Метро, дагуул хот, дэд төв байгуулах ажлуудыг иргэд дэмжжээ

Aдмин / Нийгэм

Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны хуралдаан өчигдөр Төрийн ордонд болсон. Түр хорооны хуралдааны үеэр Эс Ай Си Эй ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбилэг Улаанбаатар хотын тулгамдсан асуудал сэдэвт түүвэр судалгааны дүнг танилцуулсан юм.

-Нийслэл хотод тулгамдаж буй асуудлын талаарх түүвэр судалгаанд есөн дүүргийн 600 иргэнийг хамруулан Улаанбаатар хотын хувьд тулгамдсан асуудал нь юу байна гэдгийг тодотгон гаргасан. Нийслэл хотын хувьд эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөл сайжирсан гэж зургаан хүн тутмын нэг нь үнэлсэн бол, үгүй гэж дөрвөн хүн тутмын нэг нь үзэж байх жишээтэй. Одоо тулгамдаж буй асуудлыг дэд бүтцийн, нийгмийн, эдийн засгийн гэсэн гурван бүлэгт хуваан ангилсан. Дэд бүтцийн тулгамдсан асуудлын тэргүүнд автомашины зогсоолыг нэрлэсэн бол гэр хорооллын дахин төлөвлөлт, явган болон дугуйн зам, зай завсаргүй барьсан барилга байгууламж, ногоон байгууламж дутмаг байдал гэсэн асуудлуудыг иргэд нэрлэсэн байна. Хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэг, сургуулийн хүртээмж гэсэн асуудлыг ч дурджээ. Энэхүү тулгамдсан асуудал нь гэр хороолол болон орон сууцанд амьдарч буй иргэдийн хувьд мөн ялгаатай. Гэр хорооллын дахин төлөвлөлт хамгийн чухал гэж гэр хороололд амьдардаг иргэд хэлсэн бол автомашины зогсоолын хүртээмжгүй байдал орон сууцанд амьдарч буй иргэдийн хамгийн тулгамдсан асуудал байна.

Нийгмийн асуудлын тухайд замын түгжрэл, агаарын бохирдол, архидалт, хог хаягдал, “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал сэтгэл зовоосон асуудал гэжээ. Урьд нь “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал хамгийн эхэнд бичигдэж байсан бол энэ удаа тавдугаарт эрэмбэлэгдсэн. Харин эдийн засгийн асуудлын тухайд судалгаанд оролцогчдын 66.8 хувь нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, 45 хувь нь цалин тэтгэврийн хүртээмж муу байна гэжээ. Мөн иргэдийн амьжиргааны түвшин, ядуурал, жижиг, дунд бизнес эрхлэх боломж, ядуурлыг тулгамдаж буй асуудал хэмээн нэрлэжээ. Түүнчлэн Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хороо байгуулагдсаны дээр хэд хэдэн хуулийн шинэчлэл нь хотын хөгжилд нааштай өөрчлөлт авчирна гэсэн хүлээлт иргэдийн дунд байгаа бөгөөд тэд хамгийн түрүүнд авто замын түгжрэлийг бууруулах, цалин тэтгэвэр тэтгэмжийг өсгөж эдийн засгийн хямралыг арилгах, амьдрах орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах байх гэж хүлээж буй нь харагдсан хэмээн өгүүллээ.

Судалгааны багийнхны зүгээс хийж хэрэгжүүлэх ажлыг асууж эрэмбэлэхэд 96.3 хувь нь явган хүний зам барих, 93 хувь нь дугуйн зам барих, 92.8 хувь нь давхар зам, гүүрэн байгууламж бий болгохыг дэмжсэн байна. Түүнчлэн нийтийн тээврийн автобусны тоог нэмэх, метро байгуулах, дагуул хот, дэд төв байгуулах зэрэг ажлуудыг иргэд өндөр хувиар дэмжсэн хариулт өгчээ.

Судлаачид дэмжихгүй байгаа асуудлуудыг ч мөн асуулгад багтаан эрэмбэлэн жагсаажээ. Тухайлбал, буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн онцгой албан татвар болон бусад татварыг нэмэхийг судалгаанд оролцогчдын 65.5 хувь нь дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн бол хотын иргэний татвар бий болгохоос 64.8 хувь нь татгалзжээ. Хотын авто зам, гүүрийг төлбөртэй, төлбөргүй болгож ялгахыг 63.7 хувь эсэргүүцэж, буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг импортлохыг хориглохыг 50.8 хувь нь, хөдөөгийн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр хязгаарлахыг 58 хувь нь, нэг өрх нэг автомашинтай байх, нэгээс дээш автомашинтай бол татварыг хоёр дахин нэмэгдүүлэн тооцдог болохыг 54.8 хувь нь, дугаарын хязгаарлалттай өдрийн тоог нэмэхийг 50.8 хувь нь дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Эдгээрээс судлаачид “Иргэд төрөөс хийж хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлыг ихээхэн шаардаж байгаа ч иргэдийн өөрсдийнх нь зүгээс оролцоог нэмэгдүүлсэн, хариуцлага шаардсан, татвар хураамж нэмэгдүүлсэн арга хэмжээг дэмжихгүй байгаа нь ажиглагдлаа. Авах зүйлд “тийм”, өгөх, үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд “үгүй” гэж хариулж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан юм.


Сэтгэгдэл

Зочин [99.230.64.174] 2021-12-22 18:28:00

Асуудал ярьсаар 100 жил болсон,,,,

Зочин [192.82.64.214] 2021-12-17 02:17:12

Улаанбаатар хотын оршин суугч татвар төлдөг тогтолцоо бий болгох хэрэгтэй. Хүссэн болгон нь гэрээ ачиж ирээд уулын орой жалганд буучихээд хотын ачаалалыг нэмэгдүүлээд байж болохгүй. Нийслэлд амьдарч гэвэл хаягын шилжилтээ хийлгэж албан ёсоор Улаанбаатарт оршин суугчаар бүртгүүлээд татвараа төл. Улаанбаатарын харьяалалгүй хүнийг хотын аж ахуйн нэгж байгууллага ажилд авахгүй гээд татварыг зайлшгүй төлүүлдэг байх хэрэгтэй. Түүнээс биш орон нутгийн харьяалалтай боловч Улаанбаатарт ажил хийх нэрийдлээр ирээд хотын ачаалалыг зохиомлоор нэмэгдүүлээд, гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаа олон хүн байна.

Зочин [66.181.161.102] 2021-12-16 12:50:50

Замын түгжрэлииг бууруулах гэсэн аргууд бүгд амжилтгүй болсоор олон жил боллоо Үүнииг шиидэх арга нь хотыг тэлж дагуул хотууд бии болгож тэр хотууддаа хангалттай ажлын байр бии болгох Гэвч энэ дагуул хотын асуудал олон жил шаардах ажил Тиимээс дагуул хот барих хүртлээ хэдэн жил авто машины татвар замын татваруудыг нэмж ниитиин тээвэрт томоохон хөрөнгө оруулалт хииж ниитиинтээврииг хүрэлцэхүйц автобустай болгож 1р эгнээгээр автобусаа саадгүй явуулдаг болгох Ингэснээр олон хүн хувиин машин биш автобусыг сонгож явах боломж бүрдэнэ Гэтэл төр засаг ард түмэнд таалагдах гэсэндээ иим аргуудыг хэрэглэж чадахгүй байнаХарин асар их үргүй зардал гаргах аргуудыг сонгосоор мухардсаар бхйна Автомашин жил бүр 30-40 мянгаар нэмэгдэж хөдөөнөөс шилжин ирэгсэд улам олноор ирсээр байвал хэзээ ч түгжрэл багасахгүй гэдгииг уг нь хүн бүхэн мэдэж л байгаа

Зочин [59.153.86.32] 2021-12-16 11:27:05

Метро барьж чадахгүйг хэнч мэдэж байгаа тэхээр чөтгөр л дэмжиждээ одоо болтол юуч хийхээ мэдэхгүй төөрч явах юмаа

зочин [139.5.216.254] 2021-12-16 04:51:31

Буруу хүрдтэй машин унадаг хүмүүс яаж дэмжинэ гэж бодов. Хүн алах, хууль зөрчих юу ч биш юм бол замын хөдөлгөөний хуулиар жолооч торгохоо зогсоо. Төр зөрчиж болдог иргэн бол болдоггүй юм уу. Алагчилж байна. Цэцэд өгөх асуудал болжээ. Ийм юм харахгүй. Иргэд төрөөс түүний албатуудаас хохиролоо нэхэх нь шудрага юм байна.

Зочин [103.80.210.183] 2021-12-16 04:18:25

хэн ч дэмжээгүй худлаа өөрсдийнхөө мөнгө хулгайлах тал дээрээ дүр үзүүлж ард түмэн рүү бурууг чихэх гэж байгаа юм. 76 малны үснүүд хотоос зайлаад өг дөө.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.