Б.Бямбадорж: Халдвар авсан хүний ойрын хавьтал болсон тохиолдолд өрхийн эмчдээ бүртгүүлээрэй

Aдмин / Нийслэл

Коронавирусийн халдвар нэмэгдэж буйтай холбоотойгоор тусгаарлалтын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос зарим зүйлийг тодрууллаа.

-Коронавирусийн халдвар авсан иргэд гэртээ тусгаарлагдаж болохоор зохицуулалт хийсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Улаанбаатар хотод сүүлийн өдрүүдэд халдварын тархалт их байна. Ийм үед эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээ, иргэд, олон түмний хамтын ажиллагаа чухал. Иргэддээ амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа барьж, гараа тогтмол ариутгаж байхыг зөвлөж байна. Хэрэв та коронавирусийн халдвар авсан нь батлагдвал өрхийн эмчтэйгээ холбогдож, эмчийнхээ хяналтад гэртээ тусгаарлагдаж болно. Гэхдээ ХӨСҮТ-ийн тусгай мэргэжлийн баг үзлэг, шинжилгээ хийж, гэртээ тусгаарлагдах бололцоотой эсэхийг тодорхойлж, гэртээ тусгаарлагдах зөвлөгөө болон зөвшөөрөл өгдөг. Гэртээ тусгаарлагдах бололцоогүй гэж үзвэл заавал эмнэлэгт хэвтэж, эмнэлгийн нөхцөлд эмчийн хяналтад эмчилгээ хийлгэх шаардлагатай.

-Халдвар авсан хүний ойрын хавьтал болсон тохиолдолд хэрхэх вэ?

-Ойрын хавьтлыг гэр бүлийн болон гэр бүлийн бус гэж хоёр ангилдаг. Гэр бүлийн бус буюу хамт ажилладаг гэх мэт ямар нэг байдлаар хавьтал болсон тохиолдолд Өрхийн эрүүл мэндийн төв, холбогдох мэргэжлийн хүмүүст үнэн зөвөөр хэлэх хэрэгтэй. Мөн сандарч, тэвдэлгүйгээр гэртээ очиж, болж өгвөл гэр бүлийнхнээсээ тусдаа байж, амны хаалтаа зүүж, аяга таваг гээд бүх зүйлээ тусдаа хэрэглэж, өөрийгөө тусгаарлах хэрэгтэй. Мөн өрхийн эмчид бүртгүүлнэ. Өрхийн эмч таныг дүүргийн Онцгой комисст бүртгүүлж, дүүргийн Эрүүл мэндийн төвийн шинжилгээ авах баг гэрээс тань очиж, шинжилгээ авч, зөвлөгөө өгнө. Өөрөөр хэлбэл, та Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлалтад байх хэрэгтэй.

Хэрэв та гэр бүлийн ойрын хавьтал болсон бол гэртээ тусгаарлагдах уу, эмнэлэгт тусгаарлагдах уу гэдгээ шийдэх хэрэгтэй. Гэр бүлийн бусад гишүүн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эмчийнхээ хяналтад эмчилгээ, үйлчилгээ авна. Таны гэр бүлийн гишүүдэд дүүргийн Онцгой комиссын дэмжих үйлчилгээний баг хүнс, тэжээлийн зүйл, ус хүргэж өгөх, хог зайлуулах зэрэг дэмжлэгт удирдлагаар ханган ажиллах юм. Ойрын хавьтлуудын өрхийн ажиглалт, хяналтыг дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран зохион байгуулж байгаа. Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар тантай өдөрт хоёр удаа цахим ярилцлага хийн, биеийн байдлыг асууж, зөвлөгөө өгнө. Архаг эмгэгтэй хүн байвал өвчний түүх нээж, өдрийн эмчилгээ хийнэ. Танд ямар нэгэн эм хэрэг болбол эмийн сан явах шаардлагагүйгээр өрхийн эмчийн бичгээр хямдралтай, эрүүл мэндийн даатгалаар эм авах боломжийг нээж өгсөн. Нэн шаардлагатай тохиолдолд Өрхийн эрүүл мэндийн төвөөс автомат даралтын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгчийг эмчийн заалтаар өгч байгаа.

Өрхийн эмч нар дүүргийн Эрүүл мэндийн төвөөс томилсон нарийн мэргэжлийн эмч нартай байнга холбоотой ажиллаж байна. Шаардлагатай тохиолдолд нарийн мэргэжлийн эмч нар таны биеийн байдалд үнэлгээ хийж, өрхийн эмчид зөвлөгөө өгнө. Улаанбаатар хотын баруун, зүүн хэсэгт архаг өвчтэй хүмүүст шинжилгээ хийх хоёр газар ажиллаж байна. Мөн өрхийн эмчийн заалтаар гэр бүлийн шаардлагатай хүмүүст тусгай машинаар үйлчилнэ.

-Гэрийн тусгаарлалтад байгаа иргэд эмнэлгийн үйлчилгээ яаж авах вэ?

-Гэрийн тусгаарлалтад байгаа иргэд нарийн мэргэжлийн болон түргэн тусламжийн үйлчилгээ авах бол өрхийн эмчээр дамжуулан авах боломжтой. Сэтгэцийн мэргэжлийн эмч нарын баг гэртээ тусгаарлалтад байгаа иргэдэд онлайнаар зөвлөгөө өгөх, онлайн хэлэлцүүлгийг өдөрт хоёр удаа зохион байгуулж байна. Иргэн та энэ талаарх мэдээллийг авахыг хүсвэл өрхийн эмчдээ хандаарай. Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдтэй манай эмч нар 24 цагийн турш холбогдон мэдээлэл солилцон, ажиллаж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэдийг Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн заалтаар хэвтүүлж, эмчилгээг нь үргэлжлүүлэх боломжийг хангаж өгсөн. Иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сахиж, хүн хоорондын зайгаа барьж, гараа тогтмол ариутган, Өрхийн эрүүл мэндийн төвтэйгөө нягт холбоотой байхыг уриалж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.21.107.110] 2021-03-31 17:41:43

Ankh avhad zalkhtal humuus utasaar yrisan murtluu odoo hudereed bna hugshin hunee emleht hevtuulii geed huutsulduud 2 buten honloo irdeggui tendee uheg gej l ngaan bailguudee tag bolchloo.. utasaar yrihaar bi ch bish terch bish geed ezen oldohgui ayguu hetsuu bnaa neeree..

Зочин. [66.181.178.33] 2021-03-31 12:30:55

Тэгээд шинжилгээний цаг авсан. Хамгийн ойрын цаг 4 сарын 19, байдал газар дээрээ ийм л байна. Өрх харин хамгинй хол газар юм байлээ.

Zochin. [66.181.178.33] 2021-03-31 12:27:53

Яриад 1 р хавитал гэдгээ хэлээд шинжилгээ өгье гэж хэлээд ч нэр чинь ирээгүй гээд өрх бүртгэхгүй байлээ. би өчигдөр холбогдсон.

Зочин [103.229.121.88] 2021-03-31 04:15:55

1. УОК, НОК, ЕС гэртээ үхээрээ гэж байгаа юм байна. 2. Хорио цээрээ зарлах хүсэл алга Эд нарт 3. Эс бөгөөс нөгөө дарга нарын архинаас ордог орлого үгүй болох гээд байх шиг

Зочин [202.55.188.105] 2021-03-30 20:22:35

Амжилт хүсье!


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.