Д.Нямхүү: Афганистан улсаас ирсэн цэргийн албан хаагч 25 хүнээс коронавирус илэрлээ

Н.Баярмаа / Эрүүл мэнд

ЭМЯ-аас Коронавирусын талаар цаг үеийн мэдээлэл хүргэлээ. Манай улсад өнгөрсөн өдөр вирусын шинэ тохиолдол 25 бүртгэгдэж батлагдсан халдварын нийт тохиолдол 287 боллоо. Өчигдрийн байдлаар манай улсад 2 хүн ажиглалтад шинээр орж 61 хүн ажиглалтаас гарснаар одоо 2843 хүнийг хүнийг үргэлжлүүлэн ажиглаж байна. Үүнд 1-5 насны 191 хүүхэд, жирэмсэн эмэгтэй 109, архаг хууч өвчтэй 327 хүн байна. Эдгээр хүмүүст 41 их эмч 70 резидент эмч эмчилгээ тусламж үзүүлж байна.Тусгай үүргийн онгоцоор ирсэн 52 хүнийг цэргийн төв эмнэлэгт тусгаарлан эмчилж байна. Эрчимт эмчилгээнд 4 хүн биеийн байдал хүндэвтэр байгаа аж.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “Долдугаар сарын 17-ны өдөр ХӨСҮТ-ийн хоёр, Дарханы салбар лаборатори, ЗӨСҮТ-ийн нэг лабораторид тандалтын зорилгоор 555 хүнээс цуглуулсан сорьцод шинжилгээ хийхэд 530 сорьцод коронавирус илрээгүй. харин Афганистан улсаас ирсэн цэргийн албан хаагч 25 хүнээс коронавирус илэрлээ. Афганистанаас нийт 113 цэргийн албан хаагч ирээд байгаагийн 53-аас нь вирус илэрч буй нь энэ юм. Эдгээр нийт цэргийн албан хаагчдад бид онцгой анхаарал хандуулж байгаа. Шинжилгээнүүдийг давтан хийнэ.

Ажиглалт тандалтын зорилгоор хийгдсэн шинжилгээнүүдийг задалж танилцуулбал,

  • Долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 182 хүн
  • Эх орондоо буцаж байгаа БНХАУ-ын 240 иргэн /сайн дурын шинжилгээ/
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 28 хүний давтан шинжилгээ
  • Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 23 жолооч
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 хүн
  • Идэвхтэй тандалтын зорилгоор санамсаргүй байдлаар сонгосон 9 сорьцод тус тус шинжилгээ хийгдэж эдгээрээс вирус илрээгүй байна.

Нийт батлагдсан тохиолдол 287 болсноос 211 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 76 хүний биеийн байдлыг үнэлбэл, 69 нь хөнгөн, долоон хүн нь хүндэвтэр байна. Одоо ХӨСҮТ-ийн эмчилгээ хяналтын дор 140 хүн байна" гэв.