“Хотын мэр”-үүд хотын тухай

Aдмин / Нийгэм

Нийслэл Улаанбаатар хотыг удирдаж явсан үе үеийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нарыг энэ удаагийн дугаартаа урилаа. Тэд өнөөгийн нийслэлийн өнгө төрх хийгээд Засаг даргаар ажиллаж байсан үеийнхээ тухай ийн дурссан юм.

Ц.Баасанжав: Хийж, бүтээж, болгож, болж байгааг харах хүн ховор

/1992-1996 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажилласан/

-Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталлаа. Анхны хууль батлагдсанаас хойших 27 жилд Улаанбаатар хот ихээхэн өөрчлөгдсөн. Хууль, эрх зүйн хувьд ч шинэчлэхээс аргагүй нөхцөл байдал үүссэн нь мэдээж. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиа шинэчлэн батлуулж, өнөөгийн нөхцөлд нийцүүлж чадсан нь том ололт. УИХ-аар хууль батлуулна гэдэг бол хялбар хэрэг биш.

Нөгөөтэйгүүр, нийслэл хот бол улсдаа аль нэг аж ахуйн нэгж, үйлдвэрээс хувь илүү оролцоотой гэдгийг зориуд хэлмээр байна. Хүн амын тал хувь нь аж төрдөг, үйлдвэр аж ахуйн газар, татвар төлөгчдийн олонх нь байршдаг, 382 жилийн түүхтэй хотыг нэг үйлдвэртэй, нэг компанитай зүйрлэх аргагүй. Нийслэл хотын ажил, амьдралыг ойлгодог хүн цөөн. Тэнд хогтой, энд гэрэлгүй байна гэхээс биш, хийж бүтээж, болгож болж байгааг харах нь ховор. Бүтээгээд өгснийг эзний ёсоор эзэмшдэггүй. Дээрээс нь нийслэлийн бүтээн байгуулалтад ажиллаж буй хүмүүс үнэлэгддэггүй. Яам газрууд, хөдөө орон нутаг аймаг, суманд ажиллаж буй хүмүүс төрийн одон шагнал хүртэх нь олон. Хотын хог шороотой ноцолдсон хүмүүс хоцорч үлдээд байдаг. Ганц жишээ дурдъя. Нийслэл хотын 355 жилийн ойгоор хотын харьяа газар, алба, агентлагуудаас ердөө наймхан хүн л төрийн одон медалиар шагнуулж байсан гээд бод доо. Үүнийг цаашид анхаарах л ёстой юм.

Ц.Батбаяр: Нийслэл төсөв, санхүүгийн хувьд бие дааж байж эрчимтэй хөгжинө

/2005-2007 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажилласан/

-Миний бие 1990 оноос хойш нийслэлийн есөн дүүргийн нэг болох Багахангай дүүргийн Засаг даргаар 15 жил ажилласан. 2005-2007 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажиллаж байлаа. Тухайн үед нийслэл гэдэг их айлыг яаж бие даан хөгжүүлэх үү, иргэдийнхээ тав тухтай байдлыг хэрхэн хангах вэ гэдэгт анхаарч байсан юм. Намайг ажиллаж байх үед нийслэл хот маань сая дахь иргэнээ өлгийдөн авч байлаа. Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох агаарын бохирдлыг бууруулахын тулд УИХ-аас тусгайлсан төсөв батлуулж байсан маань түүх юм. Хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын айл өрхүүдэд шинэчилсэн зуух, гэрийн дулаалга өгөх зэргээр олон ажлыг санаачилсан боловч хамгийн шилдэг арга бол орон сууцжуулах юм гэдэгтэй санал нийлж байсан сан. Улаанбаатар хотын хэмжээнд гэр хорооллыг хөгжүүлэх 11 ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан байдаг. Яармаг, Буянт-Ухаа, Зуун айл, Дэнжийн мянга, Зурагт, 14 дүгээр хороолол гэхчлэн газруудын ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан. 2008 онд УИХ-ын сонгуульд оролцохдоо газрыг байраар сольё гэсэн уриалга дэвшүүлж байлаа.

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэх гэж удаа дараа хичээсэн ч боломж бүрдээгүй. Энэ жилийн хувьд хуулийг УИХ-аар шинэчлэн батлууллаа. Нийслэл төсөв, санхүүгийн хувьд бие даан ажиллаж байж эрчимтэй хөгжих болно. Ийм боломжийг бүрдүүлсэн одоогийн хотын удирдлага, баг, хамт олонд баяр хүргэе.

С.Батболд: Иргэдийн хүсэж буй тэр хотын төлөө ажиллах нь Хотын даргын үүрэг байх учиртай

/2016-2018 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажилласан/

-Нийслэл хотын ажил, амьдрал гэдэг бол маш өргөн хүрээтэй, цараа ихтэй ажил байдаг. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажилласан хугацаандаа хийж, хэрэгжүүлсэн хэд хэдэн ажлуудыг онцолж хэлмээр байна. Нэгдүгээрт, нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд төр, захиргааны байгууллага ямар хэм хэмжээтэй байдаг тэр голдиролд оруулж өгсөн. Улаанбаатар хотын хэмжээнд 60 орчим жил шинэчлэгдээгүй байсан дөрвөн том гүүрийг шинэчлэх ажлыг хийсэн. Яармаг, Сонсголон, Баянзүрх, Замын цагдаагийн гүүрэн байгууламжийн шинэчлэл нь нийслэл хотын хөгжилд өнгө нэмсэн бүтээн байгуулалтууд байлаа. Мөн Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээг шинэ түвшинд гаргахыг зорьж, гуравдугаар шатны эмнэлгүүд, төрөх газрууд гэхчлэн нийтдээ 17 эмнэлгийн гаднах тохижилтыг хийж, Улаанбаатарт анх удаа түргэн тусламжийн үйлчилгээг нисдэг тэргээр үзүүлсэн гэхчлэн ажлууд санаанд тодхон байна.

Өнөөгийн Нийслэлийн Засаг дарга болон түүний баг, хамт олон амаргүй нөхцөл байдалд хотыг удирдаж, хүндхэн цаг үед амжилттай ажиллаж байна гэдгийг онцолъё. Зөвхөн Улаанбаатар, Монгол Улс бус хүн төрөлхтний өмнө тулгамдсан цар тахлын сорилын үед ажиллаж байна. Хэвийн нөхцөлд ажиллаж байснаас хоёр дахин ачаа үүрүүлж, хэвийн нөхцөлийн үеэс хэд дахин хурдан ажиллахыг шаардаж байгааг ойлгож байна. Төсвийн хомсдол, халдварт өвчний тархалтын үед Нийслэлийн Засаг дарга, түүний баг, хамт олон амжилттай ажиллаж байгаад талархалтай хандаж байгаа. Нийслэл хот нэг өдөр сүндэрлээгүй гэсэн үг бий. Нийслэлийн үе үеийн удирдлагууд, төрийн захиргааны ажилтнууд, цаг цагт амьдарч байсан нийслэлчүүдийн хүсэж мөрөөдөж байсан хотыг бүтээх, улам сайжруулахад анхаарлаа хандуулах байх гэж бодож байна.

Түүнчлэн иргэдээ сонсож, тэдний санаа, бодлыг ажилдаа тусгаж байгаа нь анзаарагддаг. Энэ бол сайн чанар. Шинэчлэгдэж буй дэлхий ертөнцөд хамгийн их дутагдаж буй зүйл бол иргэдийн хүсэл, шаардлагад нийцсэн уян хатан хандлага. Иргэдийн хүсэж буй тэр хотын төлөө ажиллах нь Хотын даргын үүрэг байх учиртай юм.

С.Амарсайхан: Нийслэлийн ирээдүйн хөгжил шинэ шатанд гарлаа

/2019-2020 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажилласан/

-Миний амьдрал улс, нийслэлийнхээ ажил, амьдралтай салшгүй холбоотой. НИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн албыг хашиж, нийслэлчүүдтэйгээ хамтдаа хотоо хөгжүүлэх үйлсэд олон сайхан нөхдийн хамт зүтгэж байсан үеэ дурсахад сайхан байна. Өнөөдөр улс орны хэмжээнд цар тахлын амаргүй цаг үе тулгараад байгаа ч Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиа батлууллаа. Нийслэлийн “Үндсэн хууль” гэж нэрлэж болох хуулиа батлуулснаар нийслэлийн ирээдүйн хөгжил шинэ шатанд гарлаа гэж дүгнэж байна. Энэ хууль батлагдсанаар нийслэл хот эдийн засаг, санхүү, төсвийн хувьд бие даана. Хөгжлийн гарц, шийдлийн хувьд ч олон хувилбар бий болж, хот, тосгоныг хөгжүүлэх, дагуул хотыг бий болгох боломж бүрдэж байна. Цаашдаа улсын нийслэл маань аюулгүй байдлын хувьд ч, эдийн засгийн хувьд ч дэлхийн жишигт хүрсэн хот болох бүрэн боломж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [148.60.92.227] 2021-11-08 15:10:24

edgeer nehedyyd bol hotiin telee bye setgeleeree ajillasan hymyys edniig byryytgaj bolohgyi ee!!ed chini hotiin byeen daah chadbar homs baisan eersdeen siidbereen gargaad ajiladag chag bys bailaa!odoo harin eerchilegdbel sain hereg!

Бид [66.181.161.34] 2021-11-08 10:44:55

Та нар л УБ хотыг минь дампууруулсаг

Зочин [103.212.119.68] 2021-11-08 05:30:40

Эго

Зочин [202.179.27.81] 2021-11-08 04:29:06

tugjreliig buuruulah neg gartz bol oron suutznii horoolluudiig nevt garsan zamtai baih estoi. manaid bol hashaad hamgaalchihdag.

ЗОЧИН [202.55.188.106] 2021-11-08 04:04:50

ААЛЗНЫ ТОР ЧИНЬ НАРНЫ ЦАЦРАГ ШИГ ТАЛ ТАЛ ТИЙШЭЭ ШУУД ГАРАХАД ЧИГЛЭСЭН МӨРТЛӨӨ ГОЛ ХЭСГЭЭРЭЭ МАШ НЯГТ СҮЛЖИЛДЭЖ, ХАРИН ЗАХ ХЭСЭГ РУУ ГЭЭ СИЙРЭГЖДЭГ, ХОТЫН ТӨВД БАЙЛАА ГЭХЭД ХОТЫН АЛЬ Ч ЗҮГ РУУ ГАДАГШ ЧИГЛЭСЭН ЗАМААР ГАРААД ЯВЧИХ ЖИШЭЭНИЙ ИЙМ Л ЗАМЫН БҮТЭЦ БАРИВАЛ СУПЕР ХОТ БОЛОХ ГЭЭД БАЙНА ДАА

ЗОЧИН [202.55.188.106] 2021-11-08 04:00:38

ЗАХ БӨӨНИЙ ТӨВҮҮДИЙГ БӨӨГНӨРҮҮЛЖ ХАЯСАН ЭТГЭЭДҮҮД БАЙХ ШИВ ДЭЭ. ЗАМЫГ ЁСТОЙ ААЛЗНЫ ТОР АДИЛ БҮР ЯГ АДИЛХАН ЗАГВАРТАЙ, ДУНД ХЭСГЭЭРЭЭ МАШ НЯГТ ТОРЛОЖ БАЙГААД ЗАХ РУУГУУ СИЙРЭГЖДЭГ ШИГ ЯГ АДИЛХАН ЗАМЫН ХЭЛХЭЭ ҮҮСГЭЖ БАРИМААР БАЙГАА ЮМ. БАЙГАЛИЙН БҮТЭЭЛ БОЛГОН ХАМГИЙН ОНОВЧТОЙ БАЙДГИЙГ Л МЭДМЭЭР БАЙГАА ЮМ

Зочин [103.80.210.183] 2021-11-08 03:50:38

бузар хүмүүсийг цаазаар аваачаач ээ.

dsn [66.181.161.72] 2021-11-08 02:31:45

Baasanjav hotiin tuluu unench suulchiin darga baijee . ta urt nasalj udaan jargah boltugai!

Зочин [139.5.218.173] 2021-11-08 02:04:41

Us, Us yaah ve? usgui hot bolloo shde! yuun shine shatand garah! usgui l shine shatand garah gej bna

иргэн [64.119.25.171] 2021-11-08 01:23:14

Тэр Баасанжав гэдэг эрхмээс бусад нь хотыг мөнгө гэж л харсан.Авилгал стрессийн уурхай болгосон 1 м2 газар болгоныг зарсан Одоо дураараа бүтээн байгуулалт нэрээр жилд 1 сар ч ажилладаггүй усан лргилуур гэх мэт Сэлбэ гол дээр усан фонтан гээд сэг үлдээсэн Үүнийг хотын иргэн бид шаардсан уу хариуцлөга


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.