Бурхан халдуны түүхэн дурсгалуудыг цаг тооллоор нь баримтжуулна

Aдмин / Шинжлэх Ухаан

Өдөр ирэх тусам алсран холдож буй өв соёлоо түгээн дэлгэрүүлж, хайрлан хамгаалах нь бидний үүрэг хариуцлага билээ. Тиймээс Зууны мэдээ сонин “Өв соёл” буландаа эртний ховор олдвор хийгээд, өвлөн уламжлагчиддаа цувралаар хүргэж буй. Бид энэ удаа монгол түмний түүхэн цаг хугацаа, өв соёлыг тээн буй төрийн тахилгат Бурхан Халдун уулын тухай мэдээллийг онцолж байна.

Дэлхий дахинаа үнэлэгдсэн байгалийн өвөрмөц тогтоц бүхий түүхийн өлгий

Уг хайрхан нь Хэнтийн нуруунд багтах уул юм. Их эзэн чингис хааны төрсөн нутаг бөгөөд түүний булш байдаг гэсэн домогтой, Монгол түмний эрхэмлэн шүтдэг уул билээ. Монголчууд тус хайрханыг “Хадун хайрхан” хэмээн нэрийддэг байсан бол сүүлд Буддын шашны нөлөөгөөр Бурхан гэдэг нэршил нэмэгдэж “Бурхан Халдун”хэмээх болсон түүхтэй. Уг хайрхан нь ар өврөөрөө битүү модоор хучигдсан, зөвхөн орой хавьдаа сийрэг модтой, тайгын тачир ургамалтай бөгөөд дээд, дунд, доод гэсэн гурван овоотой байна. Уулын орой нь цэлийсэн том талбайтай бөгөөд дунд хэсэгт хүний гараар хийсэн гэмээр хөмөрсөн тэвш мэт тавцан нь байгалийн гайхалтай тогтоцтой. Мөн арван давхар барилгаас ч өндөр энэ уулан дээрх шовгор нь дээд овоо юм. Харин дунд овооноос орчим метрийн голчтой том хүрэл тогоо бий. Уулын орой дахь их овооноос уруудаад энгэр талын зуйвандуу хавцалд тунгалаг сайхан нуур цэлийн харагддаг. Түүхэн судалгаа шинжилгээнд үндэслэн ШУА-ийн газар зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Базаргүр нэгэн шинэ санаа дэвшүүлсэн бөгөөд тэрбээр “Тэмүжин Бүрги эрэг гэдэг газар нутаглаж байхад тайчууд дайлан ирж Тэмүжин Бүрги эргээс 24 километрт орших Мөнхжаргалан уулын зүг өдөртөө зугтаасан. Энэ ууланд тэр олон жил амьдарсан. Тийм учраас энэ уул бол жинхэнэ төрийн тахилгатай Бурхан Халдун уул байх ёстой” хэмээсэн байдаг. 1818 оноос албан ёсоор тахилга үйлддэг болсон. 1992 онд 12 мянган км квадрат талбайг Хан Хэнтийн тусгай хамгаалалттай бүс хэмээн тогтоож, төрийн хамгаалалтад авч 1995 онд ерөнхийлөгчийн зарлигаар Бурхан Халдун уулыг төрийн тахилгат уул болгосон юм. Харин 2015 онд Монгол улсаас дэвшүүлж,Германы Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганаас “Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” хэмээх нэрээр Дэлхийн соёлын өвд бүртгэж авсан. Ингэснээр Монгол түмний гайхалтай соёлын өв болсон хайрхан маань дэлхий дахинаа үнэлэгдэж хүн төрөлхтний цаашид ирээдүй хойч үедээ энэ соёлыг хадгалж, хамгаалж үлдээх том соёлын нэг болсон билээ. ЮНЕСКО-гийн Дэлхийн өв арван шаардлагыг тусгасан байдаг аж. Харин Бурхан Халдун уул Байгалийн давтагдашгүй тогтоцтой. Мөн Монголын утга зохиол хийгээд түүхэн хүнтэй холбоотой гэсэн хоёр шалгуурыг хангасан байна. Бурхан Халдун хайрхан болон түүнийг хүрээлсэн газар нутгийг дэлхийн өвд бүртгүүлэхэд Уртнасангаар ахлуулсан баг ажиллажээ.

“Түүх, архелоги, соёлын өвийн үндэсний төвтэй хамтарч судалгааны ажлууд хийж байна”

Байгалийн тогтоц бүхий газар нутгийг онгон дагшин байдлаар нь ирээдүй хойчдоо өвлүүлэхийн тулд тусдаа хариуцсан байгууллагатай байх ёстой гэж үзсэн учраас 2018 онд Бурхан Халдун уул түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргааг байгуулжээ. Өмнө Хан хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар давхар хариуцаж байжээ. Тус захиргааны даргаар Г.Чинболор ажиллаж байгаа бөгөөд бид түүнтэй ямар ажлууд хийж хэрэгжүүлж байгаа, байгалийн цогцолборт Бурхан Халдун уулыг аялал жуулчлалын ямар чиглэлээр илүү хөгжүүлэх боломжтой талаар ярилцсан юм. Тэрбээр “Байгууллагын урт болон богино хугацааны менежментийн төлөвлөгөө гаргасан. Уг төлөвлөгөөндөө дэлхийн өв болсон Бурхан Халдун уулыг хэрхэн хайрлан хамгаалж, ирээдүй хойч үедээ түгээн дэлгэрүүлэх вэ, ямар аялал жуулчлалтай холбовол эх төрх унаган байдлаар нь авч явах вэ зэргийг тусгасан. Уг менежментийн төлөвлөгөөг гаргасны дараа Үндэсний комисс дахин хянаж Юнеско-д хүргүүлсэн. Бурхан Халдун уул түүхийн их ач холбогдолтой. Монголчуудын тахиж шүтдэг уул, ус эргэн тойронд нь оршдог. Тухайлбал, Мөнгөнморьт руу Эрдэнэ уул, Батширээт, Өмнөдэлгэр сумын нутагт байгалийн онгон дагшин ой сав бүхий газрууд бий.Тиймээс түүх, археологи, соёлын өвийн үндэсний төвтэй хамтарч судалгааны ажлууд хийж байна. Өнгөрсөн жил соёлын биет бус өвийг тээж байгаа өвлөн уламжлагчдын тухай дата бааз үүсгэж баримтжуулсан” гэлээ.

“Уул ус хайрхандаа хүндэтгэл үзүүлэхдээ хадаг, идээ, будаа орхихгүй байхыг уриалъя”

Бурхан Халдун уул түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаа нь 12 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Төв аймгиийн Мөнгөнморьт сумыг дагнасан газрыг харьяалж ажиллаж байгаа юм. Мөн орон нутагт харуул, хамгаалалтын албанд дөрвөн хүн ажиллаж, булш, хиргисүүр гэсэн түүхийн үл хөдлөх дурсгалуудын бүрэн бүтэн байдлыг шалгаж, давхар түүхийн судалгааны ажлууд хийдэг байна. Мөн Бурхан Халдун уул түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаа байгуулагдсанаас хойш үл хөдлөх дурсгалуудыг тоолж, бүрэн бүтэн байгаа, эрсдэлд орсон эсэхийг шалгаж байгаа аж. Түүхэн дурсгалуудад эрсдлийн үнэлгээ хийж байна. Үнэлгээ энэ оны сүүлээр гарна. Энэ цаашдаа түүх дурсгалын ажил дээр юуг анхаарах гэдэг нь тодорхой болно гэсэн үг. Судалгаа сурталчилгааны хэсгийн архелогич, байгалийн өвийн бүртгэл мэдээллийн санч болон судалгаа сурталчилгаа хариуцсан мэргэжилтнүүд түүхэн дурсгалуудыг цаг тооллоор нь тодорхой болгож, мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байгааг Г.Чинболор хэлж байлаа. Мөн өнгөрсөн жил Бурхан Халдун VR гэсэн үзэсгэлэн гаргасан нь хүмүүст их хүрчээ. Энэ нь цахим хэлбэрээр Улаанбаатараас Бурхан Халдун руу аялж, соёлын өв, түүхэн дурсгал гэж юу вэ гэдгийг таниулах сурталчилах зорилготой байна. Бурхан Халдун уулыг таван жилд нэг удаа тахидаг бөгөөд 2020 онд тахиж байсан юм. Мөн хүмүүс тахилга өргөхдөө сүү, хэвийн боов, тавихаас гадна хадаг их уядаг. Энэ нь эргээд байгальд сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс уул ус хайрхандаа хүндэтгэл үзүүлэхдээ хадаг, идээ, будаа орхихгүй байхыг Бурхан халдун уул түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга Г.Чинболор уриалж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:35

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:35

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.