Монгол, Унгарын ШУА-иуд Биотехнологийн чиглэлээр хамтран ажиллана

Aдмин / Технологи

Унгар улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Борбала Обрушански өнөөдөр ШУА-д зочилж хоёр улсын шинжлэх ухааны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Дашрамд дурдахад, элчин сайд Борбала Обрушански нь монгол судлалаар доктор хамгаалсан монгол судлаач эрдэмтэн хүн юм.

Уулзалтын үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл “Шинжлэх ухаанд ээлтэй Монголч эрдэмтэн Элчин сайд ирсэн явдалд бид олзуурхаж байлаа. Таны монгол улсын талаарх ихээхэн мэдлэгтэй байгаа нь хоёр улсын хамтын ажиллагаанд ихээхэн ахиц гарна гэж найдаж байна. Унгар улс нь Монгол судлалаар дэлхийд нэгдүгээрт ордог. Энэ нь бид түүх нэгтэй гэсэн үзэлтэй холбоотой болов уу. Монгол улс биотехнологийн судалгаанд ойрын жилүүдэд ач холбогдол өгч хөгжүүлэхээр төлөвлөж ажиллаж байна. Энэ тал дээр танай улстай хамтран ажиллах саналтай байна” гэлээ.

Элчин сайд Борбала “Унгарын эрдэм шинжигээний хүрээлэн ирэх зургадугаар сараас ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтраад “Бэлхийн өв” нэртэй томоохон хэмжээний Археологийн судалгаа эхлүүлэхээр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж байгаадаа таатай байна. Бид энэ том ажлаас гадна усны менежментийн чиглэлээр, мөн таны санал болгосончлон биотехнологийн ахисан түвшний судалгааг Монголын талтай хамтран хийх сонирхол нэг байна.

Мөн Унгарын Унгар судлалын хүрээлэнгээс Түүх, угсаатны зүй, Археологи, хэлний язгуурын судалгаа зэргээр хамтран ажиллахаар санал ирүүлсэн. Энэ тухай ирэх 6 дугаар сард Унгарын талынхан монголд айлчлах үеэр дэлгэрэнгүй уулзалт хийнэ гэж найдаж байна” гэсэн юм.

Унгарын ШУА-иас жил бүрийн 11 дүгээр сард Шинжлэх ухааны ажилтны өдрийг тэмлэглэдэг уламжлалтай бөгөөд энэ жил ч энэхүү өдрийг Монголд тэмдэглэх саналтай байгаагаа элчин сайд хэллээ.

Хоёр орны ШУА-ийн хамтын ажиллагаа:

Монгол улсын ШУА нь Унгарын ШУА-тай анх 1959 оны 10 дугаар сарын 14-нд хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан түүхтэй. Үүнээс хойш 1995 оны 5 дугаар сарын 9-ний өдөр одоогийн ШУА нэрээр шинэчлэн зурж, эдүүгээ хүчин төгөлдөр хамтын ажиллагааны гэрээгээр баталгаажсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд явж байна.

Мөн хоёр улсын Засгийн газар хоорондын эдийн засгийг хөгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд хамтран ажиллах саналуудыг 2 тал солилцон төлөвлөж ажилладаг.

ШУА-ийн хүний нөөц болон хүчин чадлын хөгжилд Унгар улс ихээхэн хувь нэмэр оруулжээ. 1973 онд Унгар улсын буцалтгүй тусламжаар Монгол улсад Нарны зайн лаборатори байгуулагдахаар болж монголоос эрдэмтэд Унгар улсын Тунгсрам фирмын болон Цахилгаан техникийн судалгааны хүрээлэнгийн лабораториудад мэргэжил дээшлүүлж, үр дүнд нь ШУА-ийн ФТХ-ийн Нарны зайн лабораторийн суурь тавигдаж байв.

Мөн 1979 онд ШУА-ийн Биологийн хүрээлэнд анхны Генетикийн лаборатори байгуулагдан хөгжихөд Унгар улсын дэмжлэг туслалцаа чухал ач холбогдолтой байсан. Унгар улсын ЗГ-ын буцалтгүй тусламжаар тус Генетикийн лабораторийн хэсгийг тоноглон, хамтарсан судалгаа шинжилгээний ажлуудыг хийж, 10 орчим мэргэжилтэн судлаачдыг нь Унгарын холбогдох лабораториудад сурган бэлтгэсэн байдаг.

1990-ээд оноос Унгар дах Монгол судлал эрчимтэй хөгжиж одоог хүртэл оюутан судлаачдын зуны сургалтыг Унгар талаас ШУА-ийн ХЗХ-тэй хамтран зохион байгуулж иржээ.

Одоогийн идэвхитэй явж буй хамтын ажиллагаа нь хоёр академийн судалгааны хүчин чадлыг ашиглах, туршлага солилцох зорилгоор 3 жилийн хугацаатай эрдэмтэн солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж байна. 2021-2023 онд хэрэгжүүлэх төслөө ч батлуулжээ.


Сэтгэгдэл

жанчивдорж Л [49.0.154.143] 2021-05-27 01:39:56

Унгар улс Монголын усны салбарт ихээхэн хөрөнгө оруулж, буцалтгүй тусламж үзүүлж байсан юм. Монгол Унгарын усны аж ахуйн хамтын ажиллагаа 1957 оны гэрээнээс эхтэй бөгөөд усгүй бэлчээр нутгийг усжуулах эрэл хайгуул хийж, 400 гаруй өрөмдмөл худаг байгуулсан нь мал аж ахуйн хөгжлийг дэмжсэн чухал ажил байлаа, мөн , өрөмдлөгийн тоног төхөөрөмж нийлүүлж буцалтгүй тусламж олгосон байдаг. 1971 оноос "Усны нөөцийг нэгмэлээр ашиглах, хамгаалах схем, сав нутгийн цуврал төлөвлөгөө зохиох ажилд буцалтгүй тусламж олгон, Монгол инженерүүдийг дагалдуулан сургасан юм. Энэ бүтээл 20 -р зууны шинжлэх ухааны шилдэг бүтээлийн нэгээр шалгарч байсныг дурсан саналаа. Цаашид Унгарын дотоод яамны шугамаар /усны аж ахуйн судалгааны хүрээлэнтэй/ усны гамшигт үзэгдлийн нөлөөөг бууруулах үерийн хохирлоос томоохон хотуудыг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах нь ач холбогдолтой болно.

Зочин [66.181.181.94] 2021-05-26 01:22:47

Олон жил ярьж байна даа. Хэзээ ажил болох юм бол?

Зочин [172.58.141.232] 2021-05-25 12:37:39

Sain baina amjilt husie!


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.