А.Амбасэлмаа: Эдгэсэн хүмүүсээс 20 гаруйд нь коронавирус дахин илэрч байна

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яам цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ өнөөдөр хийлээ. Тус яамны мэдээлж буйгаар, 24 цагийн ажиллагаатай 119 шуурхай утсанд иргэдээс нийт 118 дуудлага ирж, зөвлөгөө авчээ. Мөн АНУ, Япон улсаас манай улсын гурван иргэн холбогдож, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх эмнэлзүйн зөвлөгөө мэдээлэл авчээ. Иргэдээс ирүүлж буй мэдээллийн 60 гаруй хувийг иргэд амны хаалт зүүхгүй байна гэх гомдол эзэлж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Манай улсад нийт бүртгэгдсэн халдвараас 213 нь эдгэсэн. Эдгээр хүмүүсийг бид дараагийн шатны сувилалд шилжүүлж, ажиглаж байна. Шууд эмнэлэгээс гаргаж болохгүй байгаа учир нь эдгэсэн хүмүүсээс 20 гаруйд нь коронавирус дахин илэрсэн тохиолдол гарч байна. Бид дотооддоо алдаагүй тул дэлхийн бусад улсаас өөр арга хэмжээ авч байгаа.