Ялалтын баярт 12 орны тэргүүн оролцохоо мэдэгджээ

Н.Баярмаа / Гадаад мэдээ

Зургадугаар сарын 24-нд болох Ялалтын баярын арга хэмжээнд гадаадын 12 орны төрийн тэргүүн оролцохоо баталгаажуулсныг Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгджээ. Тэрбээр өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Үндэсний аюулгүй байдлын гишүүдтэй хийсэн хурлын үеэр энэ тухай мэдэгдсэн байна. Ялалтын баярт оролцохоо баталгаажуулсан 12 орны төрийн тэргүүний олонх нь Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнууд аж.

Коронавирусийн цар тахлаас болж ОХУ нь жил бүр тавдугаар сарын 9-нд уламжлал болон зохион байгуулдаг Ялалтын баярын цэргийн сүрт жагсаалыг хойшлуулсан юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ялалтын баярыг зургадугаар сарын 24 рүү хойшлуулахдаа 1945 онд анх Улаан талбайд Зөвлөлтийн цэргүүд жагссан өдрийг сонгосон аж. Тухайн үед дэлхийн II дайнд фашист Германы эзлэн түрэмгийллээс Европыг чөлөөлж, Берлинийг эзэлж, Ленинград, Сталинградыг чөлөөлж, Москва хотын төлөө тулалдсан Зөвлөлтийн армийн цэргүүд Улаан талбайд баяраа тэмдэглэн жагссан байв.

Эх сурвалж: The Moscow Times