ЧИРЛИДИНГИЙН 2021 ОНЫ АЗИЙН ОЮУТНЫ АВАРГА АНХ УДААГАА ОНЛАЙНААР ЯВАГДАНА

Aдмин / Спорт

Ази тивийн чирлидингийн (хөгжөөн дэмжигчдийн спорт) оюутны 2021 оны аварга шалгаруулах гуравдугаар тэмцээнийг анх удаагаа онлайнаар явуулахаар 09 сарын сарын 3-ны өдөр БНСУ-ын Сөүл хотоос удирдан зохион байгуулан техникийн зөвлөгөөнийг хийлээ. Тэмцээн 11 төрлөөр явагдах бөгөөд оролцогч 5 улсын 500 орчим баг тамирчдын үзүүлбэрийг видео бичлэгээр хийн, тухай бүрт нь шүүгч нарт явуулан үнэлгээгээ авах тул тэмцээн 09 дугаар сарын 3-наас 10 дугаар сарын 14-нд нэг сар гаруйн хугацаанд үргэлжлэн явагдахаар болсон юм.

Тэмцээнд манай улсын багаас гадна БНХАУ, Казахстан, Хятадын Тайвань, зохион байгуулагч БНСУ-ын баг тамирчдын мэдүүлгээ өгөн, оролцох эрхээ авлаа.

Монгол Улсаас найман их дээд сургууль тухайлбал МУБИС, Үндэсний БТДС, Олон улсын “Улаанбаатар”-ын ИС, Их Засаг ОУИС, Мандах ИС, Шихихутаг ИС, Этүгэн ИС, АШУҮИС-иас нийлсэн 38 оюутан тамирчид, дасгалжуулагч багш, албаны хүмүүс орж, багийг Монголын Оюутны чирлидингийн холбооны Ерөнхийлөгч, ХААИС-ийн багш, ОУХМ Б.Оюун, Оюутны чирлидингийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, ҮБТДС-ийн багш, ОУХМ Ц.Мөнх-оргил удирдан ажиллаж байна. Багийн бүрэлдэхүүнд 2019 онд БНСУ-ын Сөүл хотноо болсон хоёрдугаар тэмцээнд амжилттай оролцон хүрэл медаль хүртэж байсан АШУҮИС-ийн Б.Номин-Зул, ҮБТДС-ийн Г.Номин-Эрдэнэ нарын туршлагатай тамирчид орсон.

Тус тэмцээнийг Азийн оюутны спортын холбооны дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхан ахлан удирдан явуулж байгаа бол техникийн төлөөлөгчөөр Хятадын Тайваны иргэн, олон улсын шүүгч Коу Мэнди, ерөнхий шүүгчээр, БНСУ-ын иргэн, олон улсын шүүгч Жэймс Ким нар болон бусад шүүгчийн бүрэлдэхүүнтэй удирдан явуулах юм. Энэхүү тэмцээн нь Азийн оюутны спортын холбоо, БНСУ-ын оюутны спортын холбоо, БНСУ-ын Чирлидингийн холбооны удирдлага дор явагдаж, цар тахлын улмаас цахим хэлбэрээр анх удаагаа зохиогдож байна.

Ташрамд дурдахад анхны оюутны чирлидингийн Азийн АШТ нь 2017 онд БНХАУ-ын Линву хотноо зохиогдож манай улсын баг хүрэл медаль хүртэж гараагаа амжилттай эхлүүлж байв. Баг тамирчдыг МУИС-ийн багш, спортын мастер Д.Түмэнтөгс удирдан ажиллаж байсан. Үүнээс хоёр жилийн дараа 2019 оны 09 дүгээр сарын 23-25-нд БНСУ-ын Сөүл хотноо болсон Ази тивийн оюутны аварга шалгаруулах чирлидингийн II тэмцээнд 8 улсын баг тамирчид оролцон Монголын дөрвөн тамирчин нь дасгалжуулагч, ОУХМ, Ц.Мөнх-Оргилийн хамт оролцож хип поп болон помын хосын төрлөөс хоёр хүрэл медаль хүртэж байсан юм.

Монголын оюутны чирлидигийн баг тамирчдыг энэ удаагийн тэмцээнд оролцуулах ажлыг Монголын оюутны спортын холбоо, Монголын Оюутны чирлидингийн холбооны хамт олон зохион байгуулан оролцуулах бэлтгэл ажлыг хангаж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.