Монгол Улс, Япон Улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийв

Aдмин / Нүүр

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван энэ сарын 9-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги-той албан ёсны хэлэлцээ хийв.

Яриа хэлэлцээ найрсаг дотно уур амьсгалд болж, талууд Монгол, Японы харилцааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван манай улсын “гуравдагч хөрш”, ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги-гийн энэ удаагийн айлчлал манай улсад парламентын сонгууль болж, шинэ Засгийн газар үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй байгаа цаг үед, мөн Япон Улсад Ерөнхий сайд Ё.Суга-гийн Засгийн газар үйл ажиллагаагаа эхлүүлсний дараахан болж байгааг онцоллоо. Япон Улсын Гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлал Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлж, хамтын ажиллагаанд түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Гадаад хэргийн сайд Т.Мотэги дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед бүс нутгийн улс орнууд үйл ажиллагаагаа уялдуулж, нягт хамтран ажиллахын чухлыг онцлоод Япон Улсын Засгийн газар Монгол Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг цаашид ч өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Тэрээр Япон Улсын Засгийн газар манай улсад нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу 0,01 хувийн хүүтэй 25 тэрбум иенийн (230 гаруй сая ам.доллар) зээл олгохоор шийдвэрлэснийг мэдэгдэв. Албан ёсны хэлэлцээний дараа хоёр улсын Гадаад харилцааны сайд нар “КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай зээл”-ийн солилцох ноот бичигт гарын үсэг зурав.

Гадаад хэргийн сайд Т.Мотэги Япон Улсын Засгийн газраас иргэд харилцан зорчих урсгалыг шат дараатай нээх хүрээнд бизнесийн зорилгоор зорчих, урт хугацаанд Япон Улсад оршин суух манай иргэдэд Япон Улсад зорчих визийг олгож эхэлснээ танилцуулав.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Япон Улсын Засгийн газар Монгол орны ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг 1990-ээд оны эхэн үеэс хойш тууштай дэмжиж ирсэнд, мөн “КОВИД-19” цар тахлын хүндрэл бэрхшээлтэй үед Монгол Улсад дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад гүн талархал илэрхийлэв.

Тэрээр Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр үр дүнгээ өгч эхэлж буйг онцлоод Япон Улсын хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологи, ноу-хау-г идэвхтэй татаж, эдийн засгаа төрөлжүүлэх, экспортоо нэмэгдүүлэх чиглэлд тус улстай түлхүү хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Мөн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд холбогдох дэд хороодын хуралдааныг ойрын үед зохион байгуулах санал тавив.

Талууд яриа хэлэлцээний үеэр ойрын үед хоёр талдаа хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээний талаар санал солилцож, улс төр, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, иргэд консулын гээд өргөн хүрээтэй салбарт Монгол, Японы Стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэн бэхжүүлэхээр тохиролцов.

Мөн 2022 онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх талаар ярилцав. Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг талууд нотолж, 2021-2025 онд хэрэгжүүлэх дараагийн хөтөлбөрийн агуулгыг ойрын үед тохирохоор болов.

Манай хоёр улс олон улс, бүс нутгийн талбарт идэвхтэй хамтран ажиллаж байгааг дурдаад, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн сацуу Зүүн хойд Азийн бүс нутгийн хөгжил цэцэглэл, Солонгосын хойгийн аюулгүй байдлыг бататган бэхжүүлэхийн төлөө цаашид ч нягт хамтран ажиллахаа талууд нотоллоо.

Айлчлал амжилттай үргэлжилж байна.


Сэтгэгдэл

zochin [202.179.21.228] 2020-10-12 05:43:59

Japanaas ochnoon tuslamj abah l um , Ongotsnii buudlaa ch oruulj chadahgui hogoo chireh um daa ihenkhiig ne MAN haash ugui hiisiin ichmeer umaa .

Зочин [192.82.72.43] 2020-10-11 02:47:08

3 dagch hursh shu de


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.