Б.Азжаргал: Төрийн торгон цэрэг болж байгаа минь нэр төрийн хэрэг

Aдмин / Нүүр

-Эрхэм байлдагчийн амрыг эрье! Юуны өмнө өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Б.Азжаргал гэдэг. 2002 онд Нийслэлийн Багануур дүүрэгт төрсөн, айлын том хүү бөгөөд хоёр эрэгтэй дүүтэй. Би Монгол Улсын Их Сургуулийн хоёрдугаар курст суралцаж байгаад Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлж цэргийн албаа хаах зорилгоор өөрийн хүсэлтээрээ ирсэн. Аав, ээж хоёр маань Төв аймгийн Мөнгөнморьт суманд мал маллан амьдарч байгаа.

-Цэргийн албанд ирсэн анхны сэтгэгдлээ хуваалцаач?

-Цэргийн алба нь миний төсөөлж байснаас өөр байсан шүү. Идэж байгаа хоол, өглөөний бослого, гүйлт, гимнастик, оройн зугаалга гээд бүхий л зүйлд эхний хэд хоногт дасахад хэцүү байсан. Гэвч энэ бүхэн нь цэргийн шинжлэх ухааны үндэслэл, тооцоотой гэдгийг ойлгосноор одоо хэцүү бүхэн ард хоцорсон. Өөрөөр хэлбэл, ээж, аавын хүү нь өдгөө эх орны хүү болж байна. Миний хувьд Цэргийн гавьяаны улаан тугийн болон Байлдааны гавьяаны одонт, хурандаа генерал Ж:Ёндонгийн нэрэмжит Зэвсэгт хүчний 032 дугаар ангид алба хааж, төрийн торгон цэрэг болж байгаагаа нэр төрийн хэрэг хэмээн хүндэлж байна.

-Цэргийн нөхөрлөл нь эрчүүдийн мөн чанарыг таниулсан насан туршийн нөхөрлөл гэж ойлгодог. Одоогоор хэр олон найзтай болж байна вэ?

-Тэгэлгүй яах вэ? Миний хамгийн сайн найз бол байлдагч Г.Чулуун-Эрдэнэ бөгөөд бид хоёр бүхий л зүйлийг амжуулахын тулд гар, сэтгэл ямагт нийлдэг. Нэг жишээг дурдахад, нэг нь захны даавуугаа угааж индүүдэн оёж байхад нөгөөх нь хоёр гутлаа тослох зэргээр бие биедээ нөхөрсгөөр тусалдаг учраас илүү дотноссон. Мөн МУИС-д суралцаж, тус сургуулийн Оюутны зөвлөлд ажиллаж байсан хоёр найзтайгаа нэг ротод алба хааж байгаа. Бид гурав өнгөрсөн зун цэргийн албыг нэр төртэйгөөр хаах, Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлэх тухай ярилцаж байснаас ингээд хамтдаа алба хаана гэж бодож явсангүй.

-Цэргийн тангаргаа удаахгүй өргөх гэж буй мөчид хамгийн эрхэм хүмүүстээ хандаж юу гэж хэлэх вэ?

-Юуны өмнө өдөр бүр өглөөний ургах нарнаар алтан соёмбот Төрийн далбаагаа мандуулан Монгол Улсынхаа Төрийн дууллаа дуулж зогсохдоо сэтгэл зүрхэндээ аав, ээжийгээ тээж хамтдаа байдаг. Хүү нь Цар тахлын улмаас тус ангид эцэг, эхчүүдийг нэвтрүүлэхгүй тул цэргийн тангаргийн баяраар Та бүхэн минь ирэх боломжгүй ч цахимаар хүүгээ хараарай гэж бодож байна. Тун удахгүй төрийн анхны ёслолдоо оролцох гэж байгаа болохоор сэтгэл маш их догдолж байгаа шүү. Биднийг цэргийн эрдэмд сургах үйлсэд хөдөлмөр зүтгэлээ зориулан ар гэрээ умартан, бидэнтэй байнга хамт байгаа захирагч, дарга нартаа талархсанаа илэрхийлье.

Эх сурвалж: Зэвсэгт хүчний Жанжин штаб


Сэтгэгдэл

Торгон цэрэг [192.82.86.187] 2021-11-20 08:02:28

Мундаг хүү байна. Сайхан ч ярилцлага болжээ

Зочин [82.144.201.2] 2021-11-20 07:00:37

Найр наадам бөхийн барилдаанд хүмүүсээ оруулаад байдаг мөртлөө, цэргийн тангараг өргөх ёслолд аав ээж танил талуудыг нь оруулж болдоггүй юм уу, амны хаалт, хоорлндын зайгийн бариулах дэг журмаар оролцуулж болно шүү дээ, дэх тусмаа гадаа эрүүл агаарт болох арга хэижээ шүү дээ!!!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.