Д.Нямхүү: Халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй, шинээр хүлээн авсан иргэдээс сорьц цуглуулан шинжлэх ажил эхэлсэн

Н.Баярмаа / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Өчигдөр Токио-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр 261 иргэн эх орондоо буусан билээ. Тус онгоцонд бага насны хүүхэдтэй 89, жирэмсэн эмэгтэй дөрөв, өндөр настан 38, эмнэлгийн шалтгаантай 24 иргэн байжээ. Эдгээрээс цэргийн төв эмнэлэгт таван иргэнийг тусгаарлалтад авчээ.

Өчигдрийн байдлаар тусгаарлах байранд шинээр 333 хүн орж,80 иргэн ажиглалтаас гарч гэрийн ажиглалт руу шилжжээ. Ингэснээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 3395 иргэн ажиглалтад байгаа аж.

ЭМЯ-ны 24 цагийн 119 шуурхай утсанд иргэдээс нийт 180 дуудлага ирж, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө авчээ. Гомдол мэдээллийн дийлэнх хувийг иргэд олон нийтийн газар амны хаалт зүүхгүй байна, анхаарал суларч байна зэрэг зөрчил байнга эзэлж байна. Мөн АНУ, Солонгос улсаас манай улсын дөрвөн иргэн холбогдож, “Covid-19” халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө авчээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ: “Өчигдөр нийт 461 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.

Тодруулбал,

  • Сөүл-Улаанбаатарын /2020.07.02/ хоёр онгоцны 383 хүний давтан шинжилгээ
  • АНУ-аас /2020.07.02/ ирсэн 25 иргэний гуравдахь шинжилгээ
  • Идэвхтэй тандалтын зорилгоор 15 хүнээс цуглуулсан сорьц
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүний давтан шинжилгээ
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 20 жолоочийн шинжилгээ
  • Дархан-Уул аймагт тусгаарлагдсан нэг иргэн
  • Орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд зорчиж явсан 7 мянга гаруй иргэдээс авсан сорьцын шинжилгээнд тус тус вирус илрээгүй.

Ингээд Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн нийт 287 тохиолдлоос 213 хүнийг эмчлэн эдгэрүүлж дараагийн хяналтад шилжүүлсэн байна. Одоогоор 74 хүн коронавирусын улмаас эмчлэгдэж байгаа. Үүний 60 хүний биеийн байдал хөнгөн, 14-ийх нь биеийн байдал хүндэвтэр байна. ХӨСҮТ-ийн хяналт эмчилгээнд 106 хүн байна. Өчигдөр /2020.07.21/ Сөүл-Улаанбаатарын онгоцоор 260 иргэн, Австрали-Улаанбаатар чиглэлээр 48 хүн ирсэн. Эдгээр хүмүүсээс сорьц цуглуулан шинжилгээ хийх ажил эхлээд байна" гэлээ.