Э. Амарбаясгалан эмчийн зөвлөгөө: Артерын даралт

Н.Баярмаа / Эрүүл мэнд

Артерын даралт гэж юуг хэлэх вэ?

Артерын даралт ихсэлт Артерын судасны хананд үзүүлэх цусны урсгалын хүчийг артерын даралт гэнэ. 2018 онд шинчлэгдсэн үндэсний эмнэлзүйн удирдамжинд тодорхойлсноор хамгийн багадаа 3 удаагийн ирэлтийн үзлэгт, нийт 4-6 удаагийн хэмжилтээр систолийн буюу дээд даралт >130мм муб ба диастолын буюу доод даралт >80 мм муб байхыг артерын даралт ихсэлт гэнэ. Артерын даралт ихсэлтыг анхдагч болон хоёрдогч гэж хуваадаг ба шалтгаан тодорхой бус олон эрхтэн тогтолцоог гэмтээсэн эмнэлзүйн шинж тэмдгээр илэрдэг архаг явцтай эмгэгийг анхдагч артерын даралт ихсэлт гэнэ.

Ямар нэг өвчний улмаас болж үүсэх артерын даралт ихсэх хамшинжийг хоёрдогч артерын даралт ихсэлт гэнэ. Артерын даралт ихсэлтийн тархалт: Артерын даралт ихсэлт нь халдварт бус өвчнүүдийн дундаас хамгийн тархалт өндөртэй эмгэг бөгөөд дэлхийд артерын даралт ихсэлт гэсэн оноштой 1.6 тэрбум хүн амьдардаг байна. Харин Монгол улсад нийт насанд хүрэгсдийн 27% нь артерын даралт ихсэлттэй бөгөөд 2009 оны STEPS судалгааны дүнгээс үзэхэд артерын даралт ихсэлтийн тархалт Монголчуудын дунд нас ахих тусам нэмэгдэх хандлагатай байсан байна. Артерын даралт ихсэлтын шалтгаан Нийт артерын даралт ихсэлтын 90-95% анхдагч даралт ихсэлт, 10-15% хоёрдогч артерын даралт ихсэлт байдаг. Хоёрдогч артерын даралт ихсэлт нь бөөрний эдийн эмгэгүүд, бөөрний артерын эмгэгүүд, дотоод шүүрлийн эмгэгүүд болон зарим эмийн бэлдмэлийн үед үүсдэг байна.

Артерын даралт ихсэлтийн эрсдэлт хүчин зүйлс:

  • Стресс,
  • Таргалалт,
  • Давсны хэт их хэрэглээ,
  • Архины буруу хэрэглээ
  • Хөдөлгөөний хомсдол
  • Удамшил
  • Хоолны зохисгүй хэрэглээ
  • Тамхидалт
  • Цусан дахь холестерин ихсэх

Артерын даралт ихсэлтйн үед илрэх зовиур:

  • Толгой өвдөж эргэх
  • чих шуугих
  • ядрах
  • цочромтгой болох
  • нойр хулжих
  • зүрхээр өвдөх
  • зүрх дэлсэх
  • амьсгаадах
  • нүд бүрэлзэж хараа муудах

Гэрийн нөхцөлд Артерын даралт хэмжиж хянах арга Гэрийн нөхцөлд артерын даралтыг өөрөө тогтмол хэмжих нь өвчний явцыг хянах, даралт бууруулах эмчилгээний үр дүнг үнэлэхэд чухал ач холбогдолтой. Гэрийн нөхцөлд артерын даралтыг хэмжих аргачлал: Чимээгүй орчинд 5 миниут тайван байдалд байлгасны дараа суугаа байрлалд автомат аппаратаар 1-2 миниутын зайтай 2удаа хэмжиж тэмдэгэл хөтлөнө. 7-14 хоног хүртэлх хугацаанд өдөр бүр өглөө ба оройн цагт хэмжиж дундаж хэмжээсийг гаргана.

Артерын даралт ихсэлтийн эмчилгээ Артерын даралт бууруулах эмчилгээний зорилго нь цусны даралт ихсэлтээс хамааралтай зүрх судасны өвчний өвчлөл ба нас баралтыг бууруулахад оршино. Энэхүү зорилгод хүрэхийн тулд артерын даралтыг хэвийн түвшинд барих, эрсдэлт хүчин зүйлчийг арилгах, хавсарсан өвчнийг эмчлэх шаардлагтай.

Артерын даралт ихсэлтийн эмчилгээний арга

  1. Эмийн бус эмчилгээ
  2. Эмийн эмчилгээ

1. Эмийн бус эмчилгээ нь амьдралын хэв маягийг өөрчлөхөд чиглэглдэх бөгөөд артерын даралт ихэссэн хүмүүст болон артерын даралт ихсэлттэй бүх үйлчлүүлэгчдэд амьдралын хэв маяг ийг өөрчлөх чиглэлээр зөвөлгөө өгөх ёстой. Үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийн сургалт нь эмчилгээний төлөвлөгөөний чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд эмчилгээний дэглэмийг мөрдөхөд дэмжлэг үзүүлдэг. Эмийн бус эмчилгээнд дараах арга хэмжээг авна:

  • Тамхинаас татгалзах
  • Биеийн жинг хэвийн болгох
  • Дасгал хөдөлгөөн хийх
  • Архины хэрэглээг бууруулах
  • Давсны хэрэглээг бууруулах
  • Хоолны дэг барих
  • Стресс төв тайлж сурах

2. Эмийн эмчилээний аргыг нарийн мэргэжлийн эмчид хандан өөрт тохирох эмийн бүлгээс сонгон хэрэглэх хэрэгтэй.