Д.Нямхүү: Өчигдөр 426 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 15.1 сая хүн өвчилсөн байна. 9.2 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Дэлхий дахинд 24 цагт 202 мянган хүн шинээр халдвар авч, 4,000 гаруй хүн эндлээ. АНУ-ын Өвчлөл судлалын үндэсний төвийн эмч, эрүүл мэндийн ажилтнуудын мэдээлснээр тус улсын 39 мужид халдвар нэмэгдсээр байгаа нь яаран хорио цээрийн дэглэмийг сулруулснаар болсон гэж үзсэн. Харин Вашингтоны их сургуулийн тооцооллоор АНУ даяар хүн бүр амны хаалт зүүвэл арваннэгдүгээр сар гэхэд нас баралтыг 5,000-аар бууруулах боломжтой.

Сургуулийг нээх тохиолдолд амны хаалтаа сайтар зүүх, хүн хоорондын зайгаа баримтлах, гараа сайтар савандаж угаах нөхцөлийг бүрдүүлэх нь маш чухал байгааг АНУ-ын Өвчин судлалын үндэсний төвийн эмч нар онцолсон.

Манай орны хувьд ажиглалтад өчигдөр 23 хүн орж, 52 хүн гарсан. Өнөөдрийн байдлаар 2,958 хүн ажиглалтад бий. Үүргийн онгоцоор ирсэн хүмүүсээс 68 хүн Цэргийн төв эмнэлэгт байгаагаас дөрвийнх нь бие хүндэвтэр, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. 24 цагийн хугацаанд 119 дугаарт 147 дуудлага ирж, зөвлөгөө мэдээлэл авлаа. "Шуурхай 119"-д гадаад улсаас дөрвөн иргэн холбогдож мэдээлэл авсан" гэлээ.

ХӨСҮТ-Д 104 ХҮН ЭМЧИЛГЭЭ, ХЯНАЛТАД БАЙНА

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр 426 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр бүгдэд нь вирус илрээгүй. Үүнд долдугаар сарын 21-нд Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 261 хүн, мөн өдөр Австралиас ирсэн 41 хүн багтаж байгаа. Өнөөдөр нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч сувилалд шилжлээ. Энэ өвчтөн нь 34 настай эмэгтэй бөгөөд 15 хоног эмчлэгдлээ. Батлагдсан 287 болсноос нь 214 эдгэсэн. Одоогоор ХӨСҮТ-д 73 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн 63 нь хөнгөн, 10 нь хүндэвтэр байна. ХӨСҮТ-д 104 хүн эмчилгээ, хяналтад байна. Тандалт, судалгаа шинжилгээ үргэлжилж байна. Тусгай нислэг хүлээж авах бэлтгэл алжаа хийж байна.