ОУВС/Шри Ланка: Эдийн засгийн эрх болон зээл дэх авлигын асуудалд анхаарлаа хандуулах
Олон улсын валютын сангийн (ОУВС) Шри Ланкад хэрэгжүүлэх ирээдүйн аливаа хөтөлбөр нь бага орлоготой хүмүүсийн эрхийг хамгаалахын зэрэгцээ авлига, хууль дээдлэх ёсонд учирч буй саад тотгортой тэмцэх ёстой гэж “Хүний эрхийн хяналт” олон улсын ТББ-аас ОУВС-д илгээсэн захидалдаа дурджээ. Тус улсын эдийн засгийн хямрал нь эм тариа, түлш шатахуун, цахилгаан эрчим хүч зэрэг зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүний хомсдол, инфляцын огцом өсөлтийг үүсгэж олон сая хүмүүсийг цөхрөнгөө барсан, хүнд хэцүү байдалд хүргэж байна.
2022 оны 3-р сарын 31-ны өдөр ОУВС-аас удахгүй Шри Ланка Улстай зээлийн хөтөлбөрийн талаар хэлэлцээр хийж эхэлнэ гэдгээ мэдэгджээ. Сүүлийн долоо хоногт тус улсын эдийн засгийн ноцтой асуудлуудаас үүдэн нийслэл Коломбо хот болон орон даяар эсэргүүцлийн жагсаал нэмэгдэж байгаа нь ОУВС-гийн дэмжлэг яаралтай хэрэгтэй байгааг харуулж байна. Ерөнхийлөгч Готабая Ражапакса 4-р сарын 1-нд онц байдал зарлаж, дараа нь 36 цагийн хөл хорио тогтоож, олон хүн баривчлагдсан эсэргүүцлийн жагсаалыг дарахын тулд олон нийтийн сүлжээг хаасан байна. Засгийн газраас шаардлагагүй буюу хэт их хүч хэрэглэхийг хориглодог Олон улсын хүний эрхийн стандартын дагуу эсэргүүцлийн хариуг өгөх ёстой.
"Шри-Ланка Улсыг хамарсан эсэргүүцлийн жагсаал нь ард иргэдийн эдийн засгийн хүндрэлийн тод дохио юм" гэж “Хүний эрхийн хяналт” олон улсын ТББ-ын ядуурал, тэгш бус байдлын асуудал хариуцсан ахлах судлаач Сара Саадун хэлэв. "ОУВС болон Шри Ланка Улсын Засгийн газар нь ард иргэдийн наад захын хэрэгцээгээ хангах, өнөөгийн хямралын үндэс болсон асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх тохиролцоонд хүрэх ёстой."
Өнгөрсөн хоёрдугаар сард ОУВС-аас Шри Ланка Улсын Засгийн газар өнөөгийн хямралыг хэрхэн даван туулах талаар бодлогын зөвлөмжийг багтаасан 4 төрлийн тайланг гаргасан. Энэхүү тайланд орлого, нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх, эрчим хүчний татаасыг хасах, төрийн албаны цалингийн санг "зөвшилцөх" замаар тодорхой хэмжээнд хүргэх төсвийн томоохон нэгтгэх төлөвлөгөөг тусгасан байна. Тэрээр эдгээр зохицуулалт нь бага орлоготой хүмүүст сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг хүлээн зөвшөөрч, Засгийн газар нийгмийн хамгааллын сүлжээг бэхжүүлж, "Зардлыг нэмэгдүүлэх болон хамрах хүрээг өргөжүүлэх" замаар нөлөөллийг бууруулах ёстой гэж мэдэгдэв.
ОУВС болон Засгийн газар амьжиргааны өртгийг нэмэгдүүлэх аливаа зохицуулалт хийхээсээ өмнө нийгмийн хамгааллын хөтөлбөрүүдэд зохих хөрөнгө оруулалтыг хийхэд нэн тэргүүнд анхаарах ёстой гэж “Хүний эрхийн хяналт” олон улсын ТББ-аас үзэж байна. Дэлхийн банкны тооцоолсноор Шри Ланка Улсын нийт хүн амын 11.7 хувь нь өдөрт 3.20 ам.доллароос бага орлоготой байна. Дэлхийн банкнаас "Ядуучуудын талаас бага хувь нь Шри Ланка Улсын нийгмийн хамгааллын сүлжээ болох Самурдхагийн тэтгэмжийг хүртэж байна" гэж тооцоолсон бөгөөд тэтгэмж нь үндсэндээ хангалтгүй хэвээр байна.
Гуравдугаар сард инфляц 18 гаруй хувьд хүрч, эдийн засгийн хүндрэлийг улам хурцатгасан ба Шри Ланка Улсын рупигийн ханш хурдацтай буурч, эм, эрүүл ахуйн бүтээгдэхүүн, хоол хүнс, шатахуун зэрэг импортын хэрэгцээт бараа хомсдож, олон хүнд хүртээмжгүй, худалдан авалт хийх боломжгүй болгож байна.
Засгийн газрын сүүлийн үеийн шийдвэрүүд нийгмийн хөрөнгө оруулалтад хүрэлцэхүйц хөрөнгө хуваарилагдах эсэх талаар санаа зовоож байна. 2022 оны төсөвт Батлан хамгаалах яаманд хамгийн өндөр буюу 373.1 тэрбум рупи (1.86 тэрбум ам.доллар) хуваарилсан нь өмнөх оноос өссөн бөгөөд нийт зардлын 14.89 хувийг эзэлж байна. Эрүүл мэндийн яаманд үүнээс хоёр дахин бага буюу 158 тэрбум рупи (790 сая доллар) хуваарилсан нь Ковид-19 тахлын тархалтыг үл харгалзан өмнөх оноос буурсан байна. Батлан хамгаалах яамны төсвийн зарим хэсгийг иргэний хяналтаас тэр дундаа ноцтой хүчирхийлэлд холбогдсон тагнуулын албадын төсвөөс хассан. Үүнд: хүний эрхийн хохирогчдын ар гэрийнхэн болон иргэний нийгмийн идэвхтнүүдийг тагнаж, дур зоргоороо баривчилсан гэх мэт үйлдлүүд орно.
Сүүлийн жилүүдэд ОУВС нь авлигатай тэмцэхэд улам их анхаарал хандуулж, “авлига нь тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг сааруулдаг” гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Ялангуяа ОУВС Шри Ланка Улсад авлигын асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн шинэчлэл хийх нь чухал юм. 2019 онд төрийн эрхийг авсан “Ражапаксагийн Засгийн газар” нь бие даасан байгууллагуудыг сулруулж, олны анхаарлыг татсан хэргүүдийг мөрдөн байцаах, яллахаас урьдчилан сэргийлэх замаар санхүүгийн ил тод байдал, хариуцлагыг хаах зорилгоор удаа дараа арга хэмжээ авч байсан.
2020 онд батлагдсан Шри Ланка Улсын Үндсэн хуульд оруулсан 20 дахь нэмэлт өөрчлөлт нь шүүхийн бие даасан байдал, түүнчлэн Үндэсний аудитын газар, Авлига, хээл хахуулийн хэргийг мөрдөн шалгах комисс зэрэг гол байгууллагуудын хараат бус байдлыг алдагдуулсан юм. Ингэснээр олон тооны томоохон авлигын хэргийг комисс, Ерөнхий прокурор эргүүлэн татсан эсвэл шүүхээс хэрэгсэхгүй болгосон.
“Ражапаксагийн Засгийн газар нь идэвхтнүүд болон төрийн бус байгууллагуудыг эрчимтэй ажиглах замаар иргэний нийгмийн байгууллагуудыг дарангуйлж, олон нийтийн Засгийн газарт хариуцлага тооцох чадварыг бууруулж байна.
“Хүний эрхийн хяналт” олон улсын ТББ-аас ОУВС-д өгсөн зөвлөмжид дараах зүйлс орно. Үүнд:
·ОУВС-аас 2019 онд баталсан нийгмийн зардлын стратегийн дагуу Шри Ланка Улсын бага орлоготой иргэдэд үзүүлэх аливаа зохицуулалтын хүлээгдэж буй шууд болон шууд бус нөлөөллийг үнэлж, сайн боловсруулсан нийгмийн хамгааллын хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэргээр зохих арга хэмжээг авах.
·Нийгмийн хамгааллын зардлын доод хэмжээг гүйцэтгэлийн шалгуурт оруулж тэдгээрийг хэрэгжүүлэхээс өмнөх аливаа нөлөөг зөөлрүүлэх болон нийгмийн хамгаалалд оруулах хөрөнгө оруулалтаар хүмүүсийн эдийн засгийн эрхийг хангалттай хамгаалах асуудлыг бататгах хэрэгтэй.
·Ядуу иргэдэд дарамт учруулахгүй татварын шаталсан арга хэмжээг хэрэгжүүлэх.
·Төрөөс санхүүжүүлж амаржсаны чөлөө олгох, сарын тэмдгийн эрүүл ахуйг хангах зэргээр саад бэрхшээлийг бууруулах замаар эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэх.
·Эдийн засгийн өсөлт, авлигатай тэмцэхэд чухал үүрэгтэй шүүх эрх мэдэл, Ерөнхий аудитор, Ерөнхий прокурор, Авлига, хээл хахуулийн хэргийг мөрдөн шалгах комисс зэрэг байгууллагуудын хараат бус байдлыг сэргээх шинэчлэлийг оруулах.
·Шри Ланка Улсын Засгийн газраас авлигын хэргүүдийн бие даасан мөрдөн байцаалтыг сэргээж, буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэхийг шаардах.
"Шри Ланка Улсад эдийн засгийн тусламж хэрэгтэй байгаа ч ОУВС-гийн хөтөлбөр үр дүнтэй байхын тулд үүнийг сайтар зохицуулж, зохих ёсоор хэрэгжүүлэх ёстой" гэж Саадун хэлэв. "Шинэчлэл нь ард түмнийг эдийн засгийн хүндрэлийг хүндрүүлэх биш харин ч хөнгөвчлөх ёстой."
Сэтгэгдэл
Зочин [66.181.191.120] 2022-04-13 09:59:10
buthgui avilgaltai uls ym shig bgaan
Зочин [66.181.161.61] 2022-04-15 02:57:11
Манайхтай яг адилхан юм байна даа