Нийслэл хогноосоо хэзээ салах вэ?

Б.Лхамаа / Нийгэм

Дэлхийн банкнаас манай гаригийн хог хаягдлын талаар гаргасан судалгааны тайланд дэлхийн хог хаягдал гурван жилийн дотор 10 гаруй хувиар өсчээ. Судалгаанд хамрагдсан улс орнуудаас Америк болон Монгол Улс нэг хүнд оногдох хог хаягдлын хэмжээгээрээ тэнцэж энэ үзүүлэлтээрээ дэлхийн орнуудыг тэргүүлсэн байна. Тодруулбал, Америк, Монгол хүн тус бүрт 750 кг-аас дээш хог хаягдал оногдож байгаа юм. Өнөөдөр хөгжилтэй орнууд дэлхийн хүн амын 16 хувийг бүрдүүлдэг ч нийт хог хаягдлын 34 хувийг бүрдүүлдэг байна. Нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл цаашид манай гаригийн хүмүүс жилд дунджаар 3.4 тэрбум тонн хогийг үүсгэж байгаль дэлхийгээ бохирдуулах тооцоолол гарчээ.

Өндөр хөгжилтэй улс орон өргөн хэрэглээнд тулгуурласан амьдралын хэв маягт шүүмжлэлтэй хандаж хог хаягдал бага үүсгэхийг зорьж байна

Улсын маань нийслэл Улаанбаатарыг “Азийн цагаан дагина” хэмээн өргөмжилж байсан үе бий. Энэ үед нийслэл хот маань үнэхээр цэвэр цэмцгэр, цэцэгт ногоон гудамж, цэлгэр өргөн гудамж талбайтай амар тайван хот байжээ. Өнөөдөр эдийн засаг, материаллаг нийгмийн хөгжлийг дагаад хог хаягдлын хэмжээ өссөөр байгаа ч цөөхөн хүн амтай манай улс нэг хүнд оногдох хог хаягдлын хэмжээгээр дэлхийд тэргүүлж байгаа нь харамсалтай. Иймээс хог хаягдалтай тэмцэх, дахин боловсруулалт хийх асуудалд төр, засгаас анхаарал хандуулах цаг болжээ.

Улаанбаатар хотын нэг жилийн хог хаягдлын хэмжээ 1.1 сая тонн-д хүрдэг бөгөөд сүүлийн жилүүдэд энэ нь даруй 83 хувиар өсчээ. Энэ нь хөдөө орон нутгаас хот суурин газарт шилжих хөдөлгөөн ихсэж, нийслэлийн хүн амын тоо жилээс жилд өсч байгаа нь хатуу хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх асуудалд тооцоолоогүй ачаалал нэмэгдэж хүндрэл, чирэгдэл учруулах болсонтой холбоотой. Нэг оршин суугчаас хоногт 0,5 кг, жилд 200 кг хуурай хог хаягдал, 1000 хавтгай дөрвөлжин метр талбайд 0.2 тонн хог цуглардаг гэж тооцоолдог байна. Нэг өрх айлаас л өдөрт хичээн хог гардгийг бид бүхэн мэднэ. Хог хаягдал бол хүний үйл ажиллагаанаас үүсэн гарч буй хэрэгцээгүй эд зүйлс юм. Өөрөөр хэлбэл хүн аж төрж байгаа цагт хог хаягдал үүссээр байх болно.

Тиймээс ч өндөр хөгжилтэй улсуудад их хэмжээний үйлдвэрлэл, өргөн хэрэглээнд тулгуурласан амьдралын хэв маягт шүүмжлэлтэй хандах болж, улмаар хог хаягдлыг бага үүсгэхийг зорих болжээ. Монголын ард түмний уламжлалт хэв маяг нь байгаль экологид хамгийн ээлтэй байсан. Энэ нь нүүдлийн амьдралдаа эргэн ор гэсэн үг биш, харин өвөг дээдсийнхээ амьдрах арга барилыг уламжлан авч явах нь чухал юм.

Хог хаягдлын цэгүүд эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна

Хотын захын хороолол болон төвийн хороолол дундах байрнууд хогондоо дарагдсан хэвээрээ оршин суугчдын бухимдлыг төрүүлсээр байна. Манай улсад хог хаягдлын нэгдсэн менежментийн тогтолцоо төлөвшөөгүй, хатуу хог хаягдлыг ил задгай хамаагүй хаядаг, тогтмол хугацаанд татан зайлуулдаггүй, зөвхөн газарт дарж булах аргаар устгадаг. Аюултай хог хаягдлыг устгах зориулалтын байгууламж байхгүйгээс ихээхэн хэмжээний хуримтлал үүссэн, хог хаягдлын цэгүүд эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа зэргээс хүрээлэн байгаа орчин бохирдож, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөөр байгаа юм.

Иймд хог хаягдлын менежментийг шинэ шатанд гаргаж хог хаягдлыг эх үүсвэр дээр бууруулах, бохирдуулагч нь төлбөр төлөх зарчимд тулгуурлан иргэдийн сэтгэлгээг өөрчилж, ухамсрыг дээшлүүлэх асуудлыг бодлогоор дэмжиж хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна. Үүний тулд хог хаягдлыг зайлуулах дэд бүтцийг бий болгох, чадавхийг бэхжүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн хариуцлагыг өндөржүүлж, бүх нийтийн оролцоотойгоор хамтдаа хог хаягдлыг бууруулж, цэвэр эрүүл орчинг бүрдүүлэхэд анхаарах нь чухал юм.

Өндөр хөгжилтэй оронд бункерын систем бүхий орон сууцнаас татгалзах болжээ

Улаанбаатар хотод хогийн бункертэй байрнууд элбэг байдаг. Энэ нь хэдийгээр оршин суугчид хогоо байрнаасаа гарахгүй хаях боломжтой ч бункерт удсан хог ялзарч үмхийрэн тухайн орчин эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй болдгоос гадна гал гарах ч эрсдэл дагуулдаг. Тиймээс өндөр хөгжилтэй оронд бункерийн систем бүхий орон сууцнаас аль хэдийнэ татгалзах болсон.

Сүүлийн үеийн байрууд дотроо хогийн бункергүй болсон нь сайн талтай ч гаднах хогийн цэгээ хороолол дотор байрлуулсан нь мөн л эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа юм.

Иймээс хог тээврийн үйлчилгээг сайжруулахад холбогдох байгууллагууд анхаарал хандуулж арга хэмжээ авч ажиллахыг иргэд хүсч байгаа. Хогийг ачих, тээвэрлэх хугацааг нь богиносгохын тулд хог тээврийн үйлчилгээг хуваарийн дагуу тогтмол гүйцэтгэдэг байх нь нэн түрүүнд шийдэх асуудлын нэг болоод байна.

“Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл” хэрэгжүүлнэ

Улаанбаатар хотын захиргаа хотын хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг гүйцэтгэж байгаа аж.

Энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар хотын баруун өмнө байрлах Морингийн давааны хогны цэгт Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр барих, хог булшлах ландфиллын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлууд хийгдэх юм байна.

Түүнчлэн Морин давааны хогны цэгт бүх барилгын хог хаягдлыг шилжүүлж эхлэх болсонтой холбоотойгоор Нарангийн Энгэрийн хогны цэг болон Цагаан Давааны хогны цэг дээр хаягдал цуглуулдаг хүмүүсийн өрхийн амьжиргаанд ч мөн нөлөөлнө гэж үзэж байгаа юм.

Нийслэлийн хэмжээнд гурван томоохон хогийн цэг байдгийн нэг нь Цагаан даваа. Улаанбаатар хотын хэмжээнд өдөрт 3,000 тонн хог гардгаас 100 тонн нь Цагаан даваагийн хогийн цэгт ирдэг бөгөөд үүнийг ландфилл буюу дарж булах технологиор устгадаг юм байна.


Сэтгэгдэл

Хог, үзэл суртал ба монголчууд. [202.131.225.53] 2020-07-20 05:51:29

Эсхүл коммунизм, эсхүл хог тэвчдэггүй шашин манайд гүн дэлгэрэх юм бол тэр үед л хогноосоо салж магадгүй. Тэгээгүй цагт Монголд хогийг дуртай газраа хаяад л, хотын захиргаа хогоо чадах хирээр цуглуулаад л, чадаагүй хог нь агаарт хийсээд байж л байна. Хог хаях чинь үзэл суртлаас хамааралтай, одоо бидэнд ямар үзэл суртал байгаа юм бэ?

Зочин [66.181.161.80] 2020-07-18 03:09:27

Дараагийн сонгуулиар. Ха ха ха. Хүүк бүх мөнгөөрөө сонгууль хийгээд хогны машинуудаа хөдөлгөх дизелийн мөнгөгүй болсон. Сонгуулийн өмнө өдөр бүр хогоо гаргахад л бараг машинтай хүн гар дээрээс шүүрч авч явчих гээд байсныг санаж байна уу? Арай л 7 хоногт нэг ачиж байсан уу яасан. Сонгууль өнгөрөөд сар болох гэж байхад хогны машин сураггүй. Зуслангууд, захын хороолол хогондоо дарагдсан.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.