А.Амбасэлмаа: Эдгэрсэн хүмүүс дахин халдвар тараана, тараахгүй гэдгийг дэлхий нийт одоогоор тайлж чадаагүй байна

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Дэлхий дахинаа 14,455,000 хүн коронавируст халдвараар өвчилж, 608,000 хүн энэ өвчний улмаас эндлээ. 8.6 сая хүн эдгэрч, 5.2 сая хүн эмчлэгдэж байгаа. Өнгөрсөн хоногт АНУ-д 67,000, Бразилд 23,000, Энэтхэгт 39,000 хүн шинээр халдвар авчээ. ОХУ-д 6,109 хүн шинээр халдвар авч, 95 хүн эндсэн байна. ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын төгсгөлд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-12 мянган оношлуурын нөөцтэй гэж байсан. Оношлуурын нөөц ямар байгаа вэ?

- 16-20 мянган шинжилгээ хийх оношлуурын нөөцтэй. Оношлуурын нөөц хангалттай, татан авалт хэвийн хийгдэж байгаа.

-ҮАБЗ дээр 500.000 ам.доллараар оношлуур авах асуудал яригдсан гэж байна. Энэ талаар тодруулж мэдээлэл өгнө үү?

- Энэ талаар надад тодорхой мэдээлэл алга. Ер нь бол оношлуурын нөхөн хангалт хийгдэх ёстой. Бидэнд 20000 оношлуурын нөөц байгаагаас хоногтоо 400-500 хүний шинжилгээ хийгдэж байна. Оношлуурын татан авалтыг тусгай үүргийн онгоцоор авчирдаг .

ШИНЖИЛГЭЭГ ХУГАЦААТАЙ ХИЙЖ БАЙГАА НЬ ХАЛДВАР СУДЛАЛЫН ЗААЛТ ЮМ

-Тусгаарлагдаж байгаа иргэдэд виурсын шинжилгээ хэрхэн хийгдэж байгаа?

-Энэ асуудал цахим орчин нэлээд гарч байгаа. Манай ард иргэд нэгдсэн нэг ойлголтод хүрэх ёстой. Бид нар ажиглалт хийж тусгаарлах байранд ард иргэдээ авч байгаа. Энэ нь 21 хоногийн хугацаатай. Энэ тандалтыг явуулахдаа эмнэлгийн журмаар эрүүл мэндийн байгууллага хянаж, өглөө оройдоо эрүүл мэндийн асуумж судалгаа авч байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар тусгай үүргийн онгоцоор ирж байгаа иргэдээс 24-72 цагийн хооронд шинжилгээ авдаг. Мөн 19-20 хоног дээр давтан шинжилгээ авч байгаа. Бидний гол зорилго тусгай үүргийн онгоцоор ирж байгаа иргэдээс батлагдсан тохиолдлыг илрүүлэхээс гадна ард иргэдийнхээ дунд вирусийн халдварыг тараахгүй байх юм.

Бид энэ зорилгоо биелүүлж ажиллаж байгаа. Долоон сарын хугацаанд тусгай үүргийн онгоцоор ирж байгаа иргэдээс батлагдсан тохиолдлыг илрүүлж, эмчилгээ хийж байна. Мөн ард иргэдийн дунд өвчлөлийг тараалгүй долоон сар ажиллаж байна. Шинжилгээг халдвар судлалын заалтаар явдаг. Халдвар илрээгүй тохиолдлыг хоёр удаа шинжилж байгаа. 21 хоногийн ажиглалтаар шинэ вирусийн халдвар нь эмчлэгдээд гарч байгаа хүнээс дахин вирус илрэх асуудал гарч байна. Гаднаас ирсэн иргэд хөнгөн балархай хэлбэрээр өвчлөх, эсвэл шинж тэмдэггүй өвчилж, вирус илрэхгүй байж байгаад илрэх тохиолдол гарч байгаа учраас 21 хоногийн хугацаанд тусгаарлаж хяналт, ажиглалт хийж байна. Зарим улс орон иргэдээ 28 хоног тусгаарлаж байгаа.

-Эмчлэгдэж, сувиллын тусгаарлалтад шилжсэн хүнээс дахин коронавирус илэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

-Эдгэрсэн хүн 30,40 хоногийн дараа эргээд вирус ялгаруулах тохиолдол дэлхийн улс, орнуудад олон гарч байгаа. Ийм асуудал манай улсад ч тохиолдож байна. 40-60 хоног эмчлэгдээд эдгэрсэн хүнээс 4, 5 удаагийн шинжилгээ авч, хариу нь сөрөг гарсан бол эмнэлгээс гаргаж байгаа. Дараа нь дахин 14 хоног сувилалд тусгаарлаж байна. Эдгэрсэн хүмүүс дахин халдвар тараана, тараахгүй гэдгийг дэлхий нийт одоогоор тайлж чадаагүй байна.

Бид эдгэрсэн хирнээ дараа нь давтан шинжилгээнээс нь вирус илэрч буй хүмүүсийг ажиглан тандаж, давтан шинжилгээнүүдийг байнга авч байгаа бөгөөд ард иргэдийнхээ дунд энэ халдварыг алдахгүйн тулд халдвар судлалын заалтаар ажиллаж байна. Иймээс ард иргэд зөв ойлголттой байж хүн хоорондын зай барьж, амны хаалт зүүх дүрмийг маш сайн мөрдөх хэрэгтэй.