Д.Нарангэрэл: Манай иргэд анхаарал, сэрэмжээ бууруулж байхад дэлхийн улс орнуудад өвчлөлийн тоо улам бүр нэмэгдэж байна

Н.Баярмаа / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цар тахлын талаарх цаг үеийн мэдээллийг хийсэн. Энэ үеэр ЭМЯ-ны Тандалт судалгааны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

-Covid-19-т халдвар дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж, 13 сая 885 мянган хүн өвчиллөө. Сүүлийн 24 дэлхийд 226 мянган хүн шинээр халдвар авч, 5000 гаруй хүн нас барлаа. Энэ нь өвчлөл өмнөх өдрийнхөөс 16 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт. Тухайлбал, АНУ-д 67 мянга, Бразилд 45 мянга, Энэтхэгт 32 мянган хүн өвчилсөн байна. ОХУ-д сүүлийн 24 цагт 6.4 мянган хүн шинээр халдвар авч, 167 хүн эндсэн байна. Манайхтай хил залгаа Тува, Буриад, Читад 35-45 хүн өвчиллөө.

Иргэд анхаарал суларч, амны хаалтгүй бөөнөөрөө явж байгаа талаар сэрэмжлүүлэг их ирүүлж байна. Манай иргэд анхаарал сэрэмжээ энэ мэт бууруулж байхад эсрэгээрээ дэлхийн улс орнуудад өвчлөлийн тоо улам бүр нэмэгдэж үүний эсрэг улс орнуудын авах арга хэмжээ өндөрсөж байна. Тиймээс иргэдийг маскаа зүүж, гараа тогтмол угааж анхаарал сэрэмжээ сулруулахгүй байхыг уриалж байна гэлээ.

Дэлхийн бусад улс орны коронавируст халдварын өнөөгийн нөхцөл

  • Бразилд өчигдөр 45400 шинэ тохиолдол бүртгэгдсэн.
  • БНЭУ-д 32600 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт тохиолдол 968 мянга боллоо.
  • Казахстанд өчигдөр 1674 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингээд нийт халдвар 63100 болжээ.
  • Австралид 330 шинэ тохиолдол, хоёр нас баралт бүртгэгджээ.
  • БНСУ-д өчигдөр 60 шинэ тохиолдол, хоёр нас баралт бүртгэгдсэн байна.
  • БНХАУ-д өчигдөр шинээр 10 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд ес нь гаднаас зөөвөрлөгджээ.