Ирэх оноос төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг 50 хувиар бууруулна
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлд 74 нэр төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа явуулахад зөвшөөрөл авах шаардлагагүй болсон. Иргэдэд орлого олох боломжийг нээж өгсөн энэ зохицуулалттай холбоотойгоор ойлголтын зөрүү гарч байгаа тул дэлгэрэнгүй тайлбар, мэдээллийг НЗДТГ-ын Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат хүргэлээ.
-Нийслэлийн Засаг даргын захирамж гарснаар яг ямар өөрчлөлт гарч, зохицуулалт орсон талаар товч мэдээлэл өгнө үү?
-Нийслэлийн Засаг дарга арванхоёрдугаар сарын 20-ны өдөр бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдээ дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, ковидоос шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор маш чухал захирамж гаргасан. МҮХАҮТ болон Улаанбаатар хотын Худалдааны танхимаас хийсэн судалгааны үндсэн дээр хуульд тусгай зөвшөөрөл олгоно гэж зааснаас бусад үйлчилгээг татварын байгууллагад бүртгүүлснээр чөлөөтэй эрхлэх шийдвэрийг гаргасан юм. Тиймээс Хотын дарга 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хуульд тусгай зөвшөөрөл авна гэж заагаагүй бол янз бүрийн шалгуур тавихгүй байхаар шийдвэрлэсэн. Үүнд нийт 74 нэр төрлийн үйлчилгээ багтаж байгаа. Тэдгээрээс хүнсний дэлгүүрийг онцолъё л доо. Хүнсний дэлгүүр нь зургаан нэрийн, найман нэрийн гэсэн хоёр төрлийнх байдаг. Найман нэрийнх гэхээр архи, согтууруулах ундаа худалдаалдаг. Архи, согтууруулах ундаа худалддаггүй нь зургаан нэрийнх. Тэгэхээр ирэх оны эхнээс зургаан нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүд зургаан нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулахад ямар стандарт шаардлага байдаг тухай мэдэж аваад шалгуур шаардлага хангасан бол үйл ажиллагаа явуулах юм. Хуучин бол дүүргийн ЗДТГ-аас 10 гаруй материал бүрдүүлж байж зөвшөөрөл авдаг байсан бол тэдгээр материалаа шууд цахимаар өгөх юм. Нийслэлийн харьяа алба, агентлаг, дүүргүүд мэдээллийг нээлттэйгээр байгууллагынхаа вэб сайтад тавьж, түгээхийг Нийслэлийн Засаг даргаас үүрэг болгосон. Тэр мэдээллийг иргэд аваад шалгуур шаардлагыг мэдсэний дараа цахим системээр хүсэлт явуулах юм. Хүсэлтийг төрийн байгууллагынхан, тухайлбал, цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлынхан аваад ажлын тав хоног дотроо багтаан газар дээр нь зөвлөн туслах үүрэгтэй. Иргэн бол хүсэлтээ цахимаар явуулчихаад үйл ажиллагаагаа эхлүүлж болно. Тухайн дэлгүүр ажиллаж байх зуурт холбогдох мэргэжлийн байгууллагууд очиж зөвлөн тусална. Ингэснээр төрийн байгууллагуудын ажлын арга барил, дэс дараалалд өөрчлөлт орж байгаа. Хуучин бол иргэд энэ бүхнийг туулаад батламжаа авсны дараа үйл ажиллагаагаа эхлүүлдэг байсан.
Нийслэлийн Засаг даргыг шийдвэрээ гаргах явцад Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт 131 иргэн, аж ахуйн нэгжээс холбогдож санал хэлсэн. Тэдний цөөнгүй хувь нь төрийн байгууллагуудын төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтууд дарамт үүсгэдэг гэсэн саналыг хэлсэн байдаг. Тиймээс Хотын дарга энэ бүх шалгалтыг ирэх оноос 50 хувиар бууруулах үүргийг өгсөн.
Нийслэлийн Засаг даргын А/987 тоот захирамж гарсантай холбоотойгоор эрх зүйн өөрчлөлтүүд дагалдаж гарна. Нөгөөтээгүүр шийдвэрийг биелүүлэх зорилгын хүрээнд байнгын орон тоотой бүтцийг бий болгож байна. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөлийг байгуулсан. Зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн байгууллагуудаас гадна МҮХАҮТ, Улаанбаатар хотын Худалдааны танхимын төлөөлөл багтсан. Зөвлөл сар бүр хуралдаж, бизнес эрхлэгчдээс гаргасан гомдол санал, хүсэлтийг хүлээж авна, эрх ашиг нь хөндөгдсөн бол тэрхүү бэрхшээлийн талаарх мэдээллийг нэгтгэж, дүгнэлт гарган Хотын даргад танилцуулах юм.
-Караоке шинээр ажиллуулах хүсэлтэй иргэн өмнө нь хэдэн төрлийн баримт бичиг бүрдүүлдэг байсан бэ. Одоо хэд болсон бэ?
-Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас 225 нэр төрлийн зөвшөөрөл болон зөвшөөрлийн шинжтэй үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжид үзүүлж байна. Үүнийг эрх зүйн талаас нь авч үзвэл гурван хэсэгт хуваагдаж байгаа юм. Эдгээрээс 93 нь нийслэлийн хэмжээнд бүрэн эрх зүйн зохицуулалттай, 90 нь дээд газрын /УИХ, Засгийн газар, тэдгээрийн харьяа газруудын/ зохицуулалттай, 42 нь дээд газрын шийдвэртэй ч нарийвчилсан харилцааг нь нийслэл зохицуулдаг байх жишээтэй. Хотын даргын зүгээс өөрийн бүрэн зохицуулалттай 93 нэр төрлийн үйлчилгээнээс 74 үйлчилгээг үндсэндээ зөвшөөрлөөс чөлөөлж байгаа юм. Үлдэж буй 19 үйлчилгээ нь хараахан чөлөөлж болохгүй үйлчилгээнүүд байгаа. Тухайлбал, Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас олгодог авто зам сэтлэх, орц, гарц гаргах үйлчилгээг чөлөөллөө гэхэд хэн дуртай нь зам сэтлээд эхлэх нь байна шүү дээ. Согтууруулах ундаагаар үйлчлэх үйлчилгээг мөн хуулийн зохицуулалттай тул шууд цуцалж болохгүй. Тэгэхдээ согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөл авна гэдгийг хуульчилсан ч хэрхэн авах вэ гэдгийг хуульчлаагүй. Иргэдийн зүгээс энэ тал дээр зөвлөлийн хурлаар орох гэж маш их цаг хугацаа алддаг гэсэн гомдол ирж байсан. Тэгэхээр Хотын даргын зүгээс согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөл олгох процессуудыг хөнгөвчилж байгаа юм. Заавал хурлаар оруулах хэрэг байна уу, ажил хариуцсан мэргэжилтэн ажлын тав хоногтоо шалгаад хариу өгдөг байх уу гэдгийг ярилцаж байна.
-Гурвалсан гэрээг цуцлах уу?
-Хотын даргын гаргасан бодлогын хүрээнд зарчмын өөрчлөлт орж байгаа. Үйлчилгээнүүдийг төрийн байгууллагууд мэдээллээ солилцож, иргэдэд чирэгдэл учруулахгүй байхаар зохицуулна. Мөн зөвлөж тусална. Энэ үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлнэ. Ингэхдээ цахим систем дээр сая ярьсан зайлшгүй хийх шаардлагатай гэрээг мөн оруулсан байгаа. Иргэн өөрөө гэрээний цахим хувилбарыг орж харна. Хувилбарын дагуу мэдээллээ оруулж, нягтлаад цааш явуулахад хороон дээрээ гэрээ нь шууд байгуулагдаж байгаа. Иймд иргэнд чирэгдэл үүсгэхгүй.
Сэтгэгдэл
Зочин [103.14.36.6] 2021-12-27 02:58:55
Мангар бацааныг болиулаач ээ
Зочин [192.82.75.114] 2021-12-26 07:23:22
Хүнд сурталаа
Зочин [172.58.136.88] 2021-12-25 23:31:25
Цүнх баригч алиа салбадай чи бүү донгос
zochin [192.82.74.27] 2021-12-25 12:26:40
uls orond muu urshigtai ,daramtlagch shalgagchdaa tsomhotgooroi
Зочин [59.153.114.106] 2021-12-25 06:10:02
ОРОН ТООГОО ЦОМХОТГООРОЙ