Орон сууцны хороолол дундах орц, гарц хаасан хашаа, хайсыг буулгаж, цэгцэлнэ

Aдмин / Нийслэл

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 11 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 80.8 хувьтай байв. Тухайлбал, хөрөнгө оруулалтаар хэрэгжих ажлуудын газар чөлөөлтийг эрчимжүүлэх үүрэг өгсөн. 2021-2022 он дамжин хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтын ажлын 59 байршилд газар чөлөөлж байгаагаас 19-ийнх нь газар чөлөөлөлт бүрэн дуусаж, дуусах шатандаа орсон 10 байршил байна. Харин 2022 онд хэрэгжих хөрөнгө оруулалтын ажлаас 62 байршилд газар чөлөөлөхөөс 12 нь бүрэн дуусжээ.

77 ГА ТАЛБАЙД ЦЭВЭРЛЭГЭЭ, УРГАМАЛЖУУЛАХ АЖИЛ ХИЙВ

Нийслэлд худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг орчныхоо 50 метр хүртэлх талбайн өнгө үзэмжийг сэргээх, цэвэрлэх ажлуудыг тогтмол зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж, 1092 аж ахуйн нэгжийн 1700 гаруй ажилтан хамрагдаж, байгууллагынхаа ойр орчмыг цэвэрлэж, 105 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хаяжээ. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх, мод тарих, ургуулах, төгөлжүүлэх, арчлах, зүлэгжүүлэх, харшлаас сэргийлж хогийн ургамлыг устгах, модны хөвөн хийсэхээс урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулах үүрэг өгсөн. Тэгвэл 77 га талбайд цэвэрлэгээ, ургамалжуулах ажил хийжээ. Мөн Хот тохижилтын газар 52.9 га талбайн арчилгаа, цэвэрлэгээг хийв.

Мөн дүүргүүдийг өөрсдийн нутаг дэвсгэрт байгаа усан оргилууруудыг тавдугаар сарын 20-ны дотор ажиллуулах үүрэг болгосон. Тэгвэл нийт 31 усан оргилуурын засвар, шинэчлэлийн ажил 30-75 хувийн гүйцэтгэлтэй байна. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд барилга, байгууламжтай холбоотой өргөдөл хамгийн олон буюу 12 хувийг эзэлж байна. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт сайжирч байгааг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга онцолж байлаа.

УРИН ДУЛААНЫ УЛИРАЛ ЭХЭЛСЭНТЭЙ ХОЛБООТОЙГООР ХУР ХОГИЙН ЦЭГ ҮҮСЭЖ БАЙНА

Хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, явган хүний замын тэмдэглэгээ, орц, гарц, сургууль орчмын хурд сааруулагч, хүүхдийн тоглоомын талбайг засаж сэлбэх, ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх талаар ямар ажлууд хийж байгааг дүүргийн удирдлагуудаас Хотын дарга тодруулсан. Дүүргийн удирдлагууд хүүхдийг эрсдэлээс хамгаалах, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байгаа ч дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор хур хогийн цэг үүсэж байгааг онцолж байв. Мөн гарааш чөлөөлтийн ажлууд эрчимтэй үргэлжилж байгааг хэлж байлаа. Тухайлбал, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “Найман хороонд иргэдтэйгээ хамтран тохижилтын ажил хийж байна. 100 гаруй гарааш буулгаж, иргэдийн оролцоотой ногоон байгууламж байгуулахаар зорьж байгаа. Ингэснээр ногоон байгууламжаа 30 хувиар нэмнэ гэж тооцсон. Хороо бүрээс 40 иргэнийг иргэний бүлэг болгон ажиллуулж, 360 хүн ногоон байгууламж, тохижилт, хог цэвэрлэгээнд ажиллаж байна. Гэрэлтүүлэг, ногоон байгууламж, тохижилтын ажил хэвийн үргэлжилж байгаа” гэсэн бол Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор хур хогийн цэгүүд үүсэж байна. Хүй 7 худагт л гэхэд зургаан төвлөрсөн хогийн цэг үүссэнийг өөрсдийн дотоод нөөц бололцоогоор цэвэрлэсэн. Төвлөрсөн 500 гараашийг чөлөөлж, бүтээн байгуулалт хийхэд бэлэн болсон” хэмээв.

Баянзүрх дүүргийн хувьд сургууль орчмын аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллаж байна. Мөн 160 мянга гаруй мод тарихаар төлөвлөжээ.

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аян зохион байгуулж, эрсдэлтэй газруудаа тодорхойлон, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилласан. Хог хаягдлын хувьд хүний нөөц хомсдож, машин, техник эвдэрч байна. Ачигч, жолооч нар барилгын ажил эхэлсэнтэй холбоотойгоор өндөр цалин амласан газар ажиллаж байгаа. Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор зуслангийн бүсэд хогийн цэг үүсэж байна. 500 гаруй хашаа, хайсыг буулгаж, ногоон хайс тарах ажлыг эхлүүлсэн” гэв. Мөн нийтийн эзэмшлийн зам, талбайд ТҮЦ байгуулж байгаа хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгааг ч хэлж байлаа.

Хотын дарга бизнес эрхлэгчдээ дэмжиж байгаа хэдий ч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэнд халдаж болохгүй гэдгийг тодотгов.

“АМРАЛТЫН ӨДРИЙН ХУДАЛДАА”-Г ТОГТМОЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх инженерийн болон гүний, гадаргын усны өнөөгийн байдал, хэрэглээ, хангамжийн талаар Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын Ц.Төрхүүгээс тодрууллаа. Тэрбээр “Улаанбаатар хотын иргэдийн хоногийн усны хэрэглээ 160-170 мянган метр куб байна. Саарал усыг ашиглаж байгаа томоохон нэг л байгууллага бий. Машин угаалгын 134 аж ахуйн нэгж, иргэн байгаагаас 34 нь ус ашиглах нацос, тоног төхөөрөмж суурилуулсан. Манай байгууллагын зүгээс дээрх 134 байгууллагад саарал ус хэрэглэх шаардлага тавьж байна. Хил хаасантай холбоотойгоор тоног төхөөрөмжөө авч чадахгүй байгаа гэдэг тайлбар хэлж байгаа” гэлээ. Хотын дарга дээрх асуудлыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар танилцуулж, шаардлагатай бол журам гаргах эсэхийг судлахаар болов.

Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, худалдаа, үйлчилгээ чөлөөтэй эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн зам талбайд “Амралтын өдрийн худалдаа’’ зохион байгуулж байгаа. Дүүргүүдийн удирдлагууд “Амралтын өдрийн худалдаа”-г тогтмол зохион байгуулж байгааг хэлж байлаа. Мөн Төмөр замын 1000 машины зогсоол дээр хүнсний ногооны худалдаа зохион байгуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам, талбайд хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлагыг хангасан хоол, хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэх боломж олгон, дэмжиж ажиллах ажлын талаар Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам “Түргэн хоолны цэг байгуулахтай холбоотой Монгол Улсад мөрдөж байгаа гурван стандарт бий. Бид эдгээр стандартын талаар аж ахуйн нэгжид заавар, зөвлөгөө өгч, зөвлөн туслах боломжтой. Түргэн хоолны цэгийг гудамж, талбайд ажиллуулах талаар төрийн бус байгууллагуудтай уулзаж, стандарт батлах талаар ажиллаж байгаа” хэмээв. Хотын дарга эрүүл ахуйн шаардлага хангасан аж ахуйн нэгж, иргэдийг дэмжиж ажиллаарай гэсэн юм.

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ДУУДЛАГА НЭМЭГДЖЭЭ

Болзошгүй гамшгийн үед ашиглах түр орон байрны хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал боловсруулж танилцуулах ажлын явцын талаар Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Ажлын хэсэг байгуулж, нийслэлийн хэмжээнд түр орон байраар ашиглаж болох 631 газрыг судалж, сонгосон. Орц, гарц, эрүүл ахуйн байдлыг судалж ажиллахаар төлөвлөгөө гаргасан. Мөн түр орон байраар ашиглаж болох байруудын талаар судалгаа хийж байгаа” гэлээ.

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Жавхлантбаатар “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 1421 зөрчлийн таслан зогсоолоо. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осол болон хэрэгт холбогдсон 25 зөрчлийг шалгаж байна. 14 хоногийн хугацаанд 3530 дуудлага хүлээн авснаас 3483 зам, тээврийн осол бүртгэгдэж, 51 хүн гэмтсэнээс 39 нь явган зорчигч байна. Зам, тээврийн осол хэргийн дуудлага нэмэгдсэн” хэмээлээ.

ХҮҮХДИЙГ ЭРСДЭЛД ӨРТӨХӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө. Тухайлбал,

  • Нийслэлд авто зам болон инженерийн шугам сүлжээний засварын ажлууд эхэлсэнтэй холбогдуулан тухайн орчны зам талбайн хөдөлмөр аюулгүй байдал, замын хөдөлгөөний зохицуулалт, аюулгүй байдлыг сайтар хангаж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
  • Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам, талбайд хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлагыг хангасан хоол, хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэх боломж олгон, бүх талаар нь дэмжлэг үзүүлж ажиллах.
  • Нийслэлд худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг орчныхоо 50 метр хүртэлх талбайн өнгө үзэмжийг сэргээх, цэвэрлэх ажлаа эрчимжүүлж ажиллах.
  • Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас СӨХ-ны дээд зөвлөлтэй хамтран дараах чиглэл хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Үүнд:
    • Орон сууцны хороолол дундах зөвшөөрөлгүй, өнгө үзэмжгүй, орц, гарц хаасан хашаа хайсыг буулгаж, цэгцлэх.
    • Түргэн тусламж болон гал унтраах автомашин хороолол руу чөлөөтэй нэвтрэх нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллах.
    • Орчны эрүүл ахуй, ариун цэвэр, хог цэвэрлэгээ, тээвэрлэлт, тохижилтын ажлуудыг зохион байгуулах.
  • Хороодын Засаг дарга нар нутаг дэвсгэрийнхээ нийтийн эзэмшлийн газар, зам талбайн, орчны эрүүл ахуй, хог хаягдал, ариун цэврийн байдалд хяналт тавих, иргэдийн оролцоог хангах ажлуудаа эрчимжүүлж, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллах.
  • Хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор цахилгааны ил гарсан утас, ухсан нүх, явган хүний замын тэмдэглэгээ, орц гарц, сургууль орчмын хурд сааруулагчийг засаж сайжруулах, стандартад нийцүүлэх, хүүхдийн тоглоомын талбайг засаж сэлбэх, эзэнгүй нохой, мууранд хазуулахаас урьдчилан сэргийлэх ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах.
  • Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээ, “Улаанбаатар Марафон 2022” олон улсын гүйлтийг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан байгууллагууд хариуцсан чиг үүргийн ажлаа богино хугацаанд эрчимтэй зохион байгуулж, нэгдсэн арга хэмжээний бэлтгэл ажлаа сайтар хангаж ажиллах.
  • Иргэд олон нийтийн амгалан тайван байдал, нийгмийн хэв журам, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг ханган, хяналт тавьж ажиллах.
  • Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол, албан бичгийг бүх талаас нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд иргэнд хариу өгч ажиллахыг тус тус үүрэг болгов.


Сэтгэгдэл

зочин [122.201.31.208] 2022-05-18 00:17:38

Ашгүй дээ, хүн явах аргагүй болтлоо төмөр хашаа хэт их болсныг цэгцлэх нь дээ. Явган хүний зам дээрх ба нийтийн тээврийн буудлын дэргэдэх ТҮЦүүдээ зайлуулаач ээ. ТҮЦгүй сайхан цэвэрхэн хот болоосой. Захын гэр хорооллууд дахь ба орон сууцны дундах 8 нэрийн хүнсний дэлгүүр гэх нэртэй архины дэлгүүрүүдээ мухлагуудаа хаагаач ээ, эсвэл тэнд архины зарах зөвшөөрөл битгий олгооч ээ.

Зочин [202.55.191.194] 2022-05-17 12:02:35

10-р хорооллын шээс үнэртсэн граш, хоёр давхар hotel нэртэй янхны газруудаа буулгаачээ,

чингэтэй дүүрэг [202.9.40.194] 2022-05-16 22:18:32

чингэлтэй дүүрэг 3-р хороо Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэгийн барилга барих гэж байгаа орчин

Зочин [122.201.21.6] 2022-05-16 21:37:14

. Социализмын үеийн сэтгэлгээгээр ядарсан иргэдийн өмчийг дээрэмдэхээс өөр хийсэн гэх ажил даан ч байхгүй дээ. Хийе гэх сэтгэл байхгүй. Автобусаа хар даа. Хотын дарга болоод юу хийв? Гарааш нураасан, хайс буулгасан л гэх байх даа....

Зочин [202.9.40.94] 2022-05-16 16:20:20

БЗД-ын 16 хорооны 72 хотхоны грашнууд буулгана гээд хэдэн сар боллоо . Гудаж замаа чөлөөлмөөр байна бөөн хог хүн нохойн шээч элдвийн хог .энэ гудмыг анхааралдаа аваачээ

Unshigch [202.126.88.159] 2022-05-16 15:50:28

Heden sariin omno l hashaa hais buulgana gesen. Bairni hashaa hais heveeree l baina. Harin ch ulam nemeed barisan bgaa shuu

ИРГЭН [202.126.88.146] 2022-05-16 15:38:08

НАРНЫ ЗАМЫН ХУЧИЛТ, БОРЖУУР СУУЛГАЛТ, ОЛИМПИЙН ГҮҮРНИЙ КОЛЬЦООНЫ ЗАСВАРЫГ 4 САРААС ХЭДЭН ХЭДЭН ХУЖАА ИРЖ ХИЙЖ ДУУСГАЖ БАЙНА. МАНАЙХАН 3 ЖИЛ НОЦОЛДООД ДИЙЛЭЭГҮЙ АЖЛЫГ ХУЖАА НАР МААНЬ САРЫН ДОТОР Л ХИЙЖ БАЙНА. МАНАЙХАН ҮНЭХЭЭР АЖИЛ ХИЙЖ СУРААГҮЙ БАЙНА. НИЙГЭМ НЬ ХҮМЭЭСЭЭ ЧӨЛӨӨТЭЙ БАЙЛГААД СУРЧИХСАН БОЛОХООР ИЙМ БАЙДАЛД ХҮРДЭГ ЮМ БАЙНА. ХОТЫН ТЕНДЕРҮҮДИЙГ ХУЖАА НАРТ Л ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДАРГА НАРАА. БИ БАЙНГА АЖИГЛАЖ ХАРДАГ МАНАЙХАН ӨДӨРТ 3 ХҮН АЖИЛДАГ 1 ШИЛ КОЛОО ХУВААЖ УУДАГ ТЭГЭЭД ҮДЭЭС ХОЙШ ЯВААД ӨГДӨГ ТЭГЭЭД Л БОЛОО.

Зочин [66.181.180.66] 2022-05-16 15:18:33

Олимпийн гүүрний орц гарцны асуудлыг цэгцлэх ажлаа эхлүүлнэ үү? Зөвлөлийн хурлын шийдвэр гараад 1 сар боллоо. Эхэлсэн зүйл огт алга.

Иргэн [43.242.242.28] 2022-05-16 14:33:32

Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутагт байгаа БХБЯ ны эзгүй хашааг цэгцлүүлж өгөөч. Яамны албан хаагчид нь утсаа авахгүй, эзэнгүй хашаагаар дүүрэн гудамжны архичид, хог, золбин ноход,хашааны хажуугаар явах маш их эрэсдэлтэй байна. Хорооны хэсгийн ахлагч нар, хорооны эрх мэдлээс хэтрээд арай л дэндэж байна анхааралдаа аваач ээ

zochin [202.9.40.92] 2022-05-16 13:56:13

1000 udaa yrilaa.BG 5r horoo.Nomin delguuriin ard 80 bairni hajuud hogoor duuren hashaa 10 jil hashaatai.bairni mashinuud bagtahgui bn.Hashaag avch gazriig n orshin suugchdad eģeech.Uom unshij chaddag uomuu.100 udaa bichij bn Gambaatar gishuun ch shiidehgui 8 jil bolj bn


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.