Монгол хүн сансарт ниссэний 41 жилийн ой тохиож байна
Монгол хүн сансарт ниссэний 41 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14:58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн гэдэг.
Тэд сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж нийт найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан аж. Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг.
Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн Монголоос анхны, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн сансар судлалын түүхэнд бичигдсэн билээ.
Ж.Гүррагчаа 1947 онд Булган аймгийн Гурванбулаг суманд төрж өссөн. 1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дамжаанд суралцсан бөгөөд 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсжээ.
Тэрбээр 1978 оноос ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисэгчдийг бэлтгэх сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байна. Тухайн үед Ж.Гүррагчаа ардын армийн ахмад цолтой байжээ.
Түүнийг сансарт ниссэний дараа ЗХУ-ын баатар, БНМАУ-ын баатар цолоор шагнасан юм. Ийнхүү эх орныхоо алдрыг сансрын уудамд тамгалсан Ж.Гүррагчаа болон түүнтэй хамт сансарт нисэх бэлтгэл сургуулилт хийж байсан Майдарын Ганзориг нарыг “Сансрын нисгэгч” гэдэг эрхэм хүндтэй нэр алдраа түүхийн хуудаснаа бичин тунхагласан юм.
1981 оны гуравдугаар сарын 21. Энэ өдөр Монгол түмэн сансрын анхны нисэгчээ од гаригсийн оронд үдэж мордуулсан түүхтэй.
Тэр жирийн биш нэгэн өдрийг, тэр гайхамшигтай үйл явдлыг Монголын түүх мартахгүй ээ. Мартах ч учиргүй билээ. Хүн бүрийн царайд баяр бахдал гэрэлтэж харсан зүг бүхэнд “Монгол хүн сансарт нислээ” гэсэн зурагт хуудас нүд баясгаж байлаа. Сансар огторгуй гэсэн нэр томьёо 1950-иад оноос Монгол хэлнээ орж ирж. Тэгвэл сансрын нисэгч гэсэн үг 1961 онд ЗХУ-ын иргэн Ю.А.Гагарин сансарт анх ниссэнээр олны хүртээл болсон байдаг. Тэр үеэс яг 20 жилийн дараа Монголчуудын сансарт нисэх мөрөөдлийг биелүүлж талын малчны хүү Жүгдэрдэмидийн Гүррагчаа, ЗХУ-ын иргэн Владимир Жанибековын хамт “СОЮЗ-39” хөлгөөр сансарт нисч түүхнээ нэгэн алтан хуудас нээсэн. Тухайн өдрийн шөнийн тэг цагт тусгай кодтой дугтуй задарч Ж.Гүррагчаагийн зурагтай танилцуулга, тэмдэг Улаанбаатарын төв талбайгаас хаа холын баруун хязгаарын малчны гэрт хүртэл хүрсэн байдаг юм.
Хурган цас хаялсан намбагар дулаахан үүрээр хотын гудамжаар зорчих автобус унаа туг лоозонгоор чимэгдсэн, хүн бүрийн хараа дээшээ байж билээ. Сансрын “Салют-6”, “СОЮЗ-Т4”, “СОЮЗ-39” хөлгийн цогцолбортой Байконур дахь удирдах төвд сансрын нисэгч Ж.Гүррагчаа, В.Жанибеков, В.Коваленко, В.Савиных нартай хийж буй шууд ярилцлага телевизийн дэлгэцнээс удтал салаагүй.
Сансрын нисэгчдийн хөлөг дэх амьдрал бүр содон үйл явдал харагдаж байлаа. Монгол хүн сансарт нисэх үйл хэрэг 1976 оноос эхтэй байв. Тухайн үед МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн товчооны нууц тогтоолоор С.Жалан-Аажаваар ахлуулсан нислэгэд бэлтгэх комисс байгуулжээ.
Тэрнээс жилийн дараа сансарт нисэх бэлтгэлд Сүрэнхорлоо, М.Ганзориг, Ж.Гүррагчаа, Д.Сайнцог нарыг сонгон авч оддын хотхонд бэлтгэлд явуулсан юм. Тэднээс М.Ганзориг, Ж.Гүррагчаа нар үлдэж бүх шалгуурт бүрэн тэнцсэнээрээ Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, малчны хүү Ж.Гүррагчаа сансарт ниссэн нь тэр байлаа.
Сэтгэгдэл
Зочин [66.181.181.103] 2022-03-27 04:26:38
за больёо оросын пуужинд сууж ирчихээд юу бүтээсэн бэ хэн ч суугаад ирж чадна монголчуудаас
Zochin [202.9.47.51] 2022-03-23 01:35:46
Ebe 79 on geed bsn da kkk
Зочин [49.0.170.162] 2022-03-23 00:38:29
azidaa delhiid ene ter geheer ichmeer. zvgr hvni yumand ochij suuchihaad tervvgeeree ongirood shgd
Товуу [192.82.83.209] 2022-03-22 09:26:06
Энэ бол Мянгандаа мартагдхын аргагүй хоёр орны ард түмний баяр болсон. Хоёр Баатартаа 41 жилийн ойн баяр хүргэе.
Зочин [142.182.142.71] 2022-03-22 04:54:44
Zailoo
Мөнхжаргал [192.82.86.16] 2022-03-22 14:13:59
Тэнэг