Д.Базаррагчаа: Анхны тангараг өргөсөн алба хаагчдын нэг гэдгээрээ бахархдаг

Aдмин / Нүүр

“Амжилт дагуулах 8 асуулт” булангийн энэ удаагийн зочноор ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын Гамшгийн эрсдэлийн үнэлгээний хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Базаррагчааг урилаа.Тэрбээр Онцгой байдлын байгууллагад 2005 оноос хойш 16 дахь жилдээ ажиллаж байна. 2005-2014 онд ОБЕГ-ын Гадаад харилцааны хэлтэст мэргэжилтэн, 2014-2017 онд Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын Стратегийн төлөвлөлтийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2017-2021 онд Гамшгийн эрсдэлийн удирдлагын газарт ахлах мэргэжилтэн, 2021 оны 02 дугаар сараас тус газрын Гамшгийн эрсдэлийн үнэлгээний хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байна.

-Солонгын 7 өнгөнөөөс өөрийгөө аль өнгөтэй зүйрлэх вэ? Яагаад энэ өнгөтэй зүйрлэх болов?

Миний дуртай өнгө улбар шар. Дэвтэр, үзэг, бичгийн хэрэгсэл, хэтэвч, даашинз, ширээний бүтээлэг, цонхны хөшиг гээд бүгд л энэ төрлийн өнгөтэй байдаг. Улбар шар өнгө хүнд тайвшрал, эрч хүчийг мэдрүүлдэг гэж эрдэмтэд тайлбарладаг юм билээ. Улс орнуудын гамшгаас хамгаалах байгууллага болон Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагын бэлэг тэмдэг улбар шар дэвсгэртэй байдаг нь үүнтэй холбоотой байж болох юм. Манай Онцгой байдлын байгууллагын бэлэг тэмдэг, эрэн хайх, аврах ажиллагааны хувцас улбар шар өнгөтэй. Аюулгүй ажиллагааг хангах дулаахан, тод сайхан өнгө шүү.

-Хүний сонирхол хязгааргүй. Таны хувьд амьдралдаа хийж үзэх юмсан гэж хүсдэг зүйл байдаг уу? Яагаад?

Манай улс далайгаар хүрээлэгдээгүй болохоор ч тэр юм уу амьдралдаа хийж үзэхийг сонирхож байгаа зүйл гэвэл далайн гүнд шумбалт хийж, усан доторх амьд байгалийг сонирхох. Австралид суралцаж байхад манай сургуулийн эрдэм шинжилгээний судалгааны бааз нэг жижиг арлыг эзлэн байрладаг байсан. Тэнд усны мандлаар хөвж, шүрэн арлын өнгөт хясаа, янз бүрийн загас, том яст мэлхийг харах завшаан тохиолдсон. Далайн гүнд хамгаалалтын хувцастай шумбах боломж байсан ч тухайн үедээ айгаад ороогүй. Гэхдээ гүний шумбалт хийх үзэхсэн гэж бодогдсоор л байдаг. Амьдрал баялаг болохоор мөрөөдөл маань биелэх байх аа.

-Нас, насны мөрөөдөл өөр байдаг гэх нь бий. Таны мөрөөдлийн өнгө хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Зарим мөрөөдөл биелж, зарим нь цаг үе, нөхцөл байдлаас шалтгаалаад өөрчлөгдсөн. Мэргэжлийн хувьд ээжийнхээ хүсэлтээр багш болсон. Ерөнхий боловсролын нэгдүгээр ангиас эхлээд их сургуульд хүртэл шат шатны сургуульд багшилж ээжийнхээ мөрөөдлийг биелүүлсэн. Өөрийн мөрөөдөл бол олон улсын харилцааны чиглэлээр мэргэжил эзэмшин, дипломат албанд ажиллах байлаа. Энэхүү мөрөөдлөөрөө гадаад хэлийг шамдан сурч, Засгийн газрын байгууллагад гадаад харилцааны чиглэлээр ажиллахыг эрмэлзэн багшлахын хажуугаар хүсэлт гаргаж байлаа. Энэ хүсэлтэй маань Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжин Гадаад харилцааны хэлтэст мэргэжилтэн шалгаруулж авч байсан үетэй таарсан. Азтай тохиодол шүү. Мөн дипломат орчуулгын чиглэлээр докторантын зэрэг хамгаална гээд их сургуульд элсэн орж байлаа. Гамшгаас хамгаалах салбарт бодлого боловсруулах түвшинд хүртэл ажиллаж, энэ чиглэлээр суралцсан болохоор сэтгэл зүрх татагдан мөрөөдөл минь гамшгийн эрсдэлийн удирдлагыг хөгжүүлэх чиглэл болж өөрчлөгдсөн.

Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг өөрийгөө харуулах боломж гэж хүлээж авдаг хүн амжилтанд хүрдэг гэсэн үг бий. Энэ тухай таны бодол….?

Хүн бүр өөр, өөрийн өнцгөөс ойлгох байх. Миний хувьд ажлын байранд өгөгдсөн үүрэг даалгаврыг цаг тухайд гүйцэтгэлийн өндөр түвшинд хийхийг хичээн ажилладаг. Төгс зүйл гэдэг харьцангуй ойлголт тул стандарт, чанарын хувьд хамгийн сайнаар гүйцэтгэхийг хичээнэ. Бидний ажлын үр дүн хүний амь нас аврах үйл ажиллагаатай холбогддох учраас ажлын үр дүн хамгийн чухал. Тиймээс онол, өнөөгийн амьдралд хэрэгжиж буй практик, сургамж, олон улсын чиг хандлага, туршлага, ололт амжилт гээд олон зүйлийг судалж ажиллана. Энэ хэмжээгээрээ өөрөө ч хөгжиж байдаг. Түүнээс биш удирдлагад өөрийнхөө чадварыг харуулахын тулд ажилладаггүй.

Магтаал шүүмжлэл хоёрын аль нь таныг хурцалдаг вэ?

Аль аль нь. Магтахад шууд баярлаад л хөөрөөд байдаггүй ч ажиллах урам зориг илүү орно. Хааяа нэг сайн шүүмж сонсох ч ээжээс адис авсан шиг болдог доо.

Аз жаргал бидэнд хэр ойр оршдог бол?

Амгалан тайван эх оронтой, хайртай гэр бүлтэй, дэмжих сайн нөхөдтэй, дуртай ажилтай байгаа болохоор аз жаргал хажууд минь байна гэж бодож байна.

-Таны бахархал?

Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжээд анхны тангараг өргөсөн алба хаагчдын нэг гэдгээрээ бахархдаг. 2005 оны 06 дугаар сарын 16-нд хамт тангараг өргөж байлаа.

-Таныг цэргийн хүнээс гадна өөрөөр юу гэж тодорхойлж болох вэ?

Багш гэж тодорхойлох байх. Намайг олон хүмүүс багшаа гэж дууддаг. Гамшгийн эрсдэлийн удирдлагын мэргэжилтнүүдийг анх удаа шинээр бэлтгэхэд хэд хэдэн удаа хичээл заасан юм. Томилогдоод нэлээдгүй хугацаа өнгөрсөн хэдий ч “Анх таныг багш гэж дуудсан болохоор багш гэж дуудчихаад байх юм, Уучлаарай, дэд хурандаа” гээд хөгжилддөг юм.

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.