Япон руу нэвтрэх хязгаарлалтыг сунгахаар төлөвлөж байна

Н.Баярмаа / Гадаад мэдээ

Коронавирусний улмаас тогтоосон Япон руу нэвтрэх хязгаарлалтыг дор хаяж нэг сараар сунгахаар төлөвлөж байгаа тухай “Yomiuri” сонин мэдээлжээ.

Тус сонинд мэдээлж буйгаар, Японы Засгийн газар өмнө нь олгосон визийн хугацааг түр зогсоох зэрэг зургадугаар сарын сүүлчээс хэрэгжиж эхэлсэн хязгаарлалтыг доод тал нь нэг сараар сунгахаар төлөвлөжээ. Тус улсын Ерөнхий сайд Абэ Шинзогийн даргалж буй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны үеэр холбогдох албан ёсны шийдвэрийг гаргах төлөвтэй байна.

Үүний зэрэгцээ Японы эрх баригчид тус улсад нэвтрэх хязгаарлалтыг аажмаар сулруулахаар төлөвлөж байгаагаа өмнө нь мэдэгдэж байсан юм. Тодруулбал, Гадаад хэргийн сайд Тошимицу Мотэги эхний ээлжинд бизнес эрхлэгчид, мэргэжилтнүүд тодорхой болзлыг дагаж мөрдөн зорчих боломжтой гэж мэдэгдэж байв. Түүнчлэн Вьетнам, Австрали, Шинэ Зеланд мөн Тайландын иргэдэд нэвтрэх хязгаарлалтыг зөөлрүүлэхээр төлөвлөж байгаа талаар мэдээлж байжээ.

Цар тахлын улмаас Японы эрх баригчид АНУ, Европын Холбоо болон Зүүн Өмнөд Азийн орнууд, Хятад, Өмнөд Солонгос, Орос, Беларусь, Украин зэрэг 100 гаруй орны иргэдийг тус улсад зорчихыг хориглосон билээ. Хязгаарлалт энэ оны зургадугаар сарын эцэс хүртэл үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Абэ Шинзо тавдугаар сарын 25-нд мэдэгдсэн юм.

Хамгийн сүүлийн мэдээллээр, Японы нутаг дэвсгэрт коронавирусний халдвар авсан хүний тоо “Diamond Princess” аяллын хөлөг онгоцны багийн гишүүд, зорчигчдыг оруулаад 18 мянга давж, 935 хүн нас баржээ. Халдвар тархснаас хойш 16 мянга гаруй хүн эдгэрсэн байна.