Байгалийн хүчин зүйлийн улмаас 12.2 мянган та талбайн ургацыг ногоон тэжээл болгожээ

Aдмин / Орон нутаг

Байгалийн давагдашгүй хүчин зүйл аадар, үер, хүчтэй мөндөр, үргэлжлэн орсон бороо, хүйтрэлт, хэт халах зэргээс үүдэн 12.2 мянган га талбайн ургацын болц гүйцээгүй тул ногоон тэжээл болгожээ.

Тухайлбал, 5.3 мянган га талбай ганд өртөж, 1.3 мянга га талбайн ургац мөндөрт цохигдсон бол төмс, хүнсний ногооны 961 га талбайн ургац үерт өртсөн байна.

Мэргэжлийн эрдэм шинжилгээний хүрээлэн, тариаланчдын холбоны төлөөлөл оролцсон ажлын хэсгий дүгнэлтээр 5,6 дугаар сард өдөр шөнийн температурын хэлбэлзэл их, хүйтэн сэрүүний улмаас таримлын соёололт удааширсан, 6, 7 дугаар сард аадар, хур элбэг, шөнө сэрүүн байсан нь таримлын өсөлтийг сааруулжээ. Мөн цар тахлын үед хилийн бүсэд үүссэн нөхцөл байдлын улмаас зарим төрлийн ургамал хамгааллын бодис, бордооны нийлүүлэлт тасалдаж, таримал ургамал өвчин, хортонд өртсөн нь ургацын хэмжээнд сөргөөр нөлөөлж болзошгүй байна.

Есдүгээр сарын дунд 10 хоногийн эцсээр тариалангийн бүс нутгаар хур тундас нойтон цас орж цочир хүйтрэх төлөвтэй. Ингэснээр таримлын болц оройтох, талбай дахь хогийн ургамал нэмэгдэх зэргээр ургац хураалтад хүндрэл учирч болзошгүй тул хураах арга технологи, техникийн бэлэн байдал, ажиллах хүн хүчид анхаарч байгаа аж. Ургацыг хяруу, цочир хүйтрэлээс хамгаалахад бэлтгэх, болц түргэтгэх аргыг зөв цаг хугацаанд үр дүнтэй хэрэглэхээр тооцож, санхүүжилтээ шийдэх зөвлөмжийг ХХААХҮЯ тариаланчдад өгчээ.

Одоогоор ургац хураалтад 7.3 мянган оюутан, сонсогч, цэргийн алба хаагчийг ажиллуулах хүсэлт ирүүлээд байна. ХХААХҮЯ, ХНХЯ, БШУЯ, БХЯ, ЭМЯ, МЗХ, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хамтран “Алтан намар” дэд төслийг хэрэгжүүлж, ургац хураалтад оролцох залуусыг бүртгэн, аж ахуйн нэгжүүдэд зуучилж байна.

Ургац хураалтад 1041 комбайн, 587 ширхэг жатка, 220 гаруй үтрэм, 389 ширхэг үр тариа цэвэрлэх машин, 316 ширхэг үр тариа ачигч машин, 72 ширхэг төмс хураах комбайн, 417 ширхэг төмс ухагч, 69 ширхэг төмс, хүнсний ногоог ангилах сортлох машин ажиллана. Техникийн засвар 80 гаруй хувьтай байгаа. Цаг агаарын хүндрэл учрахгүй бол эдгээр техникээр ургацыг 26-30 хоногт багтаан дуусгах тооцоо гарчээ.

Засгийн газрын тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд тариалан бүхий 524 иргэн, аж ахуйн нэгжид 32 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Улсын хэмжээнд үр тариа хадгалах 523 мянган тоннын багтаамжтай төмөр бетон элеватор байгаагаас ХААДС-д 182 мянган тн, хувийн хэвшилд 341 мянган тн нь ашиглагдаж байгаа аж.


Сэтгэгдэл

Зочин [122.201.24.83] 2021-09-03 02:03:40

ХААДС элвабатараар яадгийн бол бизнесийн байгуулга болчихсон юмуу


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.