэн. Хамгийн сүүлд буюу энэ сарын 9-ны орой 22 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт явган зорчигч зам тээврийн осол гэмтэлд холбогдож амь насаа алдсан. Мөн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт явган зорчигч зам тээврийн осолд орсон байгаа. Уг осол гаргасан жолооч хэргийн газрыг орхиж явсан. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж жолоочийг олж тогтоосон. Тухайн осолд орсон иргэн ГССҮТ-д ухаангүй эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Жолооч нар шөнө орой хөдөлгөөнд оролцохдоо камергүй, гэрэлгүй газар осол гаргачихаад зугтаах тохиолдол цөөнгүй гарч байна. Цагдаагийн байгууллагаас явган зорчигч болон жолооч руу хандсан ажлыг эрчимжүүлнэ. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тохиолдолд явган зорчигч болон жолоочид хоёуланд нь хариуцлага тооцно. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллээд явна. Жолооч нар явган хүний гарц дээр гарч тэмдэглэгээн дээр зогсчихдог. Энэ үед гарц гэрлээр гарч байгаа явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулах тохиолдлууд байдаг. Иймээс гарц дээр зогсч байгаа жолооч нарт хариуцлага тооцно.