Э.Пүрэв-Очир: Хурд хэтрүүлэх, хамгаалах бүс зүүхгүй байх, цаг үеийн нөхцөл байдлаа мэдэрч яваагүйгээс осол гардаг

Н.Баярмаа / Хууль

Хөдөө орон нутаг болон хотын зам тээврийн мэдээллийн талаар ТЦА-НЫ УСХ-ийн мэргэжилтэн Э.Пүрэв-Очироос тодрууллаа. Өнгөрсөн амралтын хоёр өдөр орон нутгийн замд ослоор 7 хүний амь эрсдэж, 7 хүн бэртэж гэмтсэн байна.

-Зам тээврийн ноцтой ослоор олон хүний амь нас эрсэдсэн харамсалтай мэдээллүүд өдөр алгасахгүй гарч байна. Сүүлийн арван хэдэн хоногт хэдэн арван хүн авто ослоор амь үрэгдлээ. Он гарсаар зам тээврийн ослоор нийт хичнээн хүн амь насаа алдаад байна вэ?

-Хагас жилийн байдлаар улсын хэмжээнд нийт 180 хүн зам тээврийн ослоор нас барлаа. Нийслэлд 50, орон нутагт 130 хүн нас барсан тоон мэдээлэл байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тээврийн цагдаагийн албанд 547 дуудлага мэдээлэл ирснээс зам тээврийн осол хэргийн шинжтэй 273 дуудлага мэдээлэл хүлээн авсан. Үүнээс зам тээврийн ослын улмаас долоон хүн гэмтэж, 7 хүн амь насаараа хохирсны 2 нь хүүхэд байлаа. Дээрх зам тээврийн ослууд орон нутгийн замд онхолдох хэлбэрээр бүртгэгдсэн.

Зам тээврийн ослын шалтгаан нь зөвхөн жолооч гэлтгүй замын эвдрэлтэй холбоотой байна уу?

-Энэ зун эхэлснээс хойш усархаг бороо нэлээдгүй орж байгаа. Үүнээс шалтгаалан олон байршлуудад зам талбай эвдэрсэн тохиолдлууд бүртгэгдсэн. Гэхдээ замын эвдрэлээс илүү тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлэх байдал нь зам тээврийн осол гаргах үндсэн нөхцлийг бүрдүүлж байна. Орон нутгийн замд гарч буй зам тээврийн ослын ерөнхий шалтгаан нь тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэх. Зарим жолоочид 80 км/ц миний автомашины хурд хүчинд моторын хүчин чадалд багадаж байна гэдэг. Хурдны дээд хязгаарыг хоёр тээврийн хэрэгсэл хоорондоо зөрж өнгөрөх үеийн салхины хүч, замын өргөн зэргээс хамаарч тогтоодог. Үүнээс гадна мотоциклтой осол аваарт өртөх тохиолдлууд нэмэгдлээ.Цаг агаарын байдлаас шалтгаалж эвдэрсэн, хад асгатай замыг сонгосноос тээврийн хэрэгсэлтэйгээ унах, онхолдох хэлбэрийн ослыг их гаргаж байна. Гэвч нийт бүртгэгдэж буй зам тээврийн ослын нэг орчим хувь нь замаас шалтгаалдаг гэдгийг тодотгох хэрэгтэй болов уу .

Замаас шалтгаалсан осол нэг хувь гэлээ. Зам тээврийн осол хэрэг гарч буй бусад шалтгаан хаана, хэнд байна?

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын сахилга батгүй, хариуцлагагүй үйлдэл буюу тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байх, хүн тээвэрлэх журам зөрчих, цагдаагийн байгууллагаар шаардуулж бүсээ хагас дутуу зүүдэг, зорчигчид хамгаалах бүс зүүлгэдэггүй, мөн цаашлаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолооддог гэх мэт зүйлсээс шалтгаалаад ноцтой зам тээврийн осол, хэргүүд орон нутгийн замд маш их гарч байна. Эдгээр осол хэргийн гол шалтгааныг харахад нэгдүгээрт хурд, хоёрдугаарт хамгаалах бүс, гуравдугаарт цаг үеийн нөхцөл байдаа мэдэрч яваагүй жолоочийн хариуцлагаас үүдсэн байдаг.

-Цагдаагийн байгууллагаас зам тээврийн ослыг бууруулахын тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Цагдаагийн байгууллагаас урьдчилсан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр маш олон төрлийн арга хэмжээг зохион байгуулаад явж байна. Өнгөрсөн жил “Орон нутгийн зам- Хөдөлгөөний соёл” арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлсэн “Яараад яахав дээ” аяныг энэ жил дахин зохион байгуулж байна. Өнгөрсөн онд энэ арга хэмжээний үеэр хүний амь нас эрсэдсэн, гэмтсэн зам тээврийн осол хэрэг 30 гаруй хувиар буурсан. Зуны улиралд, баяр наадмын үеэр орон нутгийн замд амь насаа алдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор бодит арга хэмжээг зохион байгуулсны үр дүн. Зургадугаар сарын 15-наас аравдугаар сарын 15 хүртэл үргэлжилсэн. Өнгөрсөн жил жолооч руу хандаж зохион байгуулсан бол энэ жил зорчигч руу хандан энэхүү аяныг зохион байгуулж байна. Таны сууж яваа тээврийн хэрэгслийн жолооч нойрмоглож байна уу, холын гэрэлтэй явж байна уу, тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн үү, хурд хэтрүүлсэн үү, ядарсан байна уу гэдгийг зорчигч хяналт тавьж өөрийнхөө болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй. Нийслэл хотод өнгөрсөн намар “Дураараа биш дүрмээрээ” аяныг зохион байгуулсан. Арга хэмжээ иргэдэд хүрч байгаа боловч жолоочийн өөрийн хариуцлагагүй байдлаас шалтгаалж осол буурахгүй байна. Зам тээврийн осол хэрэг жолоочийн, хувь хүний төлөвшилтэй их хамааралтай байдаг.


Сэтгэгдэл

зочин [115.65.47.30] 2020-07-22 05:58:25

Замын цагдаа, цагдаагийн ерөнхий газар осол аваар, гэмт хэрэг, зөрчлийг зөвхөн мэдээлэгчийн үүрэг гүйцэтгэдгээ болиоч ээ, та нар ажлаа хариуцлагатай шударга гүйцэтгэж эхлээч ээ, урьдчилан сэргийлэх, олон нийтэд таниулах, хууль дүрэм журмаа чангатгах, ягштал баримтлах биелүүлэхийг шаардах, хянах үүрэгтэй биз дээ? Гэтэл өдөр бүр зөвхөн мэдээлээд л суугаад байна уу?

Зочин [64.53.213.82] 2020-07-22 04:05:11

Zamiin tsagdaagiin baiguullaga teneg udirdlagatai uchiraas osol buurahgui bna. Buuruulj chadahgui bna. Eniig juramlah chini amarhan utaa arilgadag shig ue shattai tsoon arga hemjee avaad l zogsooj bolno.

Зочин [64.119.24.55] 2020-07-22 01:08:03

Оркуудын армийг устгах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ дайн дуусахгүй.

Оркод [103.10.21.30] 2020-07-22 04:05:47

Яс юман дээр чи өөрөө Орк л байгаа. Устгаж эхэлвэл чамайг алж эхлээд дараа нь бусдын гэх биз. Өөрийн толгой дээрх бухал өвсийг хараагүй байж хүний толгой дээрх ширхэг өвсийг олж хараад орилов гэх ч болж байна.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.