Д.Нямхүү: Өчигдөр 520 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинаа 14,685,000 хүн коронавируст халдвараар өвчилж, 614,000 хүн эндээд байна. 8.8 сая хүн эдгэрсэн бол 5.8 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.

Өнгөрсөн хоногт АНУ-д 63,000, Энэтхэгт 36,000, Бразилд 23,000 халдвар авсан байна. Өвчлөл гарснаас хойш долоон сарын хугацаанд улс орон, бүс нутаг бүрт коронавирус тархвар зүйн хувьд өөр байгааг ДЭМБ-аас онцлон тэмдэглэлээ. Халдварын тархалт зарим оронд хурдтай буурч байгаа бол зарим оронд аажуу буурч байна. Тухайлбал, Япон, Австрали улсад өвчлөлийн хоёр дахь давалгаа гарсан ч тархалтын хурд эрчим өөр өөр байгаа юм. Тиймээс улс орон бүр халдвараас хамгаалах өөр өөр арга хэмжээг авч ажиллаж байна.

Манай олон аймагтай хил залгадаг ОХУ-ын бүс нутгуудад өвчлөл өндөр хэвээр байгаа. Сүүлийн 24 цагт 119 дугаарт 118 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр гадаадаас гурван иргэн холбогдож, зөвлөгөө мэдээлэл авлаа" гэв.

УЛИРЛЫН ТОМУУ, КОРОНАВИРУСТ ХАЛДВАРТАЙ ХАВСРААД БИДЭНД ЯМАР ХЭМЖЭЭНИЙ АЧААЛАЛ ДАРАМТ АВЧРАХ ВЭ ГЭДЭГ ДЭЭР БИД БЭЛТГЭЛТЭЙ БАЙХ ЁСТОЙ

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Долдугаар сарын 20-ны өдөр дөрвөн лабораторид нийт 520 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Тодруулбал, долдугаар сарын 20-нд ирсэн Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 250 хүн, цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 29 хүний давтан шинижлгээ, мөн тус эмнэлгийн 39 эмч, ажилтныг хяналтын шинжилгээнд хамруулсан, тандалтын зорилгоор авсан гурван хүний сорьцод хийсэн шинжилгээнд коронавирус илрээгүй.

Өнгөрсөн хугацаанд нийт 213 хүн эмчлэгдэн гарсан. Одоо 74 хүн эмчилгээнд байгаа. Тандалт судалгаа шинжилгээ үргэлжилж байна. Арав, арваннэгдүгээр сард улирлын томуугийн вирус дэгдэнэ. Тэр үед улирлын томуу, коронавируст халдвартай хавсраад бидэнд ямар хэмжээний ачаалал дарамт авчрах вэ гэдэг дээр бид бэлтгэлтэй байх ёстой. Өндөр зохион байгуулалтын доор бид нэг хүн шиг нэгдэн ажиллаж байгаа. Үүнийгээ үргэлжлүүлэх ёстой" гэлээ.