Долоодугаар сар дэлхийн хамгийн халуун сар болсныг тогтоожээ

Aдмин / Гадаад мэдээ

ВАШИНГТОН. /BBC/. Энэ оны долоодугаар сар дэлхийн түүхэнд бүртгэгдсэн хамгийн халуун сар болсныг АНУ-ын Далай тэнгис, агаар мандал судлалын төв /NOAA/ мэдэгджээ.

Тус байгууллагын мэдээлснээр, хуурай газар болон далайн гадаргуугийн температур 20 дугаар зууны дундаж болох цельсийн 15.8 хэмээс 0.93 хэмээс өндөр байжээ.

Ингэснээр энэхүү үзүүлэлтийг 142 жилийн өмнөөс бүртгэж эхэлснээс хойших хамгийн өндөр температур болжээ. Өмнөх өндөр үзүүлэлт 2016 оны долоодугаар сард бүртгэгдсэн бөгөөд 2019, 2020 онд түүнтэй ойролцоо үзүүлэлт бүртгэгджээ.

Шинжээчдийн үзэж буйгаар, энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн урт хугацааны нөлөөнөөс үүдэлтэй байна.

Далай тэнгис, агаар мандал судлалын төвийн мэдэгдэлд дурдсанаар, долоодугаар сард ийнхүү өндөр үзүүлэлт бүртгэгдсэнд мэргэжилтнүүд ихээхэн санаа зовниж байна.

Мөн тус байгууллагын дарга Рик Спинрад, “Энэхүү үзүүлэлтийн хувьд нэгдүгээр байр гэдэг бол хамгийн сүүлийн байр гэсэн үг. Энэ шинэ дээд үзүүлэлт нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн дэлхий дахинд нүүрлээд буй аюулыг нэгээр нэмлээ” хэмээн мэдэгдсэн байна.

Тодруулбал, долоодугаар сарын хуурай газар, далайн гадаргуугийн температур нь 2016 онд бүртгэгдсэнээс цельсийн 0.01 хэмээр илүү байжээ. Мөн дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст ийм температур дундаж үзүүлэлтээс урьд хожид байгаагүйгээр буюу 1.54 хэмээр өндөр байсан нь 2012 оны өмнөх өндөр үзүүлэлтийг давжээ.

Долоодугаар сарын хуурай газар, далайн гадаргуугийн температурыг өнгөөр ялган үзүүлсэн байдал

Энэхүү мэдээлэлд дурдсанаар, өнгөрсөн сар нь Азийн хувьд хамгийн халуун долоодугаар сар, Европын хувьд 2018 оны долоодугаар сарын дараа хоёрдугаарт бичигдэх халуун сар болж өнгөрчээ.

Энэ долоо хоногийн эхээр танилцуулсан НҮБ-ын тайланд, “Уур амьсгалын өөрчлөлт эх дэлхийд “урьд хожид байгаагүй” нөлөө үзүүлж байгаагаас заримыг нь зуунаас мянганд ч эргүүлж өөрчлөх боломжгүй байх төлөвтэй байгааг мэдээлсэн юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш энэхүү дүгнэлтийг “хүн төрөлхтний хувьд улаан түгшүүр” зарлаж буйгаас өөрцгүй хэмээн тодорхойлсон байна.

“Бид яг одооноос хүчээ нэгтгэхгүй бол уур амьсгалын гамшиг сүйрлийг зогсоож чадахгүй. Хойшлуулах цаг, хүлцэл өчих боломж үлдээгүй гэдгийг энэхүү тайлан тодорхой харуулж байна” гэж тэрбээр хэлжээ.

Тайланг гаргасан мэргэжилтнүүдийн хэлснээр, дэлхийн гадаргуугийн температур 1970 оноос хойш сүүлийн 2000 жилийн аль ч 50 жилд бүртгэгдээгүйгээр хурдацтай нэмэгдсэн байна.

2021 оны долоодугаар сард дэлхий дахинд хэрхэн хэт халсныг танилцуулбал,

  • Азид хамгийн халуун долоодугаар сар болж өнгөрчээ.
  • Европын өмнөд нутгийн хэд хэдэн хэсэгт цельсийн 40 хэм орчимд хүрснээр тус тивийн хувьд хоёрдугаарт бичигдэх хамгийн халуун сар болов. Мөн саяхан Италид Европын хамгийн өндөр хэм бүртгэгдэж байж магадгүй байна. Тодруулбал, Сицили арал дээр цельсийн 48.8 хэмд хүрсэн гэж үзэж буйг холбогдох байгууллага баталгаажуулна.
  • Хойд Америкт хамгийн халуун долоодугаар саруудын зургаадугаарт бичигдэх сар болж өнгөрчээ. Түүнчлэн зургаадугаар сарын сүүлээр Канадын Литтон сууринд цельсийн 46.6 хэмд хүрч халсан нь улсын түүхэнд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болов.
  • Австралид өнгөрсөн сар дөрөвдүгээрт бичигдэх халуун сар болсон бол Шинэ Зеландын хувьд зургаадугаарт орох үзүүлэлт бүртгэгджээ.
  • Мөн Африкт долоодугаарт бичигдэх, Өмнөд Америкт 10 дугаарт жагсах хамгийн халуун долоодугаар сар болж өнгөрсөн байна.

www.montsame.mn


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.