NBA-ийн гурван тоглогч коронавирусын халдвар авчээ

Aдмин / Спорт

NBA ирэх долдугаар сард эргэн ирэх эсэх нь эргэлзээтэй байна. Өнөөдөр Индиана Пэйсерс багийн Малколм Брогдон болон Сакраменто Кингс багийн хослол болох Жабари Паркер, Бадди Хилд нар халдвар авсан тогтоогджээ. Мөн зургаадугаар сарын 24-нд Денвер Наггетс багийн од тоглогч Никола Йокич болон өрнөд бүсийн плэй-оффын байрлалын төлөө өрсөлдөж буй багуудын дөрвөн тоглогч шинэ коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон байна.

Энэ тухай Малколм Брогдон “Би саяхан covid вирусийн халдвар авснаа мэдлээ. Одоогоор тусгаарлалтанд байна. Би эмчилгээгээ хийлгэж, сайн байгаа. Ирэх долдугаар сард багтайгаа Орландо хотод эргэн нэгдэхээр төлөвлөж байна” хэмээжээ. Харин Жабари Паркер “Хэд хоногийн өмнө би covid-19 өвчний халдвар авчээ. Халдвартай гэдгээ мэдсэн даруйдаа л Чикаго хотод тусгаарлалтад орсон. Эмчилгээгээ хийлгэж, бие маань сайжирч байна. NBA-ийн улирал үргэлжлэх үед Орландогийн талбай дээр багийнхантайгаа нэгдэх болно” гэлээ. Харин Бадди Хилдийн талаар албан ёсны мэдэгдэл гараагүй байна. Мөн саяхан Лос Анжелес Лэйкерс багийн гол тоглогчдын нэг Эвери Брэдли энэ улиралд дахин тоглохгүй гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр өөрийн хүүхдүүд болон ойр дотныхоо хүмүүст халдвар тараахгүй байхыг хүссэн байна.

NBA үргэлжлэн явагдах АНУ-ын Флорида муж шинэ коронавирусийн халдвар авсан тоогоороо улсдаа дээгүүр байр эзэлж байна. Нийт 106 мянга гаруй оршин суугч халдвар авсан гэсэн үзүүлэлттэй байгаа аж.

Б.Мөнхдулам, DNN.MN