Э.Эрдэнэбаатар: Нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын бүсэд буусан 2538 өрх байна

Aдмин / Нийгэм

Нийслэлд их хэмжээний бороо орж буйтай холбогдуулан үерийн хамгаалалтын бүс болоод гол дагуу буусан айл, аж ахуй нэгжүүдэд шаардлага тавин, албан мэдэгдэл хүргүүлж байна. Иргэд гол ус, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, сонор сэрэмжтэй байх, хүүхэд багачуудад тавих хараа хяналтаа нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. Хур борооноос үүдэлтэй үер усны нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатараас тодрууллаа.

-Сүүлийн үед их хэмжээний бороо орох төлөвтэй байна. Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг үер, усны аюулаас сэрэмжлүүлэх чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?

-Ус, цаг уур, орчны шинжилгээний байгууллагаас ойрын хугацаанд нийслэл болон Монгол Улсын нийт нутаг дэвсгэрээр хур бороо орох урьдчилсан мэдээг гаргаад байгаа. Өнгөрсөн зургадугаар сарын 7-8-нд нийслэлийн хэмжээнд орсон борооны улмаас нийт 23 дуудлага, мэдээлэл ирсэн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газраас хоёр өдрийн турш мэргэжлийн байгууллагуудтай хамтран, үүссэн нөхцөл байдалтай холбоотой хор уршгийг арилгах, иргэдийн амь, эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг авч ажиллалаа. Нийслэлийн Онцгой байдлын газраас Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүлийг жил болгон ажиллуулдаг. Энэ жилийн хувьд зургадугаар сарын 10-наас есдүгээр сарын 10-ны хооронд дээр дурдсан гол дагуу завьт эргүүлийг гарган, ажиллаж байна. Энэ сарын 10-наас хойш нийт 52 автомашиныг голын бүсээс гаргасан. Мөн голын усанд суусан таван автомашиныг татаж гарган, таван иргэний амь аварлаа. Энэ хугацаанд голын усанд осолдсон хүн байхгүй. Бид эргүүл, хяналт, шалгалтынхаа ажлыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран, өдөр бүр долоон чиглэлд хийж байна.

Дулааны улиралд бороо их ороход гэр хороолол болоод голын эрэг дагуу буусан айлууд усанд автах, нийтийн эзэмшлийн гудамж, талбай, орон сууцны зоорийн давхруудад ус орох зэргээр аюултай нөхцөл байдал үүсдэг. Үүнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, урьдчилсан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Иргэд голын ус, тогтоол усанд орохгүй байх, ялангуяа гол дагуу амарч, зугаалахдаа бага насны хүүхдүүдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх шаардлагатай. Гэр орон, хашаа, байшингаа усанд автахаас урьдчилан сэргийлж, шуудуу татах хэрэгтэй. Сууц өмчлөгчдийн холбоод Орон сууцны хороолол дахь ус соруулах насосыг бэлтгэх чиглэлээр бэлэн байдлаа хангах зайлшгүй шаардлагатай байна.

-Үерийн аман дээр буусан айлуудыг нүүлгэн, шилжүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?

-Нийслэлийн хэмжээнд 2538 өрх үерийн хамгаалалтын бүсэд буусан гэх судалгаа бий. Үүний 235 нь огт зөвшөөрөлгүй. Бусад аж ахуй нэгж, байгууллага, иргэний газар эзэмших, өмчлөх зөвшөөрөл нь зөрчилтэй. Нийслэлийн Засаг дарга болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас үерийн аюултай бүсэд буусан айл, аж ахуй нэгж, байгууллагуудыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Эхний ээлжид үерийн аюултай бүсэд буусан өрхүүдэд нүүх албан шаардлага бүхий мэдэгдлийг хүргэхээр холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүрэгт үерийн аюултай бүсэд болон гол дагуу буусан зургаан айлыг нүүлгэн шилжүүллээ.

-Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад дуудлага, мэдээлэл хэр их ирж байна вэ?

-Өнгөрсөн жилийн өдийд дуудлага мэдээлэл харьцангуй бага байсан. Түрүүн хэлсэнчлэн, зургадугаар сарын 7-8-ны хооронд тасралтгүй орсон борооны улмаас Дунд гол, Туул гол, Сэлбэ голын усны түвшин маш их нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан зарим гүүр болоод замыг сэтлэх ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагууд газар дээр нь шуурхай хийсэн. Мөн усны түвшнийг багасгах, иргэдийн эд хөрөнгө, амь насыг хамгаалах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч, хэрэгжүүлж байна. Нийслэлийн хэмжээнд байгаа үерийн далан суваг, шуудуу, зам дагуух ус соруулах хоолойг Геодези, усны барилга, байгууламжийн газар тогтмол цэвэрлэж байгаа. Гэхдээ их хэмжээний бороо орсон тохиолдолд усыг нэвтрүүлэх хүчин чадал нь бага байдаг. Иймээс холбогдох мэргэжлийн байгууллагууд тооцоо, судалгаа гаргаж, ус нэвтрүүлэх чадварыг сайжруулах, инженерийн байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.


Сэтгэгдэл

Зочин [103.80.210.183] 2021-06-18 03:26:34

хөөгөөд зайлуулж болдоггүй юм уу?

Зочин [192.82.72.37] 2021-06-17 09:10:41

Ардчилал хүний эрх гэж гуцалдсаар бид малнаас дор болж. Үёрийн аюултай бууж болохгүй гэсээр байхад бууж усанд автаж урсахаа тулахаар Төр иргэнээ бодохгүй байна гэхийн, маск бээлийгээ өмс, олон хүнтэй газарт бүү зорч гэсээр байтал баар саваар хэсч корона тусч үхэхээ дөхөхөөр Төр иргэнээ аврахгүй байна гэхийн, Хөл хорио тогтоож, хааж боох арга хэмжээ авахаар Төр иргэнээ ядуурууллаа гэхийн МОНГОЛЧУУД БИД ОЮУНЫ ХООСРОЛД ОРЖЭЭ.. / БИ худалдагч хийдэг. Үйлчлүүлэгчийг халуунаа үзүүлээд гараа ариутгачих гэхээр би коронагүйгээ битгий сүржигнээд бай гэхийн../


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.