Олон тэрбумын төсвөөр хийдэг хяналтыг "хаяж", хотын утааг нэмсэн үү

Aдмин / Нийгэм

Хотын утаа гамшиг болж байсан цаг саяхан. Харин сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсноор Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувь бууруулж байв. Гэвч энэ жил хотын утаа дахин эрс нэмэгдэж хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Сайжруулсан түлшний чанар муудаж үйрмэг ихтэй, удаан уугиж байна гэсэн гомдол иргэдээс ирсний дагуу буруутны эрэлд гараад байгаа. Мөн энэ өвөл утаа ихэссэн нь сайжруулсан түлшний технологи, үйлдвэрлэлд алдаа гарсантай холбоотой гэсэн шүүмжлэл иргэдийн дунд үүсээд буй. Тэгвэл утаа ихэссэн шалтгаан нь хариуцдаг байгууллагууд хяналтын ажлаа хийдүүлж утааны эсрэг арга хэмжээ, түлшний чанарт тавих хяналт шалгалтаа зунаас хойш хийгээгүйтэй холбоотой гэсэн эх сурвалжийн мэдээлэл байгаа юм. Энэ ноцтой. Өмнөх жилүүдэд тогтмол хийгдэж ирсэн холбогдох байгууллагуудын хяналт, шалгалт өнгөрсөн зунаас эхлэлгүй явсаар утааны асуудал сөхөгдөхөөр тэд дуугарч эхэллээ гэж байна. Улаанбаатар хотын бүх товчоонд агаарын чанарыг сайжруулах бүс рүү түүхий нүүрс тээвэрлэж буй эсэхэд цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлын газраас 300 гаруй албан хаагч, хотын 171 хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч, 4500 орон тооны бус эргүүл хяналтын ажилтан нийт 6000 орчим ажилтан, албан хаагч утааны эсрэг хяналт тавьж ажилладаг. Тэд сайжруулсан түлшний дээжид хяналт тавьдаг байсан ч өнгөрсөн хугацаанд энэ ажил цалгарджээ. Харин ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр харж суусаар асуудал хүндрэхэд шалгалт хийсэн гэсэн мэдээлэл түгээж арьсаа хамгаалж байна гэх шүүмжлэл яригдаж эхэллээ.

Энэ асуудлаар НМХГ-ын агаарын чанарын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Угтахбаяраас тодруулахад “Зургаан товчоонд агаарын чанарын бүсэд түүхий нүүрс оруулахгүй байх, агаарын чанарын бүсээс сайжруулсан шахмал түлшийг гаргахгүй байхад долоон байцаагч хяналт тавьж ажилладаг. Хонхорын товчоонд орох, гарах чиглэлд хоёр байцаагч, бусад товчоодод нэг байцаагч ажиллаж байгаа. 2019 оноос хойш тогтмол хийж байгаа энэ хяналтаар он гарснаас хойш Нийслэл рүү түүхий нүүрс тээвэрлэсэн зөрчил гараагүй. Харин агаарын чанарыг сайжруулах бүсээс шахмал түлш гаргахыг завдсан 13 тохиолдол илэрсэн. Товчоодоос гадна нийслэлийн бүсэд түүхий нүүрсний хэрэглээ, утааны эсрэг авч хэрэгжүүлж буй бусад хяналтууд хэвийн үргэлжилж байна. Нийслэлийн 99 хороонд сайжруулсан түлшний хэрэглээтэй холбоотой хариуцсан байцаагч бий. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос урамшуулал авч ажилладаг орон тооны бус 4500 хяналтын ажилтан байдаг. Тэд долоо хоног бүр хяналт тавьж тогтмол ажиллаж байгаа” гэсэн юм.

Түүнчлэн хяналтыг зөвхөн хүйтний улиралд бус зун ч тогтмол тавьж ажилладаг гэв. Зуны улиралд сайжруулсан түлшний барьцалдуулагч түлдэг барилгын материал үйлдвэрлэгч газруудад хяналт тавьж есдүгээр сараас айл өрхүүд, борлуулалтын цэгүүдийн хяналтыг эхлүүлдэг гэж байна. Наймдугаар сараас хойш хийгдсэн шалгалтаар есөн ААН түүхий нүүрс түлсэн зөрчил гарсан бол гэр хорооллын өрхүүдэд тийм зөрчил илрээгүй гэдгийг мэдээлэв. Хяналт, шалгалтын дүнгээр 2019 онд агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс түлсэн 80 зөрчил илэрч байсан бол 2020 онд дөрөв, 2021 онд мөн дөрвөн зөрчил бүртгэгдсэн байна. Үүнээс харахад түүхий нүүрс түлэх зөрчил 2020 оноос өргөс авсан мэт эрс багассан байгаа юм. Харин сайжруулсан шахмал түлшний чанарын тухайд “Тавантолгой түлш” компанийн баруун, зүүн бүсийн үйлдвэрийн шахмал түлшний чанар болон үйлдвэрүүдийн гадна, дундын бүсэд нөөцөлсөн барьцалдуулагчаас энэ онд 45 удаа дээж авч шинжилгээ хийхэд стандартын шаардлага хангасан гэсэн дүгнэлт гарчээ. Мөн “Тавантолгой түлш” компанийн баруун үйлдвэрийн чанарын хяналтын хэлтсийн дарга Л.Баттулга “Мэргэжлийн хяналтын газраас хийсэн шинжилгээгээр сайжруулсан түлшний чанар стандартын шаардлага хангасан гэсэн дүн гарсан. Баруун болон зүүн бүсийн үйлдвэрийн түлшний чанар өөр байна гэсэн асуудал яригдаад байгаа. Үндсэндээ хоёр үйлдвэрийн орц найрлага ижилхэн байдаг. Монгол Улсын MNS:5679 стандартад тавьсан шаардлагыг хангаж байгаа. Нэгдүгээр сарын 7-9-ний өдрүүдэд хийсэн шалгалтаар зүүн, баруун үйлдвэрийн сайжруулсан шахмал түлшний шаталт, дулаан адилхан сайн байна гэсэн дүгнэлт гарсан” гэсэн юм. Энэ мэтээр хариуцсан байгууллагуудын зүгээс сайжруулсан шахмал түлшний хяналтыг тогтмол тавьж чанар хэвийн байгаа гэдэг тайлбарыг өглөө. Гэвч утаа яагаад нэмэгдсэнийг хэн ч тайлбарлаж чадахгүй байна.

Ингэж утаа нэмэгдсэнээр агаарт агуулагдах бохирдуулагч бодисын хэмжээ хүлцэх хэмжээнээс хэд дахин хэтрээд байгаа юм. Тиймээс Засгийн газар онцгой анхаарах шаардлагатай гэсэн үг. Хамгийн гол нь 2021 онд агаарын бохирдлыг бууруулахад зөвхөн Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос нийт 92.7 тэрбум төгрөгийг зарцуулаад байгаа ч үр дүн гараагүй. Харин ч эсрэгээрээ утаа нэмэгдсэн нь хачирхалтай. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Уртнасангийн 2021 оны дөрөвдүгээр сарын 9-ны өдрийн тушаалаар “Тавантолгой түлш” компанид шаардлага хангасан сайжруулсан түлшний үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэхэд 26 тэрбум, НЗДТГ-т шахмал түлшний хэрэглээ хяналтад 2.7 тэрбум, МХЕГ-т түүхий нүүрсийг хориглох шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээн дэхь хяналтад дэмжлэг үзүүлэхэд 1.1 тэрбум төгрөг болон ЭХЯ, ЗТХЯ, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, олон нийтэд зөв дадал суулгах мэдээлэл зэрэг бусад үйл ажиллагаанд зориулан нийт 49.2 орчим тэрбум төгрөгийг зарцуулжээ. Түүнчлэн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-ны тушаалаар дахин “Тавантолгой түлш” компанид шаардлага хангасан сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэхэд 27.4 тэрбум, БЗД-ийн ОНӨААТҮГ-т сайжруулсан шахмал түлшнээс гарч буй үнсийг ангилах, тээвэрлэлтэд 250 сая, ЭХЯ-нд гэр хорооллын айл өрхөд шөнийн цахилгааны үнийн хөнгөлөлтөд 15.5 тэрбум төгрөгийг хаяглан зарцуулаад байгаа юм. Өөрөөр хэлбэл 2021 онд 92.7 тэрбум төгрөгийг утааг багасгах цогц арга хэмжээнд зарцуулаад байхад утаа эргэн нэмэгдсэн нь хяналт, шалгалттай холбогдож байгаа юм. Үнэхээр чанарын асуудалгүй, агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс болон бусад бохирдуулагч түлш түлээгүй байхад утаа ихэссэн нь хяналт, шалгалт дутуу хийгдэж байх магадлалтайг харуулж байгаа хэрэг. Тэгвэл хариуцсан байгууллагууд ажлаа авч үлдэхийн тулд аргацаасан баримт хэлж байна уу, хяналт тавих ёстой 4500 орон тооны бус ажилтан хяналтын ажлаа хийдүүлж төсвийн мөнгийг үргүй зарлагадаж байна уу гэдэг асуудал гарч ирж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

irgen [202.9.40.95] 2022-01-19 09:43:24

Mash ih hurenge.munge urgui zarj.Songogdoh hurtlee tur argatsaaj bsan.Odoo hunii ami nasand ayul uchrahaar bolloo.Hezeech arilahgui.Demii irj bga mungee Oron suutsjuulah ajil hiih estoi.Gishuud toirog burtee shal demii 20.0 k.guril.nuurs taraaj enee margaashiig argatsaaj.dahij songogdohoo bodoj bn

Зочин [202.9.47.43] 2022-01-18 05:15:34

https://www.youtube.com/watch?v=2_ksUhbQ5q0

Зочин [66.181.160.105] 2022-01-18 05:14:22

Хяналт багадаагүй,олон шат дамжлагатай Агаарын бохирдолыг бууруулах газар,хотын мөн тийм газар өөрч бас юу билээ өчнөөн л байгууллага албан тушаалтнууд бүгдл хяналт тавих үүрэгтэй байдаг гэж ойлгогддог.Гагцхүү тэдгээр нөхөд ажилдаа эзний ёсоор хандаж тулж ажиллаж,шинийг эрэлхийлж ажилладаггүйн хар гайл нүүрэлсэнийх.Нийслэлд Автомашин хэт ихэдсэн тэднээс гаргаж байгаа хорт бодис,тэр католизатор хулгайлагддаг гэдэг нь үнэн байх.Хүрэлсүх амьд байгаа юу гэж асуумаар санагдах юм.Ерөөсөө ам нээж дууграхгүй суугаад байдаг.

зочин [119.40.103.6] 2022-01-18 04:58:12

2021 оны 4 сард Уртнасангийн тушаалаар олон тэрбум төгрөгөөр хяналт хийх сурталчилгаанд зориулж олон тэрбум төгрөг гаргажээ. Нэг жишээ ЭМЯ,ЗТХЯ, Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд 49,2 тэрбум төгрөг зарцуулжээ. Энд ямар сурталчилгаа хийв үр дүн юу гарав бдох зүйл их байна. Агаарын чанар муудсан шалтгаан. 1. Хөдөөнөөс шилжин ирэгсдийын тоо нэмэгдсэн 2. Автомашины катилазаторыг хулгайлж хятадруу гаргасан 3. Хэдхэн жилийн өмнө гэр хорооллын айлуудыг шаталт сайтай зуухаар бүрэн хангасан боловч эдний тал хувь нь зуухаа хөдөө гаргаж зарсан, ердийн зууханд галлагаа хийж өөрснөө угаартаж байна Утаа гамшгийн хэмжээнд хүрсэн тул 2-3 жил орон нутгаас шилжин ирэх хөдөлгөөнийг хязгаарлахгүй бол хот ачааллаа даахгүй болсон

Злчин [202.126.88.170] 2022-01-18 04:46:30

Ямарч хяналт шалгалтын дүн хэвийн стандартын хэмжээнд байна гэж гарсанч шахмал түлш ачаад борлуулах цэгүүдэд тарааж байгаа том оврын машины гадаад өнгө үзэмж,түлш борлуулж байгаа цэгүүдийн газрын өншийг нүдээрээ харсан дүгнэлт ямарч лаборторын шинжилгээний дүгнэлтээс ЗӨВ ҮНЭНД НИЙЦСЭН гарна .Өнгөрөгч жилүүдэд тээвэрлэлт хийдэг машины улсын дугаар харагддаг байсан,энэ жил тортог хөөндөө дарагдаад харагдахаа бодисон.

Иргэн [103.10.21.239] 2022-01-18 04:15:22

Хүүрэлсүг ерөнхийлөгч болтлоо түр аргацаасан хэрэг утаа хэзээч арилахгүйээ иргэдэд буруугаа тохсоор байх болно

зочин [192.82.69.139] 2022-01-18 02:24:15

Утаагүй гээд байгаа түлш чинь утаатай л байгаа шүү дээ_Мянга мянган пийшин утаагүй түлш түлээд гарч бхйгаа утаа ийм зэрэгт хүртэл бохирдуулах байлгүй дээ.Утаагүй гээд нэрлэчихээр утаагүй болчихдог юм биш шүү дээ

Зочин [202.9.47.43] 2022-01-18 01:36:35

Ийм л учраас би өмхий монголчуудыг үзэн яддаг. Дээд доодгүй амин хувиа бодсон бэртэгчингүүд.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.