“Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар” салбарын сайдыг мэдээллийг сонсож, хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэлээ

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.11.19) үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар коронавируст халдвар “Ковид-19”-ийн цар тахлын эсрэг вакцинжуулалтад хамрагдаж, нийгэм болон өөрийн эрүүл мэндээ хамгаалахын төлөө иргэд, олон нийт идэвх санаачлагатай байхыг уриалав. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улс нийт хүн амынхаа 17 хувийг III тунд хамруулснаар тохиолдлын тоог өмнөх сартай харьцуулахад 60 хувиар, эмнэлгийн орны ачаалал 40 хувиар буурсныг дурдаад вакцин сөрөг нөлөөтэй гэсэн олныг зориуд төөрөгдүүлэх гэсэн сурталчилгаа явуулж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн эсрэг үйлдэл, монголын ард түмний эрх ашигт нийцэхгүй гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Хуралдаан Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар” мэдээллээр үргэжилсэн.

Үндэсний статистикийн хорооны 2021 оны II улирлын мэдээгээр Монгол Улсад 15 ба түүнээс дээш хөдөлмөрийн насны 2 сая 124 мянган хүн байгаагийн 1 сая 207 мянга нь ажиллах хүч, 917 мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна. Ажилгүйдлийн түвшин 2020 оны IV улиралд 7.6 хувь байсан бол 2021 оны I улиралд 8.8 хувь, II улиралд 8.4 хувь болсныг салбарын сайд мэдээлэлдээ онцлоод ажиллах хүчний оролцооны түвшин 2019 онд 60.5 хувь, 2020 онд 58.8 хувь 2021 оны II улиралд 56.8 хувь болж сүүлийн жилүүдэд буурсан үзүүлэлттэй байна. Энэ үзүүлэлтийн хүрээнд эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 49.0 хувь байгаа нь эрэгтэйчүүдээс 16.7 пунктээр бага байгааг дурдав.

Монгол Улс 2020 оны 1 дүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд дэлхийн бусад улс орнуудын нэгэн адил коронавируст халдварын цар тахлын эсрэг тэмцэж, эдийн засаг, нийгмийн хүнд нөхцөл байдал, сорилтуудтай тулгарч байгаа хэдий ч ажлын байрыг хадгалах, хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд тодорхой үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж ажилласан гэв.

Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 их наядын цогц төлөвлөгөө”-нд туссан ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээлийг банкyудын чөлөөт эх үүсвэрээр олгож байна. 2021 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 1.9 их наяд орчим төгрөгийн зээлийг 25.0 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгжид олгож, 104.6 мянган ажлыг байрыг хадгалахад дэмжлэг үзүүлсэн гэсэн тооцоо судалгаа байна. Энэ нь ажлын байрыг хадгалах, шинээр бий болгох оновчтой арга хэмжээ болсон тул цаашид үргэлжүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд 2022 оны улсын төсөвт тодорхой санхүүжилт тусгасан. Аж ахуйн нэгж, даатгуулагчийг нийгмийн даатгалын шимтгэл, торгууль, алдангиас чөлөөлсөн нь ажил олгогчид санхүүгийн болон ажлын байраа хадгалахад дэмжлэг болсон бол иргэдэд шимтгэл төлсөн хугацаа нь тасрахгүй байх боломжийг бүрдүүлсэн. 2020-2021 онд 38.9 мянган аж ахуйн нэгж, байгууллага, 579.9 мянган даатгуулагчийг 873.8 тэрбум төгрөгийн шимтгэлээс чөлөөлж, ажилгүйдлийн даатгалын сангаас 80.9 мянган даатгуулагчид 44.1 тэрбум төгрөгийн дэмжлэг олгосон байна. Нийгмийн даатгалын сангаас нийтдээ 917.9 тэрбум төгрөгийн чөлөөлөлт, дэмжлэгийг үзүүлсэн гэдгийг А.Ариунзаяа сайд мэдээлэлдээ онцолсон.

Мөн тэрбээр, хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлсэн, цахилгаан, усны төлбөрийг тэглэсэн зэрэг арга хэмжээг хэрэгжүүлсэн нь шууд болон шууд бусаар өрхийн орлогыг огцом бууруулахгүй байх, ажлын байрыг хадгалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд эерэг нөлөө үзүүлсэн. Хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрийн харилцааны өнөөгийн байдал, олон улсын хэм хэмжээ, чиг хандлагад нийцүүлэн хөдөлмөрийн харилцааны хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулсан. Хуулийн шинэчилсэн найруулгаар хуулийн хамрах хүрээг өргөжүүлж, хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, бүтэн бус цагаар ажиллах, зайнаас ажиллах, хувь хүн хоорондын хөдөлмөрийн гэрээгээр ажиллах, уртын ээлжээр ажиллах болон ажилтны цалин хөлсийг ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй нь уялдуулан олгохтой холбоотой харилцааг шинээр зохицуулсныг мэдээлэлдээ онцлон тэмдэглэв.

Түүнчлэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн төсөлд дотоодын хөдөлмөрийн зах зээлийг хөгжүүлэх, ажлын байрыг хамгаалах, дотоодын ажиллах хүчийг мэргэшүүлэх зарчмыг тусган боловсруулж, хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлж байна.

Хүн амын бүлгүүдийн онцлогт нийцсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд “Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох”, “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих”, “Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” гэсэн таван үндсэн хөтөлбөрийн 24 арга хэмжээг шинэчлэн баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн шинэчлэл нь ажил олоход хүндрэлтэй иргэн, ялангуяа нийгмийн халамж авч байгаа өрхийн хөдөлмөрийн насны бөгөөд хөдөлмөрийн чадвартай гишүүнийг хөдөлмөрт бэлтгэж, ажлын байраар хангах мөн цар тахлын үед үйлдвэрлэл, үйлчилгээ, мал аж ахуй эрхлэгчдэд үйл ажиллагаагаа сэргээхэд чиглэсэн барьцаагүй, хүүгүй, эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох, ажлын байр бий болгох, хадгалах, хамгаалахад чиглэсэн гэдгийг салбарын сайд тус тус мэдэгдлээ.

Эдгээр хөтөлбөр, арга хэмжээнд энэ онд 24.5 тэрбум төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хуваарилан зарцуулж байна. 10 дугаар сарын байдлаар 19.2 мянган хүнийг хөтөлбөрт хамруулж, 3607 байнгын, 7545 түр болон цагийн ажлын байр бий болгосон. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас иргэн, аж ахуйн нэгжид олгодог жижиг зээлийн хэмжээг 20.0 хүртэл сая төгрөг байсныг 50.0 хүртэл сая төгрөг, иргэнд олгодог санхүүгийн дэмжлэгийн хэмжээ 5.0 хүртэлх сая төгрөг байсныг 10.0 хүртэл сая төгрөг болгон тус тус нэмэгдүүлээд байна. Тус яамнаас 18-34 насны залуучуудын ажилгүйдлийн түвшин өндөр байгааг онцгойлон анхаарч холбогдох яамдтай хамтран залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх зорилго бүхий “Оролцоо” төслийг хэрэгжүүлж байна. Энэ онд 2327 залууст ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, хөдөлмөрт бэлтгэх багц сургалтыг зохион байгуулан одоогийн байдлаар 1577 залуусыг ажлын байранд дадлагажуулж, 357 залуусыг ажлын байраар хангаад байна гэв.

Халамжаас хөдөлмөрт зорилтын хүрээнд “Хүнсний эрхийн бичиг олгох журам”-ыг шинэчилж, хүнс тэжээлийн дэмжлэг авч буй өрхийн мэдээллийг нягтлан, зорилтот бүлгийг нарийвчлан тодорхойлсны үндсэн дээр 5766 өрхийн 33660 иргэнийг хүнсний эрхийн бичгээс чөлөөлж, улсын төсвөөс жилд 4.8 тэрбум төгрөг хэмнэх боломжийг бүрдүүлсний зэрэгцээ нийгмийн халамжийн үйлчилгээ авдаг хөдөлмөрийн насны бөгөөд хөдөлмөрийн чадвартай иргэнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль тогтоомжид заасан зарим үйлчилгээнд заавал хамрагдах нөхцөл тавьж, 4462 иргэнийг ургац хураалтын ажилд хамруулсан. Цахим шилжилтийн хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг оновчтой удирдах, бодлогын шийдвэр гаргахад их өгөгдөлд тулгуурласан тооцоолол, шийдлийн хувилбартай байх боломжийг бүрдүүлсэн “Хөдөлмөр эрхлэлтийн системийн динамик загвар”-ыг туршин нэвтрүүллээ. Мөн хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн систем “E-JOB” платформ, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг мөшгих судалгааны системийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд танилцуулгадаа онцолсон.

Цаашид хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх хүрээнд хэдэн хэдэн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр дэвшүүлжээ. Тухайлбал, “Халамжаас хөдөлмөрт” зорилтыг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх хүрээнд Нийгмийн халамжийн тухай болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж батлуулах, Хөдөлмөрийн зах зээлийн ойрын, дунд, урт хугацааны эрэлт, нийлүүлэлтийг системийн динамик загварыг ашиглан оновчтой тодорхойлж, салбар дундын хамтын ажиллагааны хүрээнд мэргэжилтэй ажиллах хүчийг хөгжүүлж бэлтгэхээр төлөвлөснийг мэдээлэлд дурдсан байв.

Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээг бүс, орон нутгийн онцлогт нийцүүлэн боловсронгуй болгох төдийгүй эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлж, ажиллах хүчний оролцооны түвшинг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээг цахимжуулж, үр дүн, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлнэ.

Ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад орон нутгийн захиргааны байгууллагын санаачлага, оролцоо, үүргийг нэмэгдүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлж, хөдөлмөрийн бүтээмжийн өсөлттэй уялдсан цалин хөлсийг нэмэгдүүлэх тогтолцоог бий болгож, бүтээмж, үр дүн, гүйцэтгэлийг нэмэгдүүлэх салбар дундын бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийн эх үүсвэр гадаад ажилчдын ажлын байрны төлбөрийн орлогоос шууд хамааралтай байдлыг өөрчилж, улсын төсвийн болон бусад холбогдох эх үүсвэрийн санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэл баримталахын зэрэгцээ томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдэд ажиллах хүчнээс гадуур байгаа хүний нөөцийг татан оролцуулж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ. Албан бус эдийн засгийн салбарт ажиллагчдын бүртгэл, мэдээллийг бий болгож, албан эдийн засгийн салбарт шилжихийг дэмжсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгийг салбарын сайдын мэдээлэлд дурдсан байв.

Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын цөөнхийн бүлгийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, О.Цогтгэрэл, С.Одонтуяа, А.Адьяасүрэн, Н.Алтанхуяг, Д.Ганбат нар асуулт асууж, хариулт авлаа.

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Дараа нь Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, хуулийн төслийн талаар Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг үргэлжлүүллээ. Тухайлбал, төслийн 23 дугаар зүйлд 23.6.“Засгийн газрын шугамаар авсан гадаадын хөнгөлөлтэй зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, хөтөлбөрийн хүрээнд ажиллах хүчийг дотоодоос хангах бололцоогүй нөхцөлд Засгийн газрын шийдвэрээр гадаад ажилтан авч ажиллуулж болно.” гэсэн хэсэг тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 56,4 хувь нь дэмжив.

Мөн төслийн 26 дугаар зүйлийн гарчгийн “Гадаад ажилтан авч ажиллуулах” гэснийг “Гадаад ажилтныг урих зөвшөөрлийг” гэж, 26.1 дэх хэсгийн “гадаад ажилтан авч ажиллуулах эрхийг” гэснийг “гадаад ажилтныг урих эрхийг” гэж, 26.1.3 дахь заалтын “энэ хуулийн 24-т” гэснийг “энэ хуулийн 23.3, 24.3, 24.4, 24.5-д” гэж тус тус өөрчилж, төслийн 26 дугаар зүйлд 26.1.4, 26.1.5 буюу “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1.1, 10.1.3-д заасан үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон”, “энэ хуулийн 27.1-д заасны дагуу зөвшөөрлөө цуцлуулсан.” гэсэн заалт нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтын “эсхүл хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон” гэснийг болон 32.1.3 дахь заалтыг тус тус хасч, 32.1.5 дахь заалтын “хуурамч баримт бичгээр бүртгүүлсэн,” гэсний дараа “худал мэдүүлсэн” гэж нэмж, төслийн 32 зүйлд 32.1.7 “32.1.7.хуульд заасан бусад.” гэсэн заалт нэмэх Ажлын хэсгийн саналыг дэмжсэнгүй.

Мөн төслийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийн “Засаг дарга, аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага,” гэсний дараа “Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөл,” гэж нэмж, 38.3 дахь хэсгийн “зөрчлийг шийдвэрлэх” гэснийг “зөрчлийг арилгуулах” гэж өөрчилжтөсөлд 39.2.1, 39.2.2 дахь “дүрмийн зорилгод ажилтан, ажил олгогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах асуудлыг тусгасан байх;”, “дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх.” гэсэн заал нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Үргэлжлүүлэн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Тухайлбал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллолд хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн бол Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх төслийн 1 дүгээр зүйл.Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.11 дэх заалтыг “гадаадын их сургууль, дээд сургууль, коллеж, эрдэм шинжилгээний байгууллага, сургалтын төвд хувийн болон байгууллагын зардлаар суралцах хүнд зуучлах, мэдээллийн нэгдсэн бүртгэлд хамруулах, хяналт тавих, холбогдох журмыг баталж мөрдүүлэх;” гэж өөрчлөн найруулах Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 56.1 хувь нь дэмжив.

Ингээд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн завсарлагын хугацаа дууссан тул хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлсэн. Цаашлаад Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нь Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар намын бүлэг хуралдаж, уг хуулийн төслийг дэмжих боломжгүй гэсэн шийдвэр гаргасан талаараа мэдэгдлээ.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Т.Аюурсайхан нар хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Иймд Байнгын хорооны саналаар Автотээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Автотээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Автотээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Автотээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлагын даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх мөн дэмжсэнгүй. Иймд “Хуулийн төслийг буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа.

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгийг хийлээ

Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4 дэх хэсэгт заасны дагуу Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хамтарсан хуралдаанаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хороодын санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал ахалж, гишүүдэд Н.Алтанхуяг. П.Анужин, Э.Бат-Амгалан, Т.Доржханд, Л.Мөнхбаатар, Б.Саранчимэг, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нар ажилласныг онцлоод Ажлын хэсэг хуулийн төслийн талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, харилцаа холбоо, мэдээллийн технологийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын саналыг судлан үзэж, түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нийцүүлэн агуулга, бүтэц, нэр томьёо, хэл найруулгын шинжтэй зарчмын зөрүүтэй 38 санал, найруулгын шинжтэй 2 санал боловсруулсныг дурдав.

-Олон улсын жишгийн дагуу онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй төрийн өмчит хуулийн этгээд болон төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон байгууллагад чиглэсэн кибер халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, түүнд өртсөн дэд бүтэц, мэдээллийн системийг нөхөн сэргээхэд мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх, улсын хэмжээнд кибер халдлага зөрчилтэй тэмцэх төвүүдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, Монгол Улсыг төлөөлөн олон улсын ижил төстэй байгууллагатай хамтран ажиллах чиг үүрэг бүхий Үндэсний төвийг тагнуулын байгууллагын бүтцэд,

-Иргэн, хуулийн этгээдийн мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд чиглэсэн кибер халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, кибер халдлага, зөрчилд өртсөн мэдээллийн системийг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэх, кибер халдлага, зөрчлийн талаар судалгаа, дүн шинжилгээ хийх, олон нийтэд зөвлөмж, мэдээлэл түгээх чиг үүрэг бүхий Нийтийн төвийг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд,

-Тайван цагт батлан хамгаалах үйл ажиллагааны кибер аюулгүй байдал, зэвсэгт хүчний мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний аюулгүй байдлыг хангаж, шаадрлагатай үед улсын кибер орон зайн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, кибер аюулгүй байдлын үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг батлан хамгаалах салбарт зохион байгуулах чиг үүрэг бүхий Зэвсэгт хүчний төвийг зэвсэгт хүчний кибер командлалын бүтцэд,

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанаас гаргасан саналыг үндэслэн, кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, мэдээлэл солилцох чиг үүрэг бүхий Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд тэргүүлж, дэд даргаар цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Тагнуулын ерөнхий газрын дарга нар ажиллахаар төсөлд тусгасныг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулгадаа дурдав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Э.Батшугар, С.Одонтуяа, Ц.Мөнх-Оргил,Ц.Сэргэлэн нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ иргэн, хуулийн этгээдийн мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд чиглэсэн кибер халдлага, зөрчлийг хэрхэн илрүүлж, хариуцлага тооцох, Нийтийн төвийн чиг үүргийн талаар илүүтэй тодруулж байлаа.

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал хариултдаа, Манай улс кибер аюулгүй байдлын индексээр дэлхийд 121 дүгээр байрт байгааг тодотгоод Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх Мэдээллийн аюулгүй байдлын газрыг өргөтгөөд Үндэсний төв болгосон. Энэ төв дээрээ төрийн онц чухал мэдээллийн дэд бүтцийн байгууллагуудад халдсан халдлагуудтай тэмцдэг гол үүрэгтэй болгож, кибер халдлагуудыг бүртгэж, хянадаг, зохих арга хэмжээ авдаг эрх, үүргийг энэ байгууллагад олгож байгаа гэсэн юм. Харин нйитийн төв нь хувийн болон иргэний мэдээллийн авулгүй байдалд халдах халдлагатай тэмцэх үндсэн чиг үүргээ хэрэгжүүлнэ гэж хариулсан.

Хуулийн төслүүдийн талаар зарчмын зөрүүтэй 39 саналын томьёоллоор санал хураалтыг явуулах байсан ч чуулганы хуралдааны ажлын цаг дууссан тул өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

Maisie [172.241.168.147] 2021-11-21 10:39:53

เว็บตรงสล็อต ที่เป็นแหล่งรวมค่าย Slot Online ครบทุกค่าย Slot Game มีให้เลือกเล่นมากกว่า 3,000 เกม มาพร้อมระบบ ฝาก-ถอน อัตโนมัติ ภายใน 10 วินาที ฝากถอนไม่มีขั้นต่ำ 1 บาทก็เล่นได้ ไม่จำกัดจำนวนครั้ง โปรสล็อตออนไลน์ ต่างๆมากมาย โปรสมัครสมาชิกใหม่ วันนี้ รับโบนัสทันที 50% สล็อตเว็บตรง เครดิตฟรีสล็อต สูงถึง 10,000 บาท ร่วมสนุกกับ SLOT DEMO ได้อย่างไร้ขีดจำกัด เว็บเล่นสล็อต เปิดให้บริการตลอด ทั้งวัน ไม่มีวันหยุด แหล่งรวม สล็อต จากค่ายดังสล็อต 2021 เช่น PG SLOT,XOSLOT,SLOTJOKER,SLOTSUPER,JILI SLOT,SLOT JILI,PRAGMATIC SLOT,PRAGMATIC PLAY,AMBBET,AMB SLOT,SLOT AMB,AMBBET SLOT และอื่นๆอีกมากมาย สมัครสมาชิก ได้ง่ายๆ ตลอด 24 ชม.

Meri [23.82.111.248] 2021-11-21 01:03:44

สำหรับนักลงทุน ท่านใดที่กำลังมองหา เว็บไซต์สล็อต เพื่อต้องการร่วมสนุกและทำกำไรจาก Slot Game ก็สามารถ สมัครสมาชิก กับทาง เว็บสล็อตออนไลน์ ของเรา super slot ได้ตลอด 24 ชม. เว็บใหญ่สล็อต ที่ดีที่สุดอันดับ 1 มี Slot Game จากค่ายดังต่างๆมากมายให้เลือกเล่น เช่น PGSLOT,XOSLOT,สล็อตโจ๊กเกอร์,SLOT AMB,JILI SLOT,SLOT JILI,PRAGMATIC PLAY, SPADEGAMING และอื่นๆอีกมากมาย มาพร้อม โปรโมชั่นสล็อต ต่างๆมากมาย สำหรับสมาชิกทุกท่าน โปรสมัครสมาชิกใหม่ ตอนนี้ รับโบนัสทันที 50% พร้อมลุ้นรับ เครดิตฟรีสล็อต สูงถึง 10,000 บาท เว็บไซต์สล็อตออนไลน์ มีระบบ ฝากถอน AUTO รวดเร็วทันใจ ภายใน 10 วินาที หากกำลังมองหา เว็บใหญ่สล็อต ที่ดีที่สุด เราคือสิ่งที่คุณกำลังตามหา

Буруу Цолмон [192.82.86.97] 2021-11-20 03:27:49

Зах зээлийн үед мэрэгжэлийн ажилчин маш их хэрэгтэй байна 12 р анигаас бүх сурагчидыг мэрэжлийг сургуульд 2 жилээр суралцуулж сурсан мэрэгжлээр нь шалгат авч их дээд сургуулд тэр мэрэжлээр нь оруулаж байгаач Сайн мэрэжэлтэн сайхан амьдарах болоцоо дүүрэн би Улсын хөжөл хувь хүний амьдралд энэ л хэрэгтэй

Jaunita [23.82.111.54] 2021-11-19 23:13:33

เว็บพนันสล็อต ที่เป็นแหล่งรวมค่าย เกมสล็อต ครบทุกค่าย Slot Game มีให้เลือกเล่นมากกว่า 3, 000 เกม มาพร้อมระบบ ฝากถอน อัตโนมัติ ภายใน 10 วินาที ไม่มีขั้นต่ำในการฝากถอน 1 บาทก็เล่นได้ ไม่จำกัดจำนวนครั้ง โปรโมชั่นสล็อตออนไลน์ ต่างๆมากมาย โปรสมัครสมาชิกใหม่ วันนี้ รับโบนัสทันที 100% ambbet สล็อตเครดิตฟรี สูงถึง 10,000 บาท ร่วมสนุกกับ ทดลองเล่นสล็อต ได้อย่างเพลิดเพลิน เว็บสล็อตออนไลน์ เปิดให้บริการตลอด 24 ชม. ไม่มีวันหยุด แหล่งรวม Slot Online จากค่ายดังสล็อต 2021 เช่น PGSLOT,XO SLOT,JOKERSLOT,SUPERSLOT,JILI SLOT,SLOT JILI,PRAGMATIC SLOT,PRAGMATIC PLAY,AMBBET,AMB SLOT, SLOT AMB,AMBBET SLOT และอื่นๆอีกมากมาย สมัครสมาชิก ได้ง่ายๆ ตลอด ทั้งวัน


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.