Нийслэлийн ойн бүсэд 100 гаруй зүйлийн хөнөөлт шавж бүртгэгджээ

Aдмин / Нийгэм

Нийслэлийн ногоон бүсийн ойн санд 5 баг, 31 овгийн 100 гаруй зүйлийн хөнөөлт шавж бүртгэгдсэнээс 18 зүйлийн модлог идэшт шавж, 6 зүйлийн навч, шилмүүсний хөнөөлт шавжийг тодорхойлсон байна. Нийслэлийн Байгаль орчны газраас ногоон бүсийн хөнөөлт, хортон шавж устгах ажил өрнүүлж буй аж.

Хөнөөлт шавж нь модны навч, шилмүүс, модлогоор хооллож модны өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлөн ойг доройтолд оруулдаг бөгөөд 2-3 жилийн давтамжтай хортонд нэрвэгдсэн ой дахин сэргэн ургах чадваргүй болдог.

Сүүлийн жилүүдэд ойн доройтол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүчин зүйлээс шалтгаалан шавжийн амьдрах таатай нөхцөл бий болж зарим зүйлийн хөнөөлт шавжийн голомт үүссэн талбайн хэмжээ өсөх хандлагатай байна. Мөн түймэр, зохисгүй мод бэлтгэл зэрэг хүний хүчин зүйл ч нөлөөлдөг байна. Тиймээс иргэд өөрөөс шалтгаалах үйлдэлд хянуур хандах нь ойг хамгаалах чухал юм. Мөн та ойн хортон шавжийн ажиглалтын мэдээллээ сумынхаа байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, ойн ангийнханд хүргүүлээрэй.

Ой модны хөнөөлт шавжтай тэмцэх дараах аргуудыг танилцуулж байна.

Нахиа, найлзуурын шавж: Найлзуурын давирхайч эрвээхэй бүхий өсвөр модыг оройн найлзуурын зангилаа орчимд үүсгэсэн давирхайн ураар ялган огтлон авч голомтыг арилган хэт олшрохоос сэргийлэх хэрэгтэй.

Навч шилмүүсээр хооллогч шавж: Энэ бүлгийн шавж байгаль дээр асар их хэмжээний шилмүүсийг хувирган ойн хөрсний үржил шимийг дээшлүүлэн модны өсөлт хөгжилтөд харин ч эерэг нөлөө үзүүлдэг. Шинэс мод нөхөн сэргэх өвөрмөц онцлогтой бөгөөд хэт олшролын дараа шилмүүсээ бүрэн алдсан хэдий ч модлог идэшт бүлгийн шавжид нэрвэгдэлгүй сэргэн ургасан шинэс модны жилийн цагиргийн өсөлт 2-5 дахин нэмэгддэг болохыг судалгаагаар тогтоосон. Гэвч модыг физиологийн доройтолд оруулахгүйн тулд эрвээхий нь шөнийн идэвхжилттэй байдаг онцлогийг харгалзан гэрлэн урхи хэрэглэн цугласан эрвээхийг түүн авч битүү шилэнд хийх замаар өндөглөх боломжийг багасгах арга хэрэглэх нь зүйтэй байна.

Модлог идэшт шавьж: Байгаль дээр модны холтос, модлог эдээр хооллон түүний задран хувирах явцыг түргэсгэн хөрсний үржил шимийг дээшлүүлэхэд шийдвэрлэх үүрэгтэй. Гэвч түймэр, навч шилмүүсээр хооллогч шавж болон мод бэлтгэлийн улмаас физиологийн доройтолд орж сульдсан болон эмх замбараагүй үүсгэсэн модны хожуул, үзүүр, ёзоор, мөчирт өсөж бойжин модыг хатаан хуурайшуулах, хэрэгцээний чанарыг үүсгэх зэргээр физиологи, техникийн хөнөөл учруулдаг. Холтос, модлог идэшт бүлгийн шавж хэт олшрохоос урьдчилан сэргийлж, тоо толгойг багасгахын тулд:а/суурин газарт барилга байгууламжийн зориулалтаар бэлтгэж холтослосон модон дээр нисэн ирж олноор цуглан нийллэгт орж байх үед нь түүж цуглуулан устгана.б/ойн нөхцөлд өндрийн янз бүрийн байршилд 4-р сарын сүүлч 5-р сарын эхээр дундаж насны 3-5 мод унаган цугласан шавжийг түүн битүү саванд хийнэ.

Цуглуулсан шавжаа 70 градусын спирт, архинд хийж аймаг, сум, газар нутаг, хүний нэр, он, сар, өдөр бүхий товч тэмдэглэлийн (зөвхөн бал харандаагаар бичнэ) хамт түр хадгалан шинжилгээ, судалгааны зориулалтаар мэргэжлийн ажилтнуудад хүргүүлж болно. Аль бүлгийн шавжтай тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх явцад хортон бүхий өсвөр мод, түүж цуглуулсан бие гүйцсэн шавжны биеийн ерөнхий онцлог хэлбэрийг заан тэдгээрийн тоог тухай бүр тэмдэглэж байвал зохино. Энэ нь уг хортон шавжны тоо толгой хэт олшрохоос сэргийлсэн, тэмцсэн арга хэмжээний үр дүнг тооцох үндсэн баримт материал болох ач холбогдолтой юм.


Сэтгэгдэл

иргэн [103.57.94.185] 2021-07-03 12:54:24

БОАЖЯ-ны удирдлагуудыг бүрмөсөн шинэчлэх хэрэгтэй.

Зочин [202.9.46.233] 2021-06-28 05:56:57

Хүмүүс буруутай.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.