Баян-Өлгий аймгийн Засаг дарга иргэдийг тусдаа гэр барьж тусгаарлагдахыг уриаллаа

Aдмин / Орон нутаг

Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймагт ковидын халдвар батлагдсан 64 иргэн эмчлэгдэж байна. Эдгээр иргэдийн ойрын болон дам хавьтлын 765 иргэн гэрийн тусгаарлалтад байна.

Энэ аюулт өвчнийг даван туулахад зөвхөн эмч, эмнэлгийн ажилтнууд, төр, захиргааны байгууллагынхан бус иргэн, өрх гэр бүрийн оролцоо, сэтгэл, хандлага маш чухал байна. Өөрөөр хэлбэл хэн нэгнээр сахиулан хорьж, шахаж шаардуулах бус хүн бүрийн ухамсар, хариуцлага халдварыг алдахгүй байхад чухал үүрэгтэй боллоо.

Гэрийн тусгаарлалтын дэглэм сахихгүй, гадуур дотуур хэнэггүй явж буй хүмүүс ч байна. Хот орноос ирсэн хүмүүстээ бид шаардлага тавьж, гарч орох гэхэд нь яагаад саад тавьж, хэлж ярьж болохгүй байна вэ.

Халдварын тархалт нэмэгдэж эхэлсэн энэ үед гэрийн тусгаарлалт, ажиглалтад буй иргэн Та олны газраар ганц ч алхаж болохгүй гэдгийг хатуу хэлье. Үүнд гэр бүл, найз нөхөд нь ч хяналт тавих хэрэгтэй.

Мөн түүнээс гадна гэрийн тусгаарлалтад гэж буй боловч, гэр бүлийнхэнтэйгээ хамт байна. Ингэхээр гэр бүлийн бүх гишүүд эрсдэлд орж байгаа гэсэн үг.

Халдвар тээж буй эсэх нь хүн бүрийн биеийн байдлаас шалтгаалан илрэх шинж тэмдэг, хугацаа янз бүр байгааг Та бүхэн мэдэж байгаа.

Хотоос гэртээ ирээд 10 гаруй хонож байтал нэг өглөө босоход эхнэр хүүхэд нь халуураад эхэлж байна. Хэд хоногийн дараа өөрөө өвдөж, гэр бүлээрээ өвчлөх жишээтэй.

Энэ вирус хүний биед ороод гарахдаа ужиг өвчин үлдээх, үгүй эсэхийг хаана ч нотлоогүй байна. Ямар ч байсан хүн төрөлхтөнд тохиолдож буй хамгийн аюулт вирус дэргэд тань хүрээд ирлээ шүү дээ. Амь нас, эрүүл мэнд дээсэн дөрөөн дээр ирсэн энэ нөхцөлд халдвар авахгүй байхын тулд би, бид юу хийх вэ гэдгээ бодож, хийх цаг ирсэн шүү.

Тиймээс Та бүхэндээ хандаж, халдвараас хамгаалах нэг боломжийг уриалж байна. Эдүгээ урин дулаан цаг ирж, хашаа, хороондоо гэр бараагаа барихад даарч, зутархааргүй боллоо.

Тиймээс гэрийн тусгаарлалт, ажиглалтад байх хүмүүсээ айл өрх бүр хашаандаа гэр барьж, тусад нь 7-10 хонуулж, өрхийн бүх гишүүдээсээ тусгаарлахыг хүсч байна. Мөн тусгаарлалтад байгаа хүний гэр бүлийн гишүүд халдвар авсан байхыг үгүйсгэхгүй. Тиймээс гэр бүлийн гишүүд ч мөн ялгаагүй хөлөө хорьж, гэр орноосоо гармааргүй байна.

Хэрэв энэ янзаараа халдварт бүс нутгаас ирсэн хүн бүр гэр орондоо холилдоод, орж гарцгаагаад байвал өвчлөлийн тоог барихад улам төвөгтэй болох янзтай.

Иргэд Та бүхэн маань боломж бололцоогоо ашиглан халдвартай газраас ирсэн хүмүүстэйгээ хэдхэн хоног хамт байлгүй, тусад нь байлгахыг хичээж, өөрсдөө ч гэсэн олны газраар явахаа түр тэвчинэ үү.

Хот орноос ирсэн иргэд маань ч гэсэн гэр бүл үр хүүхэд, эцэг, эхээ хамгаалахын тулд хэдхэн хоног гэр бүлээсээ тусдаа байхын тулд санаачлага, шаардлагатай, хүлээцтэй, ухамсартай байгаарай.

Хэрэв гэрийн тусгаарлалтад байх хүнээ тусад нь байлгаж чадвал эрсдэл хэд дахин буурч, гэр бүлээ бид хамгаална.

Халдвар авсан, үгүй эсэх нь тодорхой болох хүртлээ хүлээх тэвчээр, ухаантай байцгаая.

Гэр бүлээрээ өвдөхөд эдийн засаг, сэтгэл санааны ямар их хохирол амсч байгааг та бид харж байна.

Тиймээс Өлгийчүүд та бүхэн маань гэртээ бус гэр барьж тусгаарлагдахыг хүсье.

ХАРИУЦЛАГАТАЙ ИРГЭН ХАЙРТАЙ БҮХНЭЭ ХАЛДВАРЫН ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛНЭ!


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.