Д.Нямхүү: Өчигдөр 330 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын асуудлаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Дэлхий дахинаа 14,455,000 хүн коронавируст халдвараар өвчилж, 608,000 хүн энэ өвчний улмаас эндлээ. 8.6 сая хүн эдгэрч, 5.2 сая хүн эмчлэгдэж байгаа.

Сүүлийн 24 цагт 186,000 хүн шинээр халдвар авч, 4,000 гаруй хүн энджээ. Өнгөрсөн хоногт АНУ-д 67,000, Бразилд 23,000, Энэтхэгт 39,000 хүн шинээр халдвар авжээ. ОХУ-д 6,109 хүн шинээр халдвар авч, 95 хүн эндсэн байна.

Манай улсын хувьд өнөөдөр 24 хүн шинээр ажиглалтад орж, нэг хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн. Өнөөдрийн байдлаар 2,784 хүн тусгаарлан ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт 52 хүн байгаагийн дөрөв нь эрчимт эмчилгээний тасагт байгаа. Сүүлийн 24 цагт 119 тусгай дугаарт 122 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр АНУ-аас нэг иргэн холбогдож, зөвлөгөө мэдээлэл авлаа" гэв.

НИЙТ БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 287 БАЙГААГААС 213 НЬ ЭДГЭРСЭН

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Долдугаар сарын 19-нд нийт 330 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Тодруулбал, долдугаар сарын 4-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 253 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д сэжигтэй гэж тусгаарласан долоон хүний давтан шинжилгээ, Ханги боомтоор орж ирсэн жолооч нар болон Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн жолооч нарын шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн эдгэрч ХӨСҮТ-өөс гараад сувилалд байгаа 24 хүнд хяналтын шинжилгээ хийхэд вирус илрээгүй.

Нийт батлагдсан тохиолдол 287 байгаагаас 213 нь эдгэрсэн. Одоо ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 74 хүний 64-ийнх нь биеийн байдал хөнгөн, 10 нь хүндэвтэр гэж үнэлэгдсэн. Нэг жирэмсэн эмэгтэй эмчилгээнд байгаа. Бид дараагийн чартерын онгоцыг хүлээн авах бэлтгэлээ бүрэн хангаад хүлээж байна" гэв.